”Сүрьеэгүй монгол” лобби бүлэг 120 ортой эмнэлэг бариулахаар төсөвт суулгажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

 “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган өнөөдөр /2018.11.01/ боллоо. Тус чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын салбарын удирдлагууд, олон улсын болон төрийн бус байгууллага, 21 аймгийн төлөөлөгчдөөс бүрдсэн 220 гаруй төлөөлөгч оролцов. Чуулганы гол зорилт нь сүрьеэ өвчнийг устгахад тогтвортой дэмжлэг авах, эрүүл мэндийн бус салбарын оролцоог хангах асуудлыг хэлэлцэхэд оршиж байгаа юм.

Монгол улс сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж, УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй монгол” лобби бүлэг байгуулагдан, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байгааг чуулганы үеэр онцолж байлаа. 



2020 он гэхэд сүрьеэгийн эмч нарын хангамжийг 85 хувьд хүргэнэ
 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн эмч нарын хангамж 56 хувьтай байдаг. Үүнийг 2020 онд 85 хувьд хүргэхээр Эрүүл мэндийн яамны зүгээс төлөвлөж байгаа. Энэ хүрээнд бид "Глобал сан"-тай хамтран төсөл хэрэгжүүлж, сүрьеэгийн өвчлөлийг эмчлэх дагнасан эмч, мэргэжилтнүүдийг 600 мянган төгрөгийн цалинтай сургаж эхэлсэн. Эхний ээлжинд орон нутгийн эрэлт хэрэгцээнд үндэслэн 18 эмчийг бэлтгээд байна. Тэд орон нутагтаа очиж, сүрьеэтэй хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэж байна. Эмийн тухайд сүрьеэгийн нэгдүгээр шатны эм, гаж нөлөөний эм, хүүхдийн эмний хангамжийг Засгийн газрын төсвөөс санхүүжүүлж байгаа. 40 гаруй хувийг нь Олон улсын санхүүжилтээр бүрдүүлдэг. Энэ мэтчилэн сүрьеэгийн асуудалд төр засгийн түвшинд анхаарч байна.  Үүний тодорхой жишээ гэвэл, УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатарбилэгээр ахлуулсан “Сүрьеэгүй монгол” лобби бүлэг байгуулагдсан явдал. Лобби бүлэг нь 120 ортой сүрьеэгийн эмнэлэг байгуулахаар анхны гарааны санхүүжилтийг 2019 оны төсөвт тусгасан байгаа. Газрын гэрчилгээ нь өнөө маргаашгүй гарах гэж байна. Энэчлэн сүрьеэгийн асуудалд маш ихээр анхаарч байгаа. Өнөөдрөөс орон даяар урьдчилан сэргийлэх үзлэг эхлүүлж байна. Бид сүрьеэгийн болон бэлгийн замын халдварыг эрт илрүүлэх, улмаар эмчлэх зорилго тавьж байгаа. Энэ тал дээр санхүүжилтийн хувьд хүрэлцээ дутагдалтай байдаг үнэн. Тиймээс ч Азийн хөгжлийн банкинд хандсан. Азийн хөгжлийн банк НҮБ-д төвтэй "Глобал хөгжил" санд хандсанаар сүрьеэ болон бэлгийн замын халдварыг эрт илрүүлж эмчлэхэд зориулсан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсонд баяртай байна.


Батлан хамгаалахын салбарт эрүүл мэндийн төсөв хангалтгүй байдаг

Батлан хамгаалахын дэд сайд  Т.Дуламдорж:

-Цэргүүдийн сүрьеэ өвчний халдвар буурахгүй байгаа талаар сая мэдээллээ. Энэ тал дээр Батлан хамгаалах яамны зүгээс хэрхэн анхаарал тавьж ирсэн бэ?

-Өнөөдөр болж байгаа уулзалтад миний бие Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар ярилцахаар ирсэн байна. Зэвсэгт хүчний салбарын зүгээс сүрьеэгийн тохиолдол буурахгүй байгаа тал дээр онцгой анхаарал тавьж байгаа.  Ерөнхийдөө цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудал нь батлан хамгаалах аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байгаа юм. Үүний нэг нь сүрьеэ өвчин. Цэргийн насны залуучуудын цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцсон байдлаас харахад, эрүүл мэндээр тэнцэж байгаа нийт цэргийн албан хаагчид ердөө 39 хувийг эзэлж байна. Бид Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласны дүнд Засгийн газрын 44-р тогтоол гарсан. Энэ хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний сүрьеэ өвчний тархалтыг эрт илрүүлэх ажлыг  зохион байгуулж байна. Цэрэг татлагын үеэрх эрүүл мэндийн оношилгоо үйлчилгээг төв дамжингаар дамжуулан анхаарч байгаа боловч далд үедээ оношлогдсон цэргийн албан хаагч тодорхой ангид хамрагдан очиж, улмаар сүрьеэ өвчин дэлгэрсэн тохиолдол гарсан  байдаг. Тиймээс бүх аймаг болон нийслэлийн цэргийн штабаар дамжуулж цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдлын судалгаа гаргасан. Энэ хүрээнд эрүүл мэндийн хувьд ямар шалтгаанаар цэргээс хасагдаж байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн байгаа.

-Батлан хамгаалахын салбарын эрүүл мэндийн асуудалд хэр хэмжээний төсөв төсөвлөгддөг вэ?

-Манай бүх цэргийн ангиуд хоёрдугаар шатны эмнэлэгтэй байдаг. Мөн цэргийн нэгдсэн эмнэлэг байдаг боловч төсөв хүрэлцээтэй биш.


Тус чуулганд тун удахгүй Монгол Улсаа төлөөлөн “Miss Worldтэмцээнд оролцох гэж буй "Монголын сайхан бүсгүй" уралдааны тэргүүн шагналт Э.Энхриймаа оролцож байна. Тэрбээр дэлхийн миссийн нэгэн шалгуур болох хүмүүнлэгийн ажлаа “Сүрьеэгүй монгол” нэрийн дор зохион байгуулж байгаа аж. Энэ талаар түүнээс товч мэдээлэл авлаа.

Э.Энхриймаа: Сүрьеэгийн эсрэг аяныг хүмүүнлэгийн ажлаа болгосон

-Дэлхийн миссийн уралдаанд “Beauty Propose” гэж шалгуур бий. Эл шалгуурын даалгавар болгож оролцогч охидын зүгээс хүмүүнлэгийн ажил өрнүүлэх ёстой байдаг. Би дэлхийн миссийн уралдаанд оролцох эрхтэй болсноосоо хойш хүмүүнлэгийн ажлаа эхлүүлэхийн тулд олон судалгаа  хийсэн. Миний хувьд хамгийн хэцүү санагдсан зүйл нь сүрьеэгийн өвчлөл, энэ талаарх тоо баримтууд байсан. Гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн тээгч байх боломжтой, эндээс нэг нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай байна гэдэг бол эрсдэлтэй үзүүлэлт. Тиймээс би “Сүрьеэгүй монгол” сэдвийн дор сүрьеэгийн эсрэг аян өрнүүлэхээр сонголт хийсэн. Юуны түрүүнд Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Сүрьеэгүй монгол” нэрийн дор гар зургийн үзэсгэлэн гаргалаа. Мөн сүрьеэ өвчний талаар танин мэдүүлэх буюу хэрхэн сэргийлэх талаарх видео бэлтгэж байгаа.

Б.Амирдаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.42.24) 2018 оны 11 сарын 02

Хүдлаа мисс зиссийн шоуны аманд багтаад балиартаад .Ерөнхий сайдаа сүрьеэгийн эмнэлгээр яанаа өөр бүтээн байгглалт хиигээч эрүүл мэндийн сайдыншоугаа эргэж хараач!

0  |  0
зочин(202.9.42.24) 2018 оны 11 сарын 02

Мөнгө идэх санаа хуучин сүрьегийн эмнэлэг байгаад больсон биздээ. Тийм шаардлагатай дахин нээх юм бишээ21-р зууныы шинжлэх ухаан үсрэнгүй хөгжлийн эрэнд ирчээд 100 жилийн өмнөхөөө давтаад байх эргүү юмуу энэ сайданцар Мөнгө идэх!! Сонирхол,нэгдсэн эмнэлгүүдийнхээ дотор ийм өвчтөн авдаг өрөө тасаг байлгахад болношдээ ямар их бус үргэлж хэвтрийн дэглэм сахиад хорионд байлгах халдварт ай бус 21-дүгэээр зууун шүүү сайдаааа!!!йМөнгө бүү үр засаг төр ийн мөнгийг хэрэгтэй зүйлд зөв зарцуулъя. Хэмнээд өөрсдөө авахгүй авилга хээл рахуулиа болиочэээ

0  |  0
Иргэн(150.129.143.115) 2018 оны 11 сарын 01

Зураг теселгуй барилгын менгийг тесевт суулгаал агуу шуу

0  |  0
Top