Яг энэ үед “Эгшиг” нэрт хиймэл хүүхэн амаржиж ...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

Намсрайн Нагаанбуу

 

Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Түүхч мэргэжилтэй. МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Түүний “Эх амь” зөгнөлт өгүүллэгийг энэ удаад толилуулъя.

 

Эх амь

/Зөгнөл/ 

Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм үл тэсэм тэсгим цэвдэг хорвоо манармуй.

Халаагуурын ирмэг даган гүйж явсан хүрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа сэрвэлзүүлэн түр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "төрөх орчин хайж яваа эх жоом ч юм билүү" гэсэн бодол төрснөөс түүнийг үл зэвүүцэн ийн ширтжээ. Үнгэж үнэрлэх ач хүлээж цөхрөнгөө барсан эмгэнд бэр нь "та удахгүй ачийгаа үзнээ" гэсэн юмсанж. Гэтэл бэлхүүс нь бүдүүрээгүй, өлөн дэрс шиг хэвээрээ л харагдаад байдаг. Хүү нь Гүүш, бэр нь Тогосгоо нэртэй эрдмийн улс юмсанжээ. Тэд хиймэл хүмүүсийг гэр бүлийн жам хуулиар өсгөх үйлдвэрлэлийн төсөл нээлт боловсруулж хүүхнүүдийн гоо сайхныг аврах хийгээд хүнийг хөдөлмөрийн боолчлолоос эгнэгт ангижруулах аугаа санаа сэдсэнийг зөнөх шахсан эмгэн юугаа мэдэх билээ.

Зөөг цай шиг нарны гэрэл ээх төдий илчтэй болж цонхны цаана урины зэрэглээ ууршин өрөөнд хааяа нэг ялаа ниснэ. Багын дурсамж сэтгэлд мөчиг цухас сүүмэлзээд цаг ч ирлээ гэм. Гэтэл бэр нярайлж үр төрүүлэх янз алгаа алга... гэх урамгүй бодол орооцолдуулж эмгэний сэтгэл гэгэлзсээр л авай. Яг энэ үед "Эгшиг" нэрт хиймэл хүүхэн амаржиж, мэндэлсэн бичил нь тоглоомын хүүхэлдэй мэт хөдөлгөөн ч үгүй хуурай амьтан төрж байжээ. Эх нь 0.5, эцэг Гүто нь "1" гэсэн заалт хүртэл хэмжүүрээр цэнэгээ шилжүүлж үрээ өсгөж эхэллээ. Толгойтой төрсөн заяаны хос Гүүш, Тогосгоо хоёрын энэ баяр эмгэний зүрхэнд гуниг болж идэр есийн жавар шиг үг өдөөх юм гэж хэн нь ч санасангүй.

-Илжиг азарга, эрлийз эрмэг гүү хоёр шиг та хоёр ч ийм л үр төрүүлнэ л дээ... гэчихээд таягаа шүүрч аван өөр хорын үг олох гэсэн мэт хэсэг зогссоноо өрөө рүүгээ уурсан майжигнав. Тэр дэмий л Дэжид эмгэний харилцуурт сандчин салганан залгаад мэнд ус ч үгүй л

-Элэнцгийн нь ач байхав, нөгөө хиймлүүд нь төрдөг, үрждэг болсон юм байх аа. Түүнийгээ хэлж намайг чулуу хөөлгөж л дээ. Тэгэхээр чиний ярьдаг нөгөө аргаас өөр тустай юмгүй боллоо. Чи эмч хүн байна даа, учрыг нь ол!... эмгэн баахан ярьж ядарсан уу, цаадах эмгэн нь бас баахан ярих ээлжээ авсан уу Цэцэг эмгэн харилцуур барин суусаар байлаа.

Энэ үед Гүүш, Тогосгоо хоёр хүүхэд олно гэж айх юмгүй цэнгэлд умбавч үл ханах чимээ нь эмгэний өрөөнд ч дуулдахаар авай. Гоо бүсгүйн тухайд жингээ барих, төрөөгүй туяхан бэлхүүсээрээ гайхуулах баяр баясгалантай байх гол арга нь энэ хэмээн шавдах бөлгөө. Хиймлүүдийн ууган охинд "Хавар" гэж нэр өгсөн дуулдав. Тэр ёстой л яргуй шиг суга өсч байлаа. Өсгөврийн нээлт төмөрлөг хийцэд ч (төрцөд) жигд үйлчилж байна гэж бэр нь магнай хагартлаа баярлан "Хавар"-ыг эрхлүүлэхэд Цэцэг эмгэн ботгоо голсон ингэ шиг хялайж ч харахгүй хуйсганана. Нэг удаа эцэг эхийн нь цэнэг тасалдахад ганцаараа байсан эмгэн

-Ямар амьтай амьтан биш! гэж зэвүүрхэн үл хайхрахыг хичээсэн боловч молцогноосоо чангаалгасан ишиг шиг уйгагүй чарлахаар нь тэсэлгүй цэнэг залгаж ганц ачилж билээ. Гэтэл "Эгшиг", "Гүто" хоёрын хүүхэд тахианы өндөг шиг олширч эзэд нь захиалгын дагуу хөтөлбөржүүлэх, борлуулах гээд нойр хоолгүй зүтгэсээр байв. Хиймэл хүүхэд хүсэгчдийн хөл татраагүй ч сүүлдээ түр амарцгаая гэж "Эгшиг"-т ерөндөг тавьсан нь тун амжилттай болж олон өдрийн бороо гэнэт зогсох шиг хэн хүнгүй амсхийх шиг боллоо.

Улиасны навчис хөглөрч гудамжаар нэг бужигнана. Эмгэн хөндий танхимд баахан хий холхисноо ус шоржигнуулан аяга таваг угааж буй бяцхан "Хавар"-ын чимээг сонсоно. Хуян шар усаа тараадаг ганц ажлаа булаалгасан нь энэ авай. Тэгтэл харилцуур дуугарлаа.

-Юу?! Юу гэнэ ээ! гэснээ эмгэн буйдангийнхаа өнцөг бараадан суухчаа аядав. Гараас нь харилцуур уналаа. Цочирдсон гашуудал дуулаад эмгэний зүрх бэмбэгнэн уйлахыг хичээж амаа өмөлзүүлснээ

-Арай...үгүй байлгүй гэж үглэн үрчлээт нүүрээ мойног гараараа даран суучихав. Хөөрхий Дэжид эмгэн жирэмсний хордлогын улмаас нас баржээ. Энэ гай Цэцэг эмгэнд бүр хэлээд баршгүй зовлон авчрав. Жаран жил ханилсан өвгөний нь удам судар гал голомт тасрах аюул нүүрлэжээ. Дэжид эмгэний хэвлийд Цэцэг эмгэний хүү Гүүшийн үр амилж байсан юм. Нууц аргаар зохиомлоор суулгасан Гүүш, Тогосгоо хоёрын эвцэлдсэн үрийг Дэжид эмгэн тээж төрүүлэхээр зориглосон юм. Тэгээд ганц сар ч бололгүй хавагнаж хэвтэрт ороод шүд зуун тэвчсэн ч пянг нь даалгүй амиа алджээ. Цэцэг эмгэн цочсон мэт давхийн өөрийнхөө цэв хүйтэн хэвлийг дарж илж үзэв. Томроод байгаа ажээ. Энэ хэвлийд хөөрхий талийгаач эмгэний хүү бэр хоёрын нууц үр халуун цус үгүйлэн тарчлаж байгаа байх аа гэж бодогдоно. "Чиний хүүгийн удмыг таслав би. Миний тэнхэл хүрсэнгүй шүү. Чи миний хүүгийн удмыг арай ад үзэж амиа хичээхгүй биз" гэх шиг Дэжид эмгэний царайчилсан дүр нүдний нь өмнө бүрэлзээд байлаа...

-Хүүеэ, чи бид хоёрын дундаас ямархуу царайтай хүүхэд төрөх байсныг мэдье. Гутог чиний зургаар, "Эгшиг"-ийг миний зургаар бүтээж хувилгая.

-Яг, яг шүү... Чи ёстой зөв саналаа! гэж Гүүш эхнэрээ магтан чарлан дэвхцэж байгаа бололтой.

-Хн... ёстой хиймэл амьдрал! гэж эмгэн арга барагдан суусаар байлаа. Эль хуль өрөөндөө эр эм хоёр бас л ноололдон, тачъяадан эрхлэх бүсгүй хүний ухаангүй уяралын авиа улам цухал агаад түрэмгий нүүрэмгий болж, төдхөн бүдгэрсээр чимээ намдав. Тэгснээ Тогосгоогийн

-Паах, дээр үеийн хүүхнүүд яаж тийм том хүүхдийг тээж гаргаж, шээс баастай нь зууралдаж балиартаж бай... шал заваан юм гэж ярих нь дуулдана. Хүн хиймэл хоёрын дайн болбол хиймлүүд ялна. Тэд биднээс толгой сайтай гээд эртэд хэн нь билээ ярьж ярьсан. Хэний ч билээ хиймэл, хүний ирээдүйг тооцоолоод "та нар хотоос тонил! Нүүж тарж амьдар! Суудлын соёл биднийх!" гэж мэдээлсэн гэл үү? Эмгэн энэ мэт дэмий эргэцүүллээ үлдэн хүү, бэр хоёртойгоо уулзахаар өрөөнөөсөө гарлаа.

-Миний бие давхар... эмчид үзүүлэх юмсан!

Эмгэний энэ үгийг дуулсан Тогосгоо хашгирахгүйг хичээн амаа даран,

-Яанаа... Таны гэдэс чинь...! гэж хэлээд гөлөрчихөв. Тэгтэл хэзээ ч орж ирсэн юм "Эгшиг" илт тохуурхсан мэт инээд алдан,

-Би эсэргүүцэж байна! гэж тун ялдам өгүүлжээ. Эмгэн тэднийг хяламхийн зэвүүцээд үг дуугүй бөгтөгнөн явсаар өрөөндөө орлоо.

-Энэ хөгшид ёстой заваан амьтад! гэж Гүүшийн бахирах дуулдана. Хана өгсөн жоом гүйж явна. Нар жаргаж байлаа. "Хавар" нэрт охин гэрэлтүүлгийн товруу даран цонхны хөшиг хааж эхлэв. Одоо тэр "хоолоо идэцгээ" гэж урина.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top