Арабын орнуудад үүссэн хямралаас болж тус бүс нутгаас нефть авч байсан улс орнууд худалдааны түншээ солиход хүрч байна. “Хар алт”-гүйгээр хөдөлдөг машин техник байхгүй тул үүнээс өөр гарцгүй гэж зарим мэргэжилтнүүд тооцож байгаа гэнэ. Нефть бүтээгдэхүүн авдаг улс орнуудын сонирхлын тэг дунд Орос орон байна. Монголчууд ч бас үүнд хамаарч байгаа юм. Бид ганцхан хойд хөршөөсөө нефть бүтээгдэхүүн авдаг. Олон жил ийм хараат байдалд явж ирлээ. Арабын хямрал оросуудыг, оросууд Монголчуудыг ийнхүү “хясаж” эхэлсээр бараг бүтэн сар болох гэж байна. Орос цаашид ч үнийн “дарангуйллаа” бидэнд тулгасан хэвээрээ байх бололтой. Үндсэндээ тус улсын “Роснефть” компанийн мэдэлд, тэдний гарын аясаар хөдлөх болж байна. Хятадаас нефтийн бүтээгдэхүүн авах тухай ярьж байгаа боловч төдийлөн шуурхай шийдэгдэхгүй хүлээгдээд байгаа. Ер нь Хятад улс бол манайхыг хангах нь бүү хэл, бараг өөрсдийгөө яая гэж байна. Гэхдээ бага хэмжээний юм царайчилж болох байх. Монголчууд жилийн жилд иймэрхүү ацан шалаанд орж явах уу. Үгүй биз ээ. Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэрээ шуурхайлах хэрэгтэй боллоо. Тэр болтол оросуудын экспортоо хязгаарлах, үнэ өсгөх зэрэг бүх “дайралт”-ыг нь тэсч үлдэх нь чухал болов бололтой. Ингэхдээ бас тэдэнд ямар нэг зүйл санал болгож тохиролцоо хийх явдал болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Орост хийх айлчлал энэ бүхнийг шийдвэл тун сайн хэрэг болно. Сүүлийн өдрүүдэд бензиний нөөц арай гайгүй болсон ч дизель түлшин дээр яалт ч үгүй гацах шинжтэй. Дизель түлшний хомсдол эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Монголчуудын амьдралыг залгуулдаг томоохон компаниуд дөнгөж 10 хоногийн нөөцтэй болоод байгаа гэнэ. Дизель түлшээр хөдөлдөг болгон хэмнэлтийн горимд шилжиж байна. Импортлогчид хэлж заншсан нөгөө л жижүүрийн гэмээр үгээ хэлж байгаа. “Нийлүүлэлт хэзээ сайжирч хэвийн байдалд орохыг бид мэдэхгүй” гэх жишээтэй. Харин бодлого, үйл ажиллагааны яам, агентлагууд нь болохоор “Өнөө маргаашгүй байдал дээрдэнэ” гэх улиг болсон хариултаа өгч байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт алдагдлыг төсвөөс нөхнө, газар тариалан болон уул уурхай зэрэг үйлдвэрлэлийн салбарт шатахууны хомсдол нөлөөлөхгүй гэлээ. Гэвч ам ажил хоёр алд дэлэм зөрж байна. Иймэрхүү унхиагүй байдал бараг сар шахам үргэлжлэх нь ээ. Ойрын өдрүүдэд 15 мянган тонн түлш оруулж ирэхээр хойд хөршүүдтэй тохиолцсон ч тэр нь алга. Уг нь манай компаниуд 80 гаруй мянган тонн дизель түлш авах захиалга өгсөн гэнэ лээ. Тэгтэл оросууд 50 мянгыг нь хасаад 30 мянган тонн дээр захиалгыг нь унагаж орхисон юм байна.
Байдал ийм дээрээ тулахад Д.Зоригт сайд сүүлдээ эдийн засагт үзүүлэх нөлөөллийг саармагжуулахын тулд Засгийн газраас 30 гаруй тэрбум төгрөгийн татаасыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр болж байх шиг байна. Гэтэл үүнийг сонссон хотын нийтийн тээврийн автобус компаниуд өчигдөр яаран сандран зорчигчдын тасалбарын үнийг 500 төгрөг болгож нэмнэ хэмээн мэдэгдэв. Иргэд бухимдалтай байна. Энэхүү үнийн өсөлт нь ядарч туйлдсан иргэдийг ёстой шоконд оруулах шиг боллоо. Үүнийг дагаад хот хоорондын зорчигч тээврийнхэн ч үнээ нэмэх бололтой. Тэд одоогоор байдлыг ажиглан, зарим тээврийн хэрэгслээ түр зогсоогоод байгаа ажээ. Хотын нийтийн тээврийн том оврын автобусууд 500 төгрөгөөр үйлчлэхэд өнөөх гайтай микро автобусууд 600-700 төгрөгөөр үйлчлэх гэж хүмүүсийг бухимдуулна. Өнөө өглөө хотын зарим чиглэлийн микро автобусууд 500 төгрөгөөр үйлчлэх гэж улайрч байв. Засгийн газраас ямар шийдвэр гаргахыг одоо хүмүүс анхааралтай чагнаж байна. Д.Зоригт сайд аягүй бол том оврын автобусуудад алданги нөхөх мөнгө өгөх үү. Хэрвээ ингэвэл цаадуул нь улам даврах байлгүй дээ. Хэдхэн сарын дараа дахиад л үнэ нэмнэ гэх байх. Яагаад гэвэл нефтийн бүтээгдэхүүний нийлэлтийн түвшин нэг хэсэгтээ савалгаатах төлөвтэй боллоо гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Ер нь том оврын автобусуудын эзэд арай хатуурхаад, завшааныг ашиглан жаахан мөнгө сожоод авъя гэснээс цаашгүй байгаа юм биш үү. Улс орны хэмжээнд хүндхэн нөхцөл үүссэн энэ цагт жудагтайхан байвал зүгээрсэн дээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )