Ц.Нямдорж сайд танхимынхаа бодлогоос зөрж гишүүнийхээ эрхийг эдлэх үү

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өөртэй нь холбоотой хэвлэлээр гарч байгаа зарим мэдээлэлд няцаалт өгч өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлийнхэнд хандаж байсан.
Тэрээр “Би ямар ч хэвлэл мэдээлэлд хувь эзэмшдэггүй, бөгөөд харин ч хувьдаа телевиз, сонинтой улс төрч, төрийн өндөр албан тушаалтнуудад таатай ханддаггүй” хэмээж байсан юм. Ц.Нямдорж сайдын дээрх үг үнэндээ танхимынх нь гишүүн Х.Баттулгад хандсан гэх жиг жуг сонсогдож эхэллээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Тавантолгойгоос өмнийг зорих хүнд даацын автомашинууд талыг там болгож байна хэмээн үйл ажиллагааг нь хэд хоног зогсоож орхисон. Харин үүнээс болж Засгийн газрын хуралдаан дээр хоёр сайдын хооронд багагүй маргаан өрнөсөн гэдэг.
Хатуу хучилттай зам ашиглалтад орох гэж байхад төсөвт олон тэрбум төгрөг төлдөг компаниудын ажиллагааг хязгаарлах хэрэг байгаа юм уу гэж Ц.Нямдорж сайд хэлснээс үүдсэн хэмээдэг. Харин хуралдааны дараа Х.Баттулга сайд “Нүүрс тээвэрлэж байгаа компаниуд замаа барих ёстой. Тэгэхгүй бол байгаль орчин сүйдэж, тэнд оршин суугаа иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Компаниудад ямар мөнгө байхгүй гэх биш. Замаа бариад тээврээ хийх хэрэгтэй шүү дээ” хэмээн ширүүхэн мэдэгдэл хийж орхисон.
Ц.Hямдopж сайд өөрөө л үгүй гэдэг болохоос биш түүнд Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг тээврийн компани байдаг гэж харддаг. Ийнхүү үйл ажиллагаан дээр танхимынх нь хоёр сайд ширүүхэн санал зөрж байгаа нь энэ Засгийн газрын хувьд бараг анхны тохиолдол юм. Тэгвэл Ц.Нямдорж сайдыг Ухаа худгаас гашуун сухайт хүртэл 200 км төмөр зам тавих тухай хуулийн төсөл боловсруулах гэж байгаа талаар бас нэгэн яриа сонсогдож эхлэв. Уг нь манай улсын төмөр замын талаарх төрөөс баримтлах бодлого батлагдаж Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын шав тавих ёслолын ажиллагаа саяхан болсон. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын үүднээс Засгийн газар дээрх хувилбарыг сонгож УИХ-аар батлуулснаас хойш ажилдаа орж буй нь энэ юм.
Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн шугам 1520 мм-ийн царигтай байх бөгөөд ингэснээр экспорт, импорт, транзит ачааны урсгалыг өмнөд хойд хоёр хөршийнхөө нутаг дэвсгэрээр дамжуулан бусад орны зах зээлд нийлүүлэх боломж нээгдэнэ гэж үзжээ. Мөн “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор хөгжих дэд бүтэц, эдийн засгийн үндэс болно гэж тооцоолоод буй. Гэтэл Засгийн газрын бодлогоос танхимынх нь гишүүн зөрсөн хуулийн төсөл боловсруулах гэж байгаа нь сонирхолтой. Түүгээр ч барахгүй төмөр замын чиглэлийг дээрх байдлаар батлах гэж байхад нь хувь хүнийхээ зүгээс дургүй байсан аж. Өөрийнхөө багтаж ажилладаг танхимын бодлогыг эсэргүүцээд яах вэ гэж бодоод л хэлээ хазаад өнгөрсөн гэнэ.
Үнэхээр эрхэм сайд Ухаа худгаас Гашуун сухайт хүртэл төмөр зам тавих хуулийн төсөл боловсруулах гэж байгаа бол Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд бус УИХ-ын гишүүнийхээ зүгээс өргөн барих бололтой.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top