Дэлхий нийтээр жил бүрийн арваннэгдүгээр сарыг уушгины хавдарт анхаарлаа хандуулах сар болгон тэмдэглэдэг билээ. Энэ тухай өнөөдөр /2018.11.29/ Хавдрын үндэсний зөвлөлөөс дараах мэдээллийг өглөө. Монгол Улсын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг. Энэ нь тамхины хэрэглээгээр дэлхийд эхний аравт багтдаг гэсэн үг юм.
Сүүлийн 10 жилд манай улсын иргэд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. 2003 онд 681 мянган ширхэг тамхи импортолдог байсан бол энэ тоо 2017 оны байдлаар 2,9 тэрбумд хүрсэн байна.
Мөн 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зориулжээ.
Хавдрын үндэсний зөвлөлөөс тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол тамхины татварыг нэмэгдүүлж, хүртээмжийг хязгаарлах арга гэнэ. Жишээлбэл, Өмнөд Африк тамхины татварын бодлогоор дэлхийд тэргүүлдэг бол Гүрж улсын бодлого ч сүүлийн үед нэлээд үр дүнгээ өгөх болжээ. Учир нь 2017 онд тамхины татварыг ихээр нэмэгдүүлж, электрон тамхийг янжууртай адил хэмээн үзэх болжээ. Мөн Австрали улс ч ирэх 2020 он гэхэд нэг хайрцаг тамхины үнийг 40 ам.долларт хүргэх, тамхинаас гарахад улсаас дэмжлэг үзүүлэх, тамхигүй орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээг штат дараатай авснаар тамхины хэрэглээг 39 хувиас 13 хувь хүртэл бууруулна гэж үзжээ.
Дэлхийн тамхины хяналтын конвенцид нэгдсэн орон бүр тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэх үүргийг олон улсын өмнө хүлээсэн байдаг. Үүний дагуу манай улс анх 2012 онд дотоодын тамхинд 0.12-0.48 ам.доллар, импортын тамхинд 0.24-0.48 ас.доллар хүртэл онцгой албан татвар нэмэгдүүлж байжээ. Онцгой албан татвар нэмсний үр дүнд хэрэглээ 17,5 хувиар буурч, улсын төсөв 57,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Хамгийн сүүлд буюу 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тамхины онцгой албан татвар 10 хувиар нэмэгдсэн.
Тамхи үйлдвэрлэгч, импортлогчдын зүгээс тамхины татвар нэмэх нь хууль бусаар орж ирэх тамхины хэмжээг нэмэгдүүлдэг гэж үздэг. Гэхдээ БНСУ, Украйн, Казакстан зэрэг улсаас манай улсад орж ирдэг хууль бус тамхины байдалд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй болох нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс уушгины хавдар, зүрх судасны эмгэгийн өвлөлийг багасгахын тулд цаашид тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж, нэг хайрцаг тамхийг 9,900 төгрөгөөр борлуулах хэрэгтэй гэдгийг Хавдрын үндэсний зөвлөлөөс санууллаа. Тэгж байж иргэдийг үхэлд хүргэсэн хавдар, эмгэг зэргээс хамгаалах боломжтой болох аж.
Г.ЭНХ-УЯНГА
Сэтгэгдэл ( 2 )
За лай л байна
МОнголын Тамхины үйлдвэрлэгччидэд татвар 10 хувь бол бага байна. 1 хайрцаг тамхинаас 25 хувийн татвар ноогдуулахад үйлдвэрлэгчидэд алдана гэж үгүй юм аа.Нэг хайрцаг тамхи 9,900 гэдэг чинь арай бага байна 15.500 төгрөг гэвэл