“GSP + механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хуульчдын холбоо, Глоб интернэшнл төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн дүн шинжилгээ” судалгааны ажлыг хийж байгаа талаар “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал, Монголын хуульчдийн холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих хорооны гишүүн, өмгөөлөгч Доктор /PhD/, профессор Д.Батмөнх, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн судлаач А.Амартүвшин нар өнөөдөр /2018.11.01/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Энэхүү мониторинг судалгааны хүрээнд эхний байдлаар дотоодын хууль тогтоомж, эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийгээд байгаа аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин, нөхцөл байдлыг тодорхойлох санал асуулгын судалгааны урьдчилсан дүнг танилцуулсан. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор тус судалгааг хийж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөжээ. Санал асуулгаар сэтгүүлчид Монгол Улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд заасан үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилт хэр байгааг үнэлэхээс гадна олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт сүрдүүлэгт өртөж байсан эсэх, гэр бүлийн гишүүдээр нь дамжуулан айлгаж, дарамжталж байсан эсэх, цахим болон ажлын аюулгүй байдлын талаар нь тандаж байгаа гэв.
Судалгааны дүнг урьдчилсан байдлаар танилцуулбал, судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 50 орчим хувь нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилтийг "Хэрэгжиж байгаа" гэж дүгнэжээ.

Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал ”Сэтгүүлчдийн аюулгүй байдлын чиг хандлагаас харахад Монголд түгшүүртэй байдал бий болчихсон гэж мэргэжлийн байгууллагын хувьд үзэж байна. Манай улсад сэтгүүлчийн амь насыг шууд бүрэлгэсэн тохиолдол байхгүй ч гэсэн сэжиг бүхий байдлаар амь насаа алдсан тохиолдол манай байгууллагад дөрөв бүртгэгдсэн байгаа. Гэхдээ энэ аюулгүй байдалд сэтгүүлчийн зөвхөн амь нас багтдаггүй. Гэр бүлийн гишүүд болоод өөрт нь ямар нэгэн байдлаар заналхийлдэг үү гэх зэрэг олон зүйл багтдаг. Жишээлбэл, эмэгтэй сэтгүүлчдийг үр хүүхдээр нь далимдуулж дарамт учруулдаг тохиолдол олон бий. Мөн утсаар ярьж дарамтлахыг манай сэтгүүлчид хэвийн үзэгдэл шиг хүлээж аваад байна. Бие эрхтэнд нь халдаж байгаа тохиолдол олон гарч байна. Дээрээс нь улс төрийн дарамт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд их байна. Энэ нь сэтгүүлчдийг айдаст автуулж байна” гэсэн юм.
Судалгаанаас харахад, сэтгүүлчид мэргэжил нэгт нөхөд болон өөрийнхөө мэргэжлийн аюулгүй байдлыг “Хангалттай сайн” гэж үзэхгүй байна.
Тодруулбал, сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хэрэгжүүлэхэд дарамт шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлдэг, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “Санал нийлж байна”, “Маш их санал нийлж байна” гэсэн хариулт өгсөн байна.
Энэхүү судалгааны ажлыг 2018 оны есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2019 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 орчим хувьтай үргэлжилж байна. 2015-2017 оны байдлаар сэтгүүлчийн хувьд гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан байдал, гэмт хэргийн улмаас хохирсон сэтгүүлчдийн байдал, 2017, 2018 оны эхний гурван сард бүртгэгдсэн Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн сэтгүүлчдийн судалгааг мөн хийжээ. Шүүхээс нэр төр гутаан доромжлох, гүтгэхтэй холбоотой хэргийг хянан хэлэлцсэн болон буруутайд тооцсон шийдвэрийн хувь хэмжээг тодорхойлбол, 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний хооронд иргэний хэргийн шүүхээс эдийн бус гэм хорыг арилгах буюу нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой нийт ТАВАН хэргийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэжээ.
WWW.ZINDAA.MN
Д.Цэцэг

Сэтгэгдэл ( 0 )