Арван эдийн засагч тойрч суугаад ярихаар санал нийлдэггүй, зөрчилдөөд байдаг гэж Р.Амаржаргал эрхэм нэгэнтээ ярьж байсан санагдана. Тэгвэл одоогоос 96 жилийн өмнө Италийн Милан хотноо улс орнуудын санхүүчид цуглахдаа нэгэн зүйл дээр санаа нэгджээ. Аливаа хэлбэрээр олсон орлого мөнгийг үрж дуусгаад байх бус хадгалах нь хувь иргэний санхүүгийн баталгаа болохын сацуу эдийн засгийн цусан хангамжийг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэг дээр санаа нийлж, улмаар профессор Филиппо Равизза аравдугаар сарын 31-ний өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр" хэмээн зарлан тунхаглаж байж. Үүнээс хойш энэ өдрийг дэлхий нийтээр ХУРИМТЛАЛЫН ӨДӨР гэж хүлээн зөвшөөрөн, хэрэгжүүлэх болжээ.
Манай тухайд Монголын банкны холбоо 2012 оноос Хуримтлалын өдрийг нутагшуулах чиглэлээр арилжааны банкуудтай хамтран арга хэмжээ зохион байгуулж байсан. Төв банкны мэдээллээр манай улс 2017 оноос эхлэн Дэлхийн хуримтлалын өдөрт албан ёсоор нэгдэж, жил бүрийн аравдугаар сарын 30-ныг Үндэсний хуримтлалын өдөр болгон тэмдэглэх болжээ. Дэлхийн улс орнуудад хуримтлалын өдрийг угтан "Хуримтлалын аян"-ыг зохион байгуулдаг. Манай улс ч ирэх долоо хоногоос "Хуримтлалын аян"-ыг эхлүүлж буй талаар Монголбанкнаас өнөөдөр мэдэгдсэн юм.
“Хуримтлалын аян” иргэн бүрт хамаатай. Тиймээс ч хуримтлалын талаар хэдэн үг бичих нь илүүц болохгүй биз ээ.
Пологтсон үедээ хадгалаагүй БИД
Энгийнээр хэлэхэд, маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байгаасай гэж боддог л бол ирээдүйдээ зориулсан хуримтлалыг бий болгож занших хэрэгтэй байснаа хэн хүнгүй ойлгодог болсон. Иргэдийнх нь 35 хувиас багагүй хэсэг нь ядуу ангилалд багтаж байхад, яаж хуримтлал ярих гээд байгаа юм гэх хандлага бий. Нөгөө талд, орлогоосоо үл хамааран хуримтлал үүсгэх дадалтай болох нь чухал гэж хэлэгсэд ч бий. Бодит утгаар нь харвал хоол хүнс, хувцас зэрэг анхдагч хэрэгцээгээ давсан орлого олж чадахгүй байгаа хэсэгт хуримтлал гэх ойлголт хол сонсогдож байгаа. Тиймээс ч хуримтлал үүсгэх бодит боломжтой хэсэг рүү чиглэсэн санал, санаачлага байх нь зохистой болов уу. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийг удирдсан эрх баригчид ч, тэр он жилүүдэд амьдарч ирсэн ард иргэд ч ХУРИМТЛАЛ ямар чухал зүйл болохыг ухаараагүй нь үнэн. Ашигт малтмалын орлогод пологтож байсан үедээ хурааж чадаагүй төр ирэх жил хагас их наядыг Ирээдүйн өв санд хадгалах тухай ярьж сууна.
Би вээр “Төрийн зүгээс Үндэсний хуримтлалыг өсгөж нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авбал зохистой бол?” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьсан юм. Тэгтэл нэр бүхий нэгэн эрхэм хариулахдаа “Төрд өөрт нь хийх ажил зөндөө байхад, заавал ийм юм хийлгэж яах гээд байгаа юм” гэсэн утгатай хариултыг өгсөн. Яахав, нэг талаас тийм байж болно л доо. Хөгжил тааруу, улстөрчид нь “поп”-дох дуртай өнөөдрийн Монголын төрд хийх ажил их байгаа нь үнэн. Гэхдээ, Үндэсний хуримтлал гэдэг юмны учир начир хийгээд холын ач холбогдлыг ухаж мэддэг эрхмүүд ТӨР-д түмнийг төлөөлж байгаа бол үндэсний хуримтлалын асуудалд санаагаа чилээж, эрхзүйн орчны хувьд, бодлогын тал дээр арга хэмжээнүүд авч болохыг үгүйсгэж болохгүй л байх.
Дэлхийн эдийн засгийн салхи шуурга болоод гол түнш Хятад орны бодлого сэлттэй холбоотойгоор шургаж уначихаад байхгүй хэмжээний дотоод нөөц бололцоотой, дархлаатай байя л гэвэл манай улс гадаад валютын нөөцөөр боломжийн, ард иргэдийн хувьд хурааж хумьсан юмтай, банкинд хадгалуулсан хэдэн төгрөгтэй, компаниудын тухайд мөн л өөрийн боломжийн хөрөнгөтэй, хуримтлуулсан ашигтай л байх ёстой л доо. Эдгээр нь цогц утгаараа Үндэсний хуримтлалыг бүрдүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Тэгэхээр эндээс харахад төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд хүссэн хүсээгүй үндэсний хуримтлалтай холбогдож таарна л гэсэн үг.
Манай улсын хуримтлалыг 2015 онд 3,289.98 сая ам.доллар гэсэн судалгааг Дэлхийн банкнаас хийсэн бол 2009 онд Монгол Улсын Дотоодын нийт хуримтлал 1.7 тэрбум ам.доллар байсан гэсэн мэдээлэл “Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаа 2010” тайланд нийтлэгдсэн байдаг. Ер нь бол Үндэсний хуримтлал тухайн улс орны эдийн засгийн хийгээд нийгмийн тогтвортой байдлын баталгаа болсон чухал асуудал юм. Алдарт эдийн засагч Людвиг фон Мизес хямралын шалтгаан нь хадгаламжийн хэт бага хуримтлал болон хэт өндөр хэрэглээ гэж үзэж хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн зардлыг танах хэрэгтэй гэж олон арван жилийн өмнө хэлсэн байдаг. Одоо ч энэ сэдэв халуун чигээрээ л байгаа. Монголын төр уул уурхайгаас өнгөрсөн жилүүдэд орж ирсэн орлогоо ухаалаг удирдаж чадсан бол аливаа хямралын өмнө Үндэсний Дархлаатай байж болох л байсан.
Хуримтлуулах нөхцлийг уг нь төр бүрдүүлэх ёстой. Гэхдээ иргэн бүр хуримтлуулах, хадгалах хандлагатай байснаар, том зургаараа эдийн засагт ихээхэн нэмэр дагуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Иргэд хуримтлалтай болох нь санхүүгийн тогтвортой байдлыг бий болгоно, эдийн засгийг урт хугацаанд дархлаатай, өсөлттэй байлгах суурь нөхцөл юм. Иргэдийн хувьд хуримтлал үүсгэхийн тулд ХҮСЭЛ болон БОДИТ ХЭРЭГЦЭЭ хоёроо ялгаж салгаж хараад сурчих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.
Иргэн бүр хуримтлалтай болоход хэрэгтэй байж болох зарим санааг дор өгүүлье.
Тоо бодож мэдэх ч, ХУРИМТЛУУЛАХ ойлголтгүй
Хүүхдүүд өөрийн гэсэн орлогогүй, банкин дээр очоод хуримтлалын данс нээлгэх чадамжгүй ч, тэдэнд багаас нь санхүүгийн боловсрол олгох нь хуримтлалтай ирээдүйн Монголыг бүтээх гол эхлэл юм. Бидний талаар хатуу боловч үнэн нэг тодорхойлолт Дэлхийн банкнаас хийсэн судалгаан дотор байсан юм. Юу гэхээр “Монгол Улсын хүн амын ихэнх нь тоо бодох үндсэн чадвар эзэмшсэн ч гэлээ Монголчуудын дунд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн санхүүгийн ойлголтын талаарх мэдлэг маш хязгаарлагдмал байна… Бичиг үсэг тайлагдаагүй иргэд, бага орлоготой иргэд мөн Монголын баруун бүст амьдарч буй хөдөөгийн иргэд болон хүүхэд ахуйгаас хуримтлал үүсгэх талаар суралцаагүй иргэд хүн амын бусад бүлэгтэй харьцуулбал инфляц, хүү мөн эрсдлийг төрөлжүүлэн хуваарилах талаар бага мэдлэгтэй байгаа нь харагдаж байна…” хэмээн өгүүлжээ. Энэ бол үнэн. Тэгэхээр бид өнөөдрийн хүүхэд багачууддаа цаг алдалгүй, тохирсон арга хэлбэрээр санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй байгаа юм. Судалгаанаас харахад хүүхэд ахуйгаасаа хадгаламжтай байж заншсан хүмүүс хүүхэд ахуйдаа хадгаламжтай байж заншаагүй хүмүүстэй харьцуулбал бүхий л санхүүгийн чадавхын чиглэлээр өндөр оноо авсан байдаг аж.
Хуримтлуулж чадаж байгаа хүн бол орлогоо маш зөв зарцуулж чаддаг, зардал мөнгөтэй холбоотой зөв шийдвэрүүд гаргаж чаддаг хүн байдаг юм байна л даа. За тэгээд хүүхэд байхаасаа хадгаламж, хуримтлалтай байсан хүмүүс амьдрал дээр санаачлагатай, ирээдүйн талаарх тодорхой төсөөлөл, төлөвлөгөөтэй хүмүүс болж өсч өндийдөг аж. Тэгэхээр хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлийн мэдлэг, мэдээллийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж яагаад болохгүй гэж? Жишээ нь, дунд сургуулийн тоо математикийн хичээл, нийгэм судлалын хичээлийн ном сурах бичигт тэр талаар тохирсон хэлбэрээр оруулж өгч болно шүү дээ. Мэдээж энд багш нарыг заах аргын тал дээр бэлтгэх шаардлага бас гарч таарна. Мөн сурагчдын эцэг эх рүү чиглэсэн санхүүгийн чадавхын сургалтыг явуулбал үр дүнгээ хурдан өгч болох юм гэдгийг судлаачид хэлдэг.
Заавал ТӨСВИЙН мөнгөөр ЗУГААЛАХ албагүй
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн зөвлөх эмч Г.Оюунаар ахлуулсан их эмч, сувилагч, ажилтнаас бүрдсэн таван хүн Шинжаан Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хот руу долоо хоногийн хугацаатай аялаад ирсэн тухай хэдэн жилийн өмнө сонсож байлаа. Тэд том дарга нар шиг төсвийн мөнгөөр тэгж аялаагүй. Харин тус эмнэлгийн хамт олон өөрсдийн саналаар сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, тэндээсээ хамт олныхоо нийгмийн асуудлыг энэ мэтээр шийдвэрлэдэг болсон байдаг юм. Тэд өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хуримтлалаараа өөрсдөдөө хэрэгтэй цөөнгүй асуудлыг шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол сайн жишээ юм. Тэгэхээр бусад албан байгууллага, компаниуд ч ийм байдлаар харилцагч банкиндаа хуримтлалын тусгай данс нээж болно шүү дээ. Тийм ч их мөнгө байх албагүй. Гэхдээ л албан журмын хуримтлал маягийн хэлбэрээр ажилтнуудаас тодорхой мөнгө авч, хуримтлуулдаг эргээд тэрийгээ хэрэгцээтэй үедээ зарцуулдаг, байгууллагын ажилтнуудын хуримтлалын мэдээлэл нь ил тод байдаг, тухайн ажилтан ажлаасаа гарлаа гэхэд өнгөрсөн хугацаанд түүний цалингаас авч хуримтлуулсан мөнгийг нь эргээд олгодог байх гэхчлэн янз бүрийн зохицуулалт байж болно.
Мөн төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүдийн тухайд менежмэнтийн өөрчлөлт хийх ёстой талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байгаа. Тэрчлэн хууль журам зөрчсөн шахааны бизнес, хэдхэн хүнд ашиг өгдөг тендертэй зууралдаж, улсын эдийн засагт нэрмээс болж байхынхаа оронд жилийн орлогынхоо тодорхой хувийг ХУРИМТЛАЛ болгож нөөцөлдөг байж яагаад болохгүй гэж?
Хэрэгтэй ЖИШЭЭ
Хуримтлалыг зуршил болгочихсон ард түмэн биднээс нэг их холгүй бий. Өмнөд хөршийн дундаж өрх орлогынхоо 30 хувийг хадгалж, хуримтлуулдаг гэх судалгаа бий. Ингээд хэлэхээр ганц, ганц хүүхэдтэй хятад өрхтэй өөрсдийгөө харьцуулаад байх шаардлага байна уу гэж хэлэх хүн гарч юуны магад. Тэгвэл уучлаарай, тэд маргаашийнхаа амьдрах нөхцөлийг өнөөдрийнхөө хуримтлалаар бий болгож чадаж байгаа юм. Мөн азийн тэргүүлэх эдийн засагтай улсууд болох Япон, Солонгост ч иргэдийнх нь санхүүгийн боловсрол өндөр бөгөөд хуримтлуулах, хадгалах зуршил харьцангуй өндөр аж.
Ер нь бол насанд хүрсэн хүмүүсийн хандлага, зуршил, сонголтыг өөрчлөхөд тодорхой хугацаа орж таарна. Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахын тулд сошиал хуудсуудаас гадна телевизийн олон ангит кино, бүрэн хэмжээний кино, видео бичлэг эсхүл радио хөтөлбөр гэх мэт сувгуудаар гол мэссэжийг түгээх нь нэлээд үр дүнтэй байдаг ажээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
ERDEMTED NIILHEEREE OOR