Нүдээ нээгээгүй гөлөг өвгөний өвчин хуучийн хамаг хорыг нялх биендээ сорон авч...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26


Готовын Нямаа 

Г.Нямаа нь 1942 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. Аймгийн төвийн 10 жилийн сургууль, Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ. "Шувууд тэнгэрт хонодоггүй" зэрэг яруу найргийн дөрөв, "Хүүхдийн нүд" зэрэг хүүхдийн зохиолын дөрөв, "Өвгөн улиас" зэрэг өгүүллэгийн гурав, "Цадиг хууч" роман бичжээ.

 

Дөрвөн нүдтэй халтар гөлөг

Энэ шөнө Жанчивын нойр бас л хүршгүй нь бололтой. Гадаа гудамжаар хурдлах машины моторын хүнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ өрөөнд охин хүү хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хөнжилдөө хөдлөх нь хүртэл тодхон. Харин эр хүн гэсэндээ хүү хамар хоолой нь дуугаран хэсэгхэн хүржигнэтэл хурхираад намжина. Охин дэндүү эрх танхи өссөн тул нойрондоо “ааваа! энийгээ хараач” гэнэ. Бодвол өдөр ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагүй. Тэгтэл орцны төмөр хаалга хангир жингэр дуугаран оройтсон нэгэн орон гэртээ ирж яваа нь илт. Түүний хүнд хөлөө шатны гишгүүр дээр тавих нь асгадсан хөгшин атны тавхай аятай санжээ. Тэртээ дээшээ тэнгэр өөдөө цуурайлан одохыг бодоход дээд давхрын наймаачдын нэг мөн. "Гахайгаа" мөрөн дээрээ тавьчихаад мацаж байгаа нь энэ бололтой. Ная гарсан жинтэй ачааг нас залуу тулдаа л тэд мөрлөж байгаа юм. Түүнээс биш тавь гарсан Жанчив мэтэд таварцаглаж унах, амьсгаадах, даахгүйн зовлон болно. Тэгтэл бүсгүй хүний адтай инээд шөнө дундын агаар цалгитал цууриатлаа. Одоо л болж хамаагаа алдсанаас биш, орон гэртээ тэгтэл оройтож ирэх монгол бүсгүй огтоос байсангүй. Хэрвээ эр хүн байвал түүнээс луйварчин болж яваад ирэв үү. Чиний хормой, хөл хоёрт чинь орсон хий юу, нэг л юм дуулгана даа гэж эх нь загнана. Харин бүсгүй хүнийг юу гэх байсныг мэдэхгүй. Юутай ч Улаанбаатарын урдуур тэнэж яваад ирэв үү л гэхгүй нь мэдээж. Тэр цагт Улаанбаатар зоогийн газар ч гэж юу байлаа. Тэнэж явдаг бүсгүй хүн ч гэж хаа байлаа.

Дахиад л часхийтэл инээлээ. Инээд муутай эзгүй хүүхнээ дээ, янз нь. Одооны хүүхэд олигтой монгол ёс заншил сурсангүй. Өмссөн хувцас шигээ эрлийз, хурлийз ёс сурталтай болсон. Хүн байтугай нохойны ороо хүртэл алдагдасныг харахад энэ хорвоо мөн чиг их өөрчлөгджээ. Зул сараар гөлөглөдөг ноход зун дэлэн хөхөө санжигнуулан шогшиж явдаг болсныг харахад эвдэрч зөрчилдсөн, эгээрч мартагдсан юм олон. Гөлөг гэж бодсоноо үүр шөнөөр дугхийхийн хооронд үйлтэй юм шиг зүүдэнд ордог өнөөх дөрвөн нүдтэй гөлөг харагдах шиг болсонд бодохгүй байхыг хичээлээ. Жанчив өөр зүйлд бодол санаагаа төвлөрүүлэх гээд чадсангүй. Өрөөл татанхай болсон шаахайн чихээ биетэй халтар гөлөг юу юугүй өөдөөс нь дөрвөн мөчөө жайжилзуулан хөдлөхчөөн болсноо таталзан хажуу тийш унаж дахин өдийлөө. Түүний гийнан гаслах дуун дэндүү өрөвдөлтэй зүрх зүсэгдэн сэтгэл өмрөөд явчихна. Нөгөөх нялх амьтан толгой өндийлгөн дөнгөж нээсэн нүдээрээ Жанчивыг нэвт шувт ширтэн ямар нэгэн энэрэл буян гуйж байх шиг ажээ. Тэгснээ модгор сүүлээ шарван эрхлэх, энэлэх хосолсон дуугаар гасаллаа. Жанчивын хамаг бие зарсхийн ямар нэгэн зүйлийн төмөр хяхтнах аятай "болсон нь дэндүү чийртэй байлаа. Түүний таван мэдрэхүйгээс одоо энэ бүхний гурван мэдрэх нь л үлдлээ. Хэрвээ тэр гурван мэдрэхүйгээрээ мэдэрчих л юм бол орчлон гаслангийн гаслан болох байв. Ашгүй тэгтэл зэргэлдээ өрөөнөөс охин нь Аав аа! Та яаж байна. Бие тань гайгүй биз дээ гэх нь сонсогдлоо. Энэ хооронд эхнэр нь ч гэрэл асаасан байлаа. Жанчив өөрөө тэгж гөлөг шиг гийнасан ажээ. Тэр үүнийгээ мэдсэнгүй. Түүний сэтгэл дотор өрөөл татанхай дөрвөн нүдтэй халтар гөлөг аль хэдийнэ шингэж орсон байлаа.

Өөрийнх нь чихэнд үргэлжид гийнан гаслаж байгааг тэр сонсдог боловч чихэнд нь бас энэ өрөөл татанхай гөлөг шингэж орсныг огтоос мэдэхгүй санжээ. Харин хаа нэгхэн харагдчихаад нүд ирмэхийн зуур алга болдог тулд нүгэлгүй тэр гөлөг одоохондоо харцанд нь орон гаран байв. Гучин жил ханилсан Тунсаа түүний дэргэд ирж өрөвдөнгүй хараад үг хэлж чадалгүй дэмий л магнайг нь иллээ. Уг нь тэр Жанчивт чи өөрөө гөлөг шиг гаслан гийнаад байна. Юун гөлөг дууриагаад байгаа юм бэ? Учраа хэлээч гэмээр байвч, элэгний өвчин газар авсан түүнийг илүү үгээр зовоогоод яахав, давхар зовлонд унагахгүй гэж саналаа. Цаанаа нэг л учиртай болоод Жанчив тэр гөлгийг дууриаж байгаа. Түүнээс биш учир холбогдолгүй бол ухаан санаа нь одоохондоо саруулхан байгаа хүн хэрхэвч ингэхгүй гэж Тунсаа бодож суулаа. "Чухам ямар учиртай нохойн гөлөг юм бол доо" л гэж тэр бодож байв. Нохой бол хүний хамгийн ойр төрөл, тийм учраас үхэхэд нь сүүлийг нь тайрч нутаглуулдаг гэж хуучцуулын хэлэхийг сонссоноос цаашихыг тэр мэдэхгүй. Юутай ч зовлон дээр зовлон болсон нэг гөлгөн нохой байна. Тэр нь чухам хаана байгааг мэдэхгүй, эсвэл хойд төрөлдөө...гэж бодсоноо арай ч дээ нөхрийнхөө сүнсийг эргэж төрөхдөө нохой болохыг нь хэн хүсэх билээ гэж санаад бушуухан өөр зүйл эргэцүүлэхээр оролдлоо. "Багад нь гөлөг айлгасан байж таарна. Хүүхэд нохойн гөлөг хоёр хотон дотор паацганан тоглож явахыг хараагүй хэн байх билээ. Өмнө хойноо оролцон өхөөрдмөөр ноололдон хэн хэнийхээ зугааг гаргадаг биз дээ. Түүнд айх, айлгах юу ч байхгүй. Ертөнцийн гурван хөөрхөний хоёр нь биз дээ. Ер нь амьтны алгын чинээн үрс адилхан сүүн тэжээлтэй болохоор аймаар шүд соёо нь ургаагүй байдаг тул багадаа гөлөгнөөс айсан гэдэг худлаа. Тэгэхээр яасан байх билээ...

Тунсаа ингэж бодож суулаа. Жанчив эхнэрийнхээ нүүр нүд, духны үрчлээ нугалааг харан "Энэ маань өтлөх л гэж байна даа. Магнайд нь хэзээ ийм гүн үрчлээ байлаа. Нүднийх нь зовхи бууж явна. Хацар эрүүнийх нь толигор арьсанд харагдахгүй байсан нугалаас тодорч эхэлж шүү. Уг нь толиотой байвал байх л нас сан. Хэтэрхий хатуу амьдарч явсан гэж үү? Тэгтлээ ч муу яваагүйсэн. Олон хүүхэд өсгөх гэж өөрийгөө өөд татах завгүй байсан билүү. Үгүй ээ. Энэ хоёр хүүхэд ижийгээ нэг их зовоолгүй өсөж өндийсөн. Тэгэхээр би гэдэг хүн л магнайд нь үрчлээ нүүрэнд нь нугалаа гартал зовоож дээ. Өмсөж зүүхээр дутааж, өлсгөж цангааж байгаагүй ч, сэтгэл санаагаар сэхлүүн явуулж чадсангүй дээ хөөрхийг. Тийм л болж таарлаа. Бага залуудаа би орон гэртээ ирэлгүй олон шөнө нойргүй хонуулж явсан. Харалдаа байрны Сүнжидтэй далдуур учирч явлаа. Залуу сайхан насанд салаад суучихгүй хэрнээ ор тас орхиж болохгүй нуудгайтай байв. Улаан цайм баригдчихаад нүүр улайхын оронд учиргүй гөжиж тэр чинь юу юм бэ? гэхэд нь "уйдсан эр эм хоёрын хөндийрсөн зайг бөглөгч" гэж хэлж билээ. Тийм тийм юмнаас эмгэн болох нас нь болоогүй ч эрт өтлөхөд хүрчээ" гэж бодохоор гэмшээд гэмшээд баршгүй нэгэн их гэм зэм дээрээс нь аадрын бөөн хар үүл мэт нөмрөн буух шиг боллоо.

Түүний сэтгэлд хуралдсан энэ гэмшлийг юугаар ч цагаатгаж, яагаад ч засаж залруулахын аргагүй санж. Хайлсан мөнгө мэт бөмбөрөн байгаа харамсал одоо хэт оройтжээ. Тунсаагийн санчигны хэдэн буурал үс л хор гаргасан сүү мэт санагдмагц Жанчив нүдээ бүрхээд ирсэн нулимсаа барьж амжлаа. Тэгээд олон шөнө бодож хоносон гөлөгний тухай огт ярилгүй тас нуусаар төөрөг, тавилангаараа болохоор шийдпээ. Хэрвээ тэр тухай хэлчихвэл хүү охин, Тунсаа гурав газрын хаанаас ч болов олоод ирэх нь мэдээж тул бас нэг амьтныг зовоох нь тодорхой байлаа. Тэгэж бодоод Тунсааг унтаж амардаа бие гайгүй гэдгээ хэлэв. Өрөөний гэрэл унтармагц өлөг хууч нь дийлсэн Жанчив өнөөх гөлгөө дахин нягтлан бодлоо. Түүнийг хорь дөнгөж гарч явахад хамар хашааны Даш өвгөн элэгний хүнд өвчин тусч гэдэс нь хэнгэрэг болоод эмчилгээгүй гэгдэн эмнэлгээс гарч гэртээ хоногоо хүлээж байлаа. Тэгтэл нэг өглөө мань өвгөн хуучцуулаас сонсоноо эцсийн найдлага болгон горьдлого таслахаар шийджээ. Дөнгөж төрсөн нүдээ нээгээгүй гөлөг олж ир гэж хүүдээ зарлиг буулгав. Өдөр хоногоо хүлээсэн эцгийнхээ эцсийн хүсэлтийг биелүүлэхээс өөр зүйл толгойд нь орсонгүй. Тэгээд өнөө маргаашгүй гөлөглөх болсон халтар гичийг өөх махаар хуурсаар хашаандаа оруулаад авчээ. Халтар гичий танихгүй айлын хашаанаас гарах гэсэн боловч хаалга үүд хаяа хатавч нь зүү орохын ч зайгүй санжээ.

Тэгтэл хэвлийд нь хөдөлж хөөрцөглөдөг олон юмс юу юугүй төрөх төлөвтэй болмогц нь түлээний пингийн нэгэн булан дахь новш ноорхой дээр хэвтэр засч авлаа гэнэ. Тэнгэр газар дайвалзан хамаг биеийн тамир хайчсаныг мэдэхгүй болтол хүчтэй өвдсөнөө эхний гөлөг, түүний дараа, дараагийн гэсээр хэдэн ч гөлөг цувж төрснийг гичий мэдсэнгүй. Ёстой юм ёсоороо болж амьтсын гийнах чимээ сонсоод яах ч аргагүй хэвтэр сэлгэн цавь цуухандаа наалдуулжээ. Энэ хооронд Даш өвгөний хүү сүйхээчлэн нүдээ нээгээгүй нялх нойтон амьтныг авч ирсэнд өвгөн цэрийсэн гэдэс, элгэн дээрээ тавиад нөмөрсөн дээлээрээ хучжээ. Хичнээн ч хугацаа өнгөрснийг бүү мэд сахиж суусан хүмүүс сайтар ажин юу болох хийгээд ямар үр дүнд хүрэхийг хүлээгээд л суужээ. Тэгтэл нялх амьтан өвгөний элгэн тус газраас өнхрөн ойчжээ. Анхандаа амьтай байгаа эсэхийг мэдэхгүй мэл гайхаж суусан хүмүүс татвалзан өндийх аядахыг хараад ширтээд л байж. Тэг тэгсээр нялх амьтан цагираглан хэсэг хэвтсэнээ хөхөө эрэх аядан хүзүү толгойгоо нэг л эвгүйхэн хөдөлгөжээ. Нүдээ нээгээгүй гөлөг өвгөний өвчин хуучийн хамаг хорыг нялх биендээ сорон авч өөрөө өрөөл татанхай болсныг хэн ч гадарласангүй өнгөрчээ. Хожим хоол эрэн гийнаад байхаар нь авч ирээд эхийг нь бараадуулан орхижээ. Өвгөн өндийхтэй болж өнөөх хэнгэрэг болсон гэдэс нь татагдаж элэг хавийн хамаг зовиур шаналал хурууны өндөгнөөс өргөс авсан мэт арилсан байлаа. Өнөө муу гөлөг цувж төрсөн бусдыгаа бараадан хөдлөх аядавч хоёр тийшээ ээжлэн татаж унадаг хуучтай болжээ. Цувж төрсөн бусад гөлөг хоног хоногоор боргошин паацганаж гүйхтэйгээ болоод байхад өвгөний өвчин хуучийг авсан гөлөг өдөр хоногоор улам л татвалзан унаж тусдаг болжээ.

Өвгөн хэвтрээс босч гэрээс өөрөө гарч морь харахтайгаа болоод байлаа. Өвчин засал авсанд үхэх нь гэж сахиж байсан хүмүүс энэ учиртай арга чаргын ид шидийг биширч байлаа. Нэг мэдэхэд өвгөн Даш хоол унданд орж биеийн тэнхэл нь сайжран сайжирсаар эрүүл хүн болжээ. Үйл лайгий нь өчүүхэн биендээ шингээж авсан нялх амьтан нэг өглөө мажийсан байлаа. Энэ явдлаас хойш хэд хоноод эрүүл болсон өвгөн Даш орчлонг бас орхижээ. Хуучцуулын үгээр бол өөрийн биеийн өвчин хууч, үйл лайгаа үүрүүлсэн тэр нялх амьтныг нүд анин анитал нь тэжээн асрах учиртай санж. Тэгсэн бол энэ нялх амьтан амиараа амийг нь авардагаараа аврах байжээ. Энэ бүхнийг эргэцүүлэн хэвтсэн Жанчивт хөөрхий нялх гөлөг үзэгдэх шиг болж өрөөлийн өвчнөөр биеэ хордуулсан нь буян болж, өвгөн харин нүгэл үйлдсэнийг зэвүүцэж байлаа. Жин өвлийн жавар мэт энэ зэвүүцлээсээ болоод жихүүцсэн бие нь агдас хийв. Тэгээд харанхуй дотроос элсний ширхэг мэт ганц бүгээн юмыг олж харлаа. Тэр нь үйлийн үр, лай ланчиг, өвчин шаналалаа өөрөө биеэрээ эдэлж дуусахаар шийдсэн нигүүлсэл, эр зориг байлаа. Ингэхийн сацуу эцсийн амьсгал тасран тасартал үзэгдсээр байгаа нөгөөх дөрвөн нүдтэй халтар гөлөгнөөсөө өөрөө Жанчив уяа нь алдуурсан мэт цагаан зураас татуулсаар амьд амьтан хүршгүй алсын холд одлоо. Тэгж энэ орчлонд цоо эрүүл цор ганц халтар гөлөг үлдэн хоцорлоо.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккг(202.126.89.183) 2024 оны 10 сарын 27

Өвчин авдаг гж үнэн үү

0  |  0
Top