Д.Сумъяабазар. Монгол Улсын аварга. Д.Долгорсүрэн зааны хоёр дахь хүү, Их аварга Д.Дагвадоржийн ах. НИТХ-ын төлөөлөгч энэ эрхэм "Улс төрийн тойм" сонины "Ярилцах танхим"-ын VIP зочноор уригдлаа.
-Асашёорюү ирэх сонгуульд өрсөлдөх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед анхаарал татах боллоо. Өөрөө ч иймэрхүү зүйл ярьсан бололтой. Энэ талаар тантай зөвлөсөн үү?
-Их аварга дүүгийн минь талаар "Улс төрд орчихсон", "Сонгуульд өрсөлдөх гээд Өвөрхангайн тойргийг авах гэж байна", "”Сонгинохайрханд ахынхаа тойргоос өрсөлдөнө", "Ардчилсан намд орох гэж байна" гэхчилэн янз бүрийн яриа сонсогдох боллоо. Бодит байдал дээр тодорхой шийдвэр гаргаагүй байгаа шүү дээ.
-Дагваа аварга өөрөө улс төрд ихээхэн сонирхолтой болоод байгаа юм биш үү. Үүнд буруу зүйл юу байна. Яагаад болохгүй гэж?
-Тийм ээ. Ер нь улс төр сонирхдоггүй хүн гэж байдаг юмуу. Зөв талаас нь сонирхвол зүгээр. Буруу талаас нь хөглөөд эхэлбэл харин хэцүү л байх.
-Та яагаад Ардын намыг сонгож элссэн юм бэ?
-Тэр үед би нам бус байлаа. Хожим нь өөрийнхөө үзэл бодлоор Монгол Ардын Намд элссэн. Зүүний үзэл баримтлал манай улсад хэрэгтэй гэдэг үүднээс сонголтоо хийсэн.
-Саяхан болтол Японы сумогийн дэвжээг байлдан дагуулж, арлын улсад Монголын нэрийг дуурсгаж байсан Их аварга маань дэвжээнээсээ хөөгдлөө. Сэтгэл санаагаар унаж байгаа нь гарцаагүй. Та ахын хувьд энэ хүнд мөчид дүүдээ юу хэлж байсан бэ?
-Угаасаа зохион байгуулалттай юм болсон шүү дээ. Тэнд барилдаж байгаа бөхчүүдийн хэд нь монгол билээ. Тэр тусмаа манайхан голдуу жюүрёогоос дээш зиндаанд барилдаж байна. Энэ тохиолдолд япончуудад монголчуудаас болгоомжлох, тэднийг шахах бодлого байлгүй яах вэ. Тиймээс сахилга бат алдсан гэх эвтэйхэн арга замаар сумог орхиход хүргэсэн. Тэд монголчуудыг шууд хөөчихөж болохгүй байсан учраас нарийн зохион байгуулалттайгаар, нийтийг хамруулан оролцуулсан. Чи бодоод үзээрэй, өнөөдөр сумогийн дэвжээнд хэдэн болгар, орос, америк, хятад, хэдэн монгол бөх барилдаж байгаа билээ. Гадныхан дотроо монголчууд бараг 90 хувийг эзэлж байгаа. Би асуудлыг ингэж л харж байгаа. Намайг дүүгээ өмөөрлөө л гэх байх. Өмөөрөлгүй яах вэ. Цус нь, бие махбод нь нэг юм чинь хамгаалах л болно.
-Дүү тань өөрийнх нь эсрэг ийм зохион байгуулалттай ажиллагаа явуулна гэдгийг мэдэж байсан уу?
-Бараг бодоогүй байсан байх аа. Хамгийн эхлээд нэг жилийн өмнөөс шахсан. Дараа нь хөл бөмбөгийн тэмцээний үеэр яалаа. Би тэр үед юу ч хэлээгүй. Ер нь сумод барилдана гэдэг хэцүү. Хурд, хүч, мэхээр миний дүү үнэхээр илүүрхдэг байсан. Түүний цаана ямар хүнд бэрх хөдөлмөр байдгийг хүн бүр ойлгохгүй л дээ.
-Япончууд дүүг тань хэрхэн ад үзэж байгааг мэдрэхэд танд хэцүү байсан уу?
-Маш хүнд байсан.Надад ч гэсэн хэцүү байсан. Онгоцонд суулгахгүй бүчээд, гэрийнх нь гадаа шавчихсан. Японы үндсэрхэг үзэлтнүүд чанга яригчтай тоноглосон машинаар төв гудамжуудаар явж, Монголоор нь, нэрээр нь дуудаад, элдвээр доромжлон хашгираад байсан. Миний дүү тийм айхавтар дарамт, шахалтыг даван туулсан. Хүний нутагт аж төрж байгаа хэн ч гэсэн дээрэлхүүлэхгүйг бодно. Би ч гэсэн дүүгийнхээ оронд байсан бол шүдээ зуугаад босоод ирнэ. Тэр нь бөөн далим болсон. Өмнө нь 15 түрүү авчихсан. Нас нь залуу, хүч нь хариагүй учраас дахиад ч даваа авахаар байлаа. Хөл бөмбөгт ороогүй байсан бол Тайхогийн амжилтад хүрнэ гэж тооцоолж байсан. Наанаа цэвэрхэн, соёлтой харагддаг болохоос цаанаа бас хүнд нийгэм шүү.
-Та энэ жилийн наадмаар зодоглох уу. Бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж байгаа байх?
-Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, чөлөөт бөх үүсч хөгжсөний 50 жил гээд олон ой тохиож байна. Барилдах гэхээр бэртэл гэмтэл маань эдгэж өгөхгүй хэцүү л байна. Уг нь өдөр тутам бэлтгэл сургуулилт хийгээд, залуучуудтайгаа хамт өөрийгөө бэлдэж байгаа. Санаа их байгаа ч тухайн үед биеийн байдал ямар байхаас шалтгаална.
-Таны утасны аяыг сонсохоор 21 Дарь Эхийн магтаал явах нь гоё санагдлаа. Та нэлээд шүтлэгтэй байх?
-Гоё байгаа биз. Над руу уурлаж ярих хүмүүсийг тайтгаруулах гэж энэ аяыг зориуд сонгосон юм. Шүтлэггүй монгол хүн гэж ховор байх л даа. Би бол шүтлэгтэй.
-Зөвхөн та хоёрыг гэлтгүй аав, ээжийн тань талаар хүртэл хэвлэлээр шуугих юм. Хоёр хөгшинд хэцүү байдаг байх даа?
-Юу гэж тэр вэ. Нэгэн үе аавыг самрын наймаа хийлээ гэж шуугисан. Миний аав бөхийн спортод надаас илүү амжилт гаргахаар байсан. Биеийн тамирын дээд сургуульд сурч, улсын шигшээ багийн тамирчин болох байсан ч хэдэн бор хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж л тээврийн жолооч болж олон жил ажилласан. Ээж минь Санхүүгийн техникумыг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Бас л олон жил тээврийн байгууллагад ажиллалаа. Хэдэн хүүхдийнхээ төлөө нойр хоолгүй зүтгэсний хүчинд өнөөдөр хоёр хөгшин маань сэтгэл өег суудаг байх гэж бодож байна.
-Одоо цирк дээр голдуу ажилладаг уу? ,
-Ер нь цирк дээр л голдуу байдаг. Зүгээр сууж чадахгүй юм. Аль болох л хамт олон дунд байх, бидэнд тус болох гээд ирдэг. Хүн чинь нийгмийн бүтээгдэхүүн болохоор хүмүүстэй харьцаж, жаахан хүүхдүүдийн дунд бужигнаж явах нь сэтгэл ханамжтай сайхан байдаг байх. Хамаг юмыг нь хориод гэрт байлгаад байх хэцүү. Би ч гэсэн хөгшин болохоороо тэгэх байх.
-Бас буяны ажил хийгээд, орон гэргүй хүүхдүүд хооллоод, гэр хорооллын зарим айлд түлээ, нүүрс авч өгдөг юм билээ?
-Ерээд оны эхээр "Хүчит" гэдэг нэртэй спорт хувцасны оёдлын үйлдвэр байсан. Ээж минь тэнд ерөнхий нягтлангаар ажиллаж байлаа. Тэр үйлдвэрийн дэргэд орон гэргүй хүүхдүүдийг асрах төв үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэр үеэс тийм буяны ажил сайн дураараа хийдэг болсон. Бид ч аав, ээжийнхээ чихийг бишгүй халууцуулах юм. Гэхдээ ямар ч байсан хүүхдүүд нь хууль бус юм хийхгүй гэдэгт тэд итгэлтэй байдаг байх аа. Ер нь хүнд боловсролоос илүү хувь хүний хүмүүжил их чухал байдаг.
-Циркийг хувьчилж авсны дараа таныг яг ийм атаархал, хэл ам дагаж байсан. Гэхдээ хүмүүсийн ихэнх нь таныг арай ч шуналдаа хөтлөгдөөд циркийг авчихлаа, тэр урлагийг үгүй хийчих вий гэж бодоогүй нь мэдээж. Та ч тэгээгүй гэдгээ нотолсон. Харин одоо циркийн байдал ямар байна?
-Манай улсад циркийн урлаг 1941 онд үүсч бий болсноос хойш эдүгээ 70 жилийн ойтойгоо золгох гэж байна. Социализмын үед төсвийн халааснаас тэтгэж, хүчээр амьдруулж байсан. “Чамайг даа" хүүхэлдэйн киноноос өөр харж баясах зүйлгүй байсан тэр үед Орос, Хятад, Солонгосын циркийг үзнэ гэдэг бол гайхамшиг байлаа. Тиймээс ч төсвөөс татаас өгдөг байсан. Энэ нь зах зээлийн системд шилжих үед яах аргагүй хүнд байдалд ороход хүргэсэн. Ардчилсан хувьсгал ялснаас хойш хүүхэд бүр интернетээр хүссэнээ үздэг боллоо "Дисней лэнд", "Микки маус", "Том Жерри"-г илүү шимтэн үзэх болсон тэр үед цирк яалт ч үгүй шахагдахад хүрсэн. Дээр нь өмнөх удирдлагууд нь буруу менежмент хийж байснаас болж 50 жилийн босгон дээрээ хүнд байдалд орсон. Бизнес сэтгэлгээгээр зөв залаад авч явсан бол арай тийм байдалд орохгүй байсан.
-Таныг циркийг хувьчилж авахад ямар байдалтай байсан юм бэ. Одоо ямар болоод байна?
-Биднийг хувьчилж авахад цирк жил бүр улсын төсвөөс 360 гаруй сая төгрөгийн татаас авдаг байсан. Менежментийн хувьчлалд оролцоод тэр татаасыг болиулсан. Урлагийн салбарт насаараа зүтгэж байгаа, циркийн дарга байсан Дорж гуай, Норовсамбуу, Мажигсүрэн агсан, Амаржаргал, Хишигдаваа нарын маш олон хүний итгэл, туршлага, хичээл зүтгэлээр циркийг өөд татахаар хамтран зүтгэж байна. Олон мундаг авьяастнууд Тайван, Сингапур, Турк, АНУ зэрэг олон оронд ажиллаж байна. Тэгэхээр сайн циркчдийг сайхан баг бүрдүүлээд аваад явбал манайхны өрсөлдөх чадвар хаана ч гологдохгүй. Би энд байгаа циркчдийг муу гэх гээгүй. Гэхдээ бодох хэрэгтэй. Ярихаас илүү өөрийгөө бэлтгэх, ажиллах хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ. Өнөөдөр бид 2006 оноос эхлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, дээр нь хувьчлалын төлбөр, мөн жил бүр гурван зуугаад сая төгрөгийн урсгал зардлыг хариуцаад явж байгаа. Энэ том урлагийг нураачихгүй, "Хэдэн бөх аваад унагачихсан" гэж ярихааргүй авч явахын тулд олон бэрхшээлийг туулж байна. Бид тэр бүх зовлонг тоочихын оронд юу хийснээ ажлаараа харуулъя гэж бодож байна даа.
-Монголын үндэсний циркт одоо хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Захиргаа аж ахуй, уран бүтээлийн баг, хууль эрх зүйн ажилтан гээд нийт 160 гаруй хүн ажиллаж байна. Тэдний дунд циркийн урлагт амьдралаа зориулсан, түүний төлөө зогсож чадаж байгаа олон хүн бий. Дэлхийд Монголыг таниулсан үндэсний брэнд болсон уран нугаралтын Норовсамбуу, хүч тамирын Амаржаргал, Хишигдаваа нар биднийг дэмжиж, мэргэжлийн зөвлөгөө өгч, хойч үеэ бэлтгээд явж байгаад нь маш их талархдаг.
-Таныг НИТХ-ын төлөөлөгч, үндэсний бөхийн аварга цолтой, дээр нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга гээд олон өнцгөөс тодорхойлж болж байна. Харин өөрийгөө та өнөөдөр хэн гэж тодорхойлох дуртай вэ?
-Энэ цаг үед амьдарч буй хүний хувьд улс оронд өрнөж байгаа бүтээн байгуулалт, өсч буй эдийн засаг, бужигнаж буй улс төр, бухимдаж байгаа ард түмэн гээд энэ бүхнийг харж, тэр дунд амьдарч явна. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал зөв талаасаа хөгжиж, ард түмний минь амьдрал сайжраасай гэдэг үүднээс аливаад ханддаг. Өөрийн чадал, боломжоор хийж бүтээж явахсан гэсэн бодол тээсэн иргэн хүн гэж өөрийгөө тодорхойлмоор байна даа.
-Таны үеийнхэн гэж хэлж болохоор олон залуус НИТХ-аар дамжин улс төрд орсон. Тиймээс таныг бас яваандаа УИХ-ын гишүүн болж, их улс төрд орох болов уу гэж боддог. Танд ойрын үед ийм зорилго бий юу?
-Одоохондоо тийм бодол алга. Ямар ч байсан хотын хөгжилд хувь нэмрээ оруулж, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд амласнаа биелүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө шуудайны стандартыг батлуулаад, хог боловсруулах үйлдвэрээ байгуулчихыг зорьж байгаа. Амласнаа хийх л чухал.
-Хог боловсруулах үйлдвэрээ Японы хөрөнгө оруулалттайгаар байгуулах гэж байна уу. Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орох бол?
-Хог боловсруулах үйлдвэр дотроо олон янз байдаг. Модон, төмөр, пластмассан эдлэл, гялгар уут гэхчилэн хог хаягдлыг шатдаг, шатдаггүйгээр нь ялгах, заримыг нь дахин боловсруулах гээд дамжлага ихтэй. НИТХ-ын дарга Т.Билэгт тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн оны гуравдугаар сард Японы Фукуока хотын захирагчтай уулзаж, хот төлөвлөлт, агаарын бохирдолтой тэмцэж буй аргатай нь танилцаж, хог боловсруулах үйлдвэрийг очиж үзсэн. Аж үйлдвэр түлхүү хөгжсөн тус хотын агаарын бохирдлын асуудал 1960-аад оны үед дэлхий дахинд харанга дэлдэж байсан. Гэвч энэ байдлаасаа салж чадсан туршлага нь сонирхолтой байлаа. Тэдний арга туршлагаас манайд хамгийн тохиромжтой, богино хугацаанд хэрэгжүүлж болохоор зүйл нь хог боловсруулах үйлдвэр байсан. Энэ нь хогноосоо салах, дахин боловсруулж өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн олон талын ач холбогдолтой. Тиймээс уг үйлдвэрийг барих ажилд яаравчилж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Саяхан Монголоос долларын тэрбумтан төрсөнд харин олон нийт бахархаж эхэллээ. Энэ сэтгэлгээг л хөгжүүлэх хэрэгтэй байх?
-Төрөг. Бүр олон тэрбумтан төрөөсэй гэж би боддог. Тэд л өнөөдөр ажлын байр бий болгож, эдийн засгийг хөгжүүлнэ. Эндээс монголчууд хожино. Тэд хийсэн ажлаа аваад хаачих вэ дээ, бидний ирээдүйд үлдэнэ. Өнөөдөр монголчууд гадны тэрбумтныг шүтэж амьдарч байна. Тэр хүмүүс манай баялгийг ёстой ховх сороод л гараад явчихна. Түүний оронд бид улам олон "Оджаргал, Баттулга"-ууд төрөөсэй гэж хүсэх ёстой.
-Та хөвгүүдээ бөх болгохоор бэлтгэж байна уу. Хэрэв тийм бол гурав дахь үеийн бөхчүүд гарч ирэх нь?
-Ирээдүйн сайн хүн, сайн аавуудыг бэлтгэж байна даа. Үүнд багаас нь бэлдэх ёстой. Нэгэнт том болсон хойно нь бэлтгэх гэвэл худлаа болно. Бөхийн амьдрал хатуу. Тийм ч амархан боорцог биш шүү. Миний хоёр хүү спортоор идэвхтэй хичээллэдэг. Бөхөд дуртай. Гэхдээ одоохондоо бага байна. Том нь найм, бага нь гуравдугаар ангид сурч байгаа.
-Уучлаарай, таныг гэр бүлээсээ салж байгаа гэсэн мэдээлэл яагаад байсгээд гардаг юм бэ. Лав л арван жил ийм мэдээлэл сонсож байна?
-Харин тийм. Сүүлдээ ч дөжирч байна. Нийгмээрээ тийм шар мэдээнд дуртай болчихсон юм байлгүй дээ. Ямар нэг байдлаар хувь хүний амьдрал руу өнгийх дуртай болсон байна. Би гайхаад л байна.
-Одоо та гэр бүлтэйгээ хамт амьдарч байна уу?
-Би 1997 онд эхнэртэйгээ гэрлэсэн. Хоёр сайхан хүүтэй боллоо. Энэ гэр бүлдээ хайртай. Сайхан л амьдарч байна.
-Тэгвэл бусад бөхчүүд, хүмүүсийг биш, яагаад танай гэр бүлийг ийм олон жил салж байна гээд бичдэг, та няцаадаггүй юм бэ. Гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах хэрэгтэй биз дээ?
-Ер нь хүний амьдралд сайдах, муудах зүйл бишгүй л байдаг. Жишээ нь, надад таалагдсан бүхэн Мичидмаад таалагдахгүй байж болно. Манай хүн загварын талдаа сонирхолтой. Тэр талын зүйл надад таалагдахгүй ч тохиолдол байна. Харин яагаад энэ бүхнийг олон нийтийн сонорт сонирхолтой болгож хүргээд байдаг нь эгдүүцмээр.
-Эсвэл та хардаад байдаг юмуу?
-Хардах үедээ хардана. Энэ бүхэн дээр эвлээд амьдарч явна. Тэгж байж хүний амьдрал сонирхолтой байдаг. Ямар ч хэрүүлгүй, хардахгүй, гөлийгөөд явдаг амьдрал гэж байх уу. Үүний чинь ард бүр ч аймаар юм харагдаад байна. Х.Баянмөнх аварга надад нэгэнтээ хэлж байсан юм. "Ер нь Сумъяабазар минь, мөнхий сайн зүйл, мөнхийн муу зүйл гэж байдаггүй. Сайн, муу хоёр нийлж байж сав дүүрдэг юм шүү, хүүхээд" гэж. Тиймээс би сайн нь муугаа сүлж явдаг гэж боддог. Ер нь хувийн амьдрал бол хувийн л амьдрал. Нууцлаг байх ёстой.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )