Танин мэдэхүй: Газар доорх гайхамшиг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Тамтаг  болсон эд өлгийн зүйл, хохимой толгой, араг яс, ер элдэв хачин юмстай зууралдаж эртний амьдралын тухай мэдээллийг олж авдгаараа археологичид нь үнэхээр сонин мэргэжилтэй хүмүүс юм. Энэ дэлхий гэгч эртний амьдралын чулуун хуудас өлгий юм зарим нэгэн баримтанд тулгуурлавал яриа сонирхолтой болох буй за. Өнгөрсөн зууны дундуур төв Америкийн ойгоос хүрмэн чулуугаар сийлсэн хүний том том толгойнууд олжээ. Чулуун баримал нь гурав дөрвөн метр өндөр, төгс төгөлдөр чанараараа нүд бүлтийлгэм бүлгээ. Газрын гүн рүү шигдэн орсон тэдгээр чулуун толгойнууд олон зууны турш тэндээ байсан нь эргэлзээгүй. Үүнийг хэн бүтээв, яг адилхан эдгээр баримал хэний тухай өгүүлнэ вэ? Үл таних эртний сийлбэрчид дан ганц толгой яах гэж үйлдвэрлэж вэ? Хүрмэн чулуу гэгч уулын маш хатуу чулуу байтал ямар багаж хэрэгслээр түүнийг урлан бүтээсэн бол оо? гэсэн олон асуулт гарч ирсэн нь мэдээж. Энэ бүхэнд хариу өгсөөр байгаа аж. Чулуун толгой бүтээгчид нь МЭӨ анхдагч мянган жилд амьдарч байсныг тогтоосон байна. Тэгэхээр тэр гоёмсог толгойнууд лавтайяа 3000 жилийн настай ажгуу. Өөр нэг гайхамшиг нь Коста-Рикийн чулуун бөмбөлөг юмсанж. Тэр улсын нутагт чулуун бөмбөлөг хэдэн зуугаараа бий гэх. Олонхын голч нь хоёр, хоёр хагас метр хүрнэ. Тэд газар дээр том гурвалжин үүсгэн байрлана. Зарим нь бүр уулан дээр байна. Аварга том бөмбөлөг геометрийн хэлбэрээсээ 2-3 см-ээр зарж буйд хэргийн учир оршино. Түүнийг бүтээхэд ямар багаж ороо бол? Эл бүгдийн хариу бас л бүдэг байгаа бололтой.

Эртний Майя ард түмний хот болох Лубаантуны малтмалаас нэг сүмийн бөөн чулуун доор таван кг жинтэй, өөхөн чулуугаар хийсэн эмэгтэй хүний толгой байсныг олжээ.Түүний баргар царай нь амьд юм шиг сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Майчууд өөрсдийн дайсны толгойг гайтуулахын тулд тэрхүү үхлийн тэмдгийг хэдэн цагаар хардаг байсан гэж домогт гардаг. Хожим нь Дорланд гэгч урлаг судлаач энэ ховор олдворыг судлаад нарийн учрыг нь тайлсан гэдэг. Бичил дуран авайгаар шинжлээд уг гавлыг хийхдээ ямар ч төмөрлөг багаж хэрэглээгүй болох нь харагджээ. Талстын гадаргууг элс, өөхөн чулууны үйрмэгээр бэлдсэн тусгай түрхцээр өнгөлжээ. Толгойн доод эрүү хөдөлнө. Ил дүүжилсэн хойно яльгүй оролдоход эрүү нь ангалзаж, амьгүй толгой ярьж буй мэт болно. Асаасан лаа дэргэд нь тавихад толгойн нүд гялалзах нь маш хачин, хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. Ийм л сонин бөгөөд гайхам толгойг яах гэж бүтээсэн юм бол оо? Дорланд энэ талаар ийн бичжээ.

Гялалзсан нүдтэй, ангалзсан эрүүтэй толгой бүрэнхийд ямархуу сэтгэгдэл төрүүлэхийг дотроо бодоод үз л дээ, яг л бурхан гарч ирэхийг мэдээлэх мэт буюу толгойн дотор хүний царай, уул, амьтад гээд аливаа бодит юмс, бүүр түүрхэн санаанд буух элдэв бодлоо ч үзэж болмоор. Энэ толгойг харсан хүмүүсийн заримынх нь зүрхний цохилт олширч, зарим нь ундаасан цангаж, бас зарим нь зүүрмэглэж байжээ. Тайландад хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн сууринг олжээ. Энд байсан омгийнхон эртний Грекийн төдийгүй эртний Египетийн соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтээс бүр өмнө төмөрлөг хайлшийг бэлтгэж чаддаг байжээ. Армяны нутгаас Оросын археологичид эртний төмөрлөгийн үйлдвэр нээн малталт хийсэн байна.

Тэр үйлдвэр нь даруй 6500 жилийн настай байсан юмсанжээ. Хоёр зуун зууханд металл хайлж, түүгээрээ бумба, хутга, жад, сумны зэв, элдэв зүйлийг хийдэг байжээ. Тэр хайлшны найрлага нь маш баялаг, түүнд зэс, цайр, хар тугалга, төмөр, магни, алт оролцсон тул нарийн нийлмэл болой. Нээгдээгүй бүхэн гайхамшиг дагуулдаг нь хууль биз дээ. Бидний өлгий болсон Монголын маань газар шороонд ч дээр дурдсанаас дутахааргүй сонин хачин олдвор нуугдаж буйд эргэлзэх аргагүй. Гагцхүү тэр бүхэн нээх эзнээ хүлээн, цагийн урсгалыг өнгөрөөсөөр байгаа бус уу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top