Б.Болдбаатар: Монголчуудын интернетийн хэрэглээ 10 жилийн дотор 400 дахин өссөн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор энэ салбарынхан 25-26-ны өдрүүдэд Төрийн ордонд салбарынхаа хөгжил дэвшил, хэтийн зорилт, зорилгоо тодорхойлон зөвлөлдөж байгаа юм. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатараас зарим асуудлаар тодруулга авлаа.

-Монгол оронд мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжөөд 90 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн зүйлсээ одоо харахад алдсан, оносон зүйл их л байгаа байх. Энэ удаагийн зөвлөгөөнөөр ямар асуудал түлхүү яригдаж байна вэ?

-Мэдээлэл харилцаа холбооны салбарын улсын гуравдугаар зөвлөгөөн болж байна. 44 жилийн дараа энэ салбарын хамт олон улс орондоо юу бүтээв, ямар үр дүнд хүрэв, ер нь харилцаа холбооны салбарын хөгжил дэлхийд ямар түвшинд явж байна вэ гэдгийг хэлэлцлээ.1955 онд Улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, харилцаа холбооны салбарын нэгдсэн суурь бодлогыг бий болгож байсан түүхтэй.1967 онд Улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үед анхдугаар зөвлөгөөнөөс гарсан бодлого шийдвэрүүд хэрэгжсэн учир салбарын техник технологийн шинэчлэл болон хүний нөөцийн асуудлыг түлхүү хэлэлцсэн байдаг. Тэгвэл Улсын гуравдугаар зөвлөгөөнөөр Мэдээлэл харилцаа холбооны салбарын талаар төрөөс 2021 он хүртэл баримтлах бодлогын чиглэл болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. Ингэснээр ирэх арван жилийн төлөвлөгөө, чиглэлээ тодорхойлж төсөл хэрэгжүүлэх юм. Салбарын бодлого, үзэл баримтлалын төслийг боловсруулчихаад УИХ, Засгийн газарт өргөн барина. Ерөнхийдөө энэ хоёр өдрийн турш бодлого боловсруулагч, харилцаа холбооны салбарынхан, оператор компаниудын төлөөлөл чуулж хамтран ярилцаж байна.

-Манай улсад харилцаа холбооны салбарын өрсөлдөөний орчин нөхцөл ямар байна вэ?

-Би өнөөдөр /өчигдөр/ энэ асуудлаар илтгэл тавина. Үүнд харилцаа

холбооны салбарыг зохицуулах байгууллага үүссэнээс хойш ямар өсөлтүүд бий болов, тэдний юу нь зөв, юу нь буруу байв гэдгийг илүү ярина. Ерөнхийдөө энэ салбарын зохицуулалт нь улс төр, бизнесийн бүлэглэл, хэрэглэгч, оператор компаниудаас хараат байж чадсанаараа төрийн өмнө хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож чаддаг юм байна гэдгийг харуулсан. Манай орны хувьд дэлхийн бусад орны мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилтэй харьцуулахад дундаж түвшинд явдаг. НҮБ-ийн гишүүн 210 гаруй орны 191 нь манайх шиг харилцаа холбооны зохицуулах байгууллагатай. Энэ хэрээр дэлхий нийт мэдээлэл технологийн хөгжлийн давуу талыг хүртэж, мэдэрч байна.

-Өрсөлдөөний орчин нөхцлөөс шалтгаалж үүрэн холбооны операторууд монополь эрх эдлэх гэсэн хандлага ажиглагддаг. Хоёр жилийн өмнө ч ийм зүйл гарч байсан. Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Яг одоохондоо манайд монополь эрх эдлээд байгаа оператор компани байхгүй. Харин бусад операторуудыг давамгайлдаг нь “Мобиком” компани. Өрсөлдөөнийг хүчтэй оруулж ирснээр хэрэглэгчид хямд үнэ, чанартай хэрэглээг хождог. Өөрт нь ойртсон үйлчилгээгээр давамгайлж болно. Төр засгаас операторуудын үйлчилгээг аль болох олон нийтэд хүртээмжтэй байлгах, хязгаарлагдмал бүсэд байдаг орон нутгийн иргэдэд хүргэх гэх мэтчилэн шаардлага тавьдаг. Одоогоор манайд үүрэн холбооны дөрөв, суурин холбооны гурван оператор үйл ажиллагаа явуулж байна.

-Манай улсын үүрэн холбооны операторуудын үнийг дэлхийн жишигтэй харьцуулахад ямар түвшинд байдаг вэ?

-Гар утасны үнэ тарифын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо 15 орноос доороосоо хоёрт жагсдаг. Энэ бол харьцангуй хямд буюу боломжийн гэсэн үг л дээ. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол эрс тэс ялгаатай. Өргөн уудам нутагтай ч гэсэн хямдаар зогсохгүй орон зайнаас үл хамаарсан үнийн тариф хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, малчин хүн гэрээсээ Улаанбаатар руу ярих, нийслэлд байгаа хүмүүс хоорондоо утсаар ярих хоёр адил үнэтэй. Үүгээр бид үнийн бодлогын хувьд дэд бүтцийн салбараасаа түрүүлж алхаж байна. Яагаад гэвэл онгоцоор нисэх нь машинаар явснаас өндөр үнэтэй. Энэ хоёрын хооронд үнийн зөрөө асар их гардаг. Харин бид үнийн зөрүүг холбооны салбарт байхгүй болгосон.

-Энэ салбарын дараагийн шинэчлэл, ирээдүй юу вэ?

-Ирэх жилүүдэд тоон радио, телевизийн үйлчилгээг Монголд болгох, түүний шилжилтийг одоогийн системээс орчин үеийн систем рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Үүний дараа айл өрх бүрт, цаашлаад иргэн бүрийн гарт өндөр хурдны    интернетийг хүргэхээр зорьж байна. Өнөөдөр та гар утсаараа зөвхөн ярьдаг байсан бол дээрх үйлчилгээг нэвтрүүлснээр гар утаснаасаа бүх төрлийн мэдээллийг авах   боломжтой. Бид ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ер нь мэдээлэл харилцаа холбооны салбар үргэлж шинэлэг технологийг нэвтрүүлдэг. Энэ ч утгаараа ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцаж байгаа. Үүний  хүрээнд одоо хэрэглэж байгаа  тоног   төхөөрөмж, багаж хэрэгслийг орчин үеийн түвшинд  хүргэх, стандартад нийцүүлэх ч чиглэлийн ажлуудын суурийг тавьж эхэлсэн.

Эх сурвалж: Өглөөний сонин

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top