Монголчууд маань даанч дэндүү итгэмтгий, зарим тохиолдолд бүр тэнэг ч гэмээр хүмүүс шүү. Мөнгө олдож л байвал гал, ус руу орж амиа золихоос буцахгүй. Чамд мөнгө олох ийм нэг арга байна гээд хялбархан үхэх арга заагаад өгвөл үг дуугүй биелүүлээд бурхан болохоос сийхгүй бололтой. Ядуу байгаагаас тэр үү. Тухайн үед санхүүгийн хувьд ядуу байж болох юм. Харин сэтгэлгээний ядууралд өртөж хэрхэвч болохгүй гэсэн нэг мэргэн үг бий. Гэвч өнөөх л муухай зангаараа сүүлийн хэдэн жилд манайхан бусдад мөлжүүлсээр байна. Төрийн түшээд нь хүртэл хуулийн аргаар хөөрхөн молгидож, цоорхой хуулиар амилж босч ирсэн хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулаад хамаг мөнгийг нь угааж орхисон гашуун явдал хуучраагүй байгаа. Мөн мөнгөний пирамид гэгч сүлжээний бизнесээр хэдэн хүн хохирсон талаархи бодит тоо бүрхэг хэвээрээ байна. Энэ мэтээс өгсүүлээд бидний сэтгэлгээний хоосролыг мэддэг болсон гадныхан сүүлийн үед интернетээр мөнгө амлан хуурч мэхэлдэг болжээ. Хэдэн жилийн өмнө Нигер улсыг зорьсон Дамдинсүрэн гэдэг залуу амаараа шороо үмхэтлээ хууртагдсанаа мэдээд боож үхэх нь холгүй нутагтаа эргэж ирсэн гэдэг. Мань хүн интернетээр нэг сая доллар хожсон тухай мэдээ хүлээн авмагцаа хөл нь газар хүрэхгүй баярлан харайж, гурван өрөө байраа зараад тэрхүү “хонжвороо” авахаар очжээ. Нигер бол эртнээс мафийнханы өлгий нутаг. Авлигагүйгээр амьдарч чадахаа больсон улс. Хөөрхий тэр залуу тэнд интернетээр зааж өгсөн хаягаар нь явсаар нэгэн компани дээр хүрч очжээ. Тэгсэн чинь лагс бүдүүн эр түүнийг тосч аваад хамгийн өндөр үнэтэй зочид буудалд оруулж, маргааш нь компанийхаа удирдлагатай уулзуулах юм болжээ. Ингээд түүнээс компанийхаа удирдлагад зуулчилж өгсөний хөлсөнд 500 доллар нэхэж гэнэ. Дамдинсүрэн нэрэлхээд шууд мөнгөө өгчээ. Маргааш нь нөгөө компаний захиралтай уулзахад цаадах нь хонжвор олгох журмыг танилцуулж, “Та нэг сая долларыг дансаар авахын тулд манайд бэлнээр барьцааны 500 мянган доллар төлөөд Монгол руугаа буцаж болно” гэх нь тэр ээ. Ийм их мөнгө яаж байх билээ. Тэр хууртагдсанаа хожуу ч гэсэн ингэж мэдсэн байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг хэлэх үү. Нигерийн луйвар гэдэг нь энэ ажээ. Тэгвэл залилан мэхлэх ийм ажиллагаа өнөөдөр Монголд улам хүчтэй орж ирж байна. Хүмүүсийн гар утсанд болон И-мэйл хаягаар “Та гар утасны сериал дугаараараа 1 000 000 ам.доллар хожлоо, бидэнтэй холбогдоно уу” гэсэн захидлууд ирсээр байгаа. Үүнийг хүлээж авсан манай гэнэхэн нөхдийн шүлс гоожих шахна. Тэгээд залилагчдынхаа асуултанд нэг бүрчлэн хариулна. Хувийн нууц мууц бол огт падгүй. Хамаг байдгаа дэлгэж, долоон булчирхайгаа тоочиж өгнө дөө. Дараа нь тэд 20 000 долларын хуурамч чекээ гардаж аваад төлбөрийг нь хийхээс аргагүй болдог байна. Энэхүү хуурамч чекийн төлбөрийг төлж чадахгүй бол азын 1 000 000 ам.доллароо авч чадахгүй. Тиймээс өр зээл тавьж байгаад ч хамаагүй хуурамч чекийн төлбөрийг интернет банкны дансаар зүс үзээгүй шинэхэн анддаа илгээнэ. Тэгээд азын доллароо хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Ирдэггүй ээ. Хууртагдсанаа хэдэн сарын дараа мэднэ. Ийм луйврыг ихэвчлэн Американ Экспресс банкаар дамжуулан хийж байгаа гэнэ. Энэ төрлийн гэмт хэргийг олон улсын хэмжээнд Нигерийн залилан гэж нэрлэдэг болсоор удаж байгаа ажээ. Саяхан хорь гаруй хүн ийнхүү луйврын хэргийн хохирогч болсноо мэдээд цагдаад хандсан байна. Гэвч цаад этгээдүүд нь дандаа хуурамч нэр хаягаар манай иргэдтэй харилцаж хамаг мэдээллүүдийг нь авч гэмт үйлдлээ хийдэг тул илрүүлэх боломж муутай байдаг юм гэнэ. Хөөрхий дөө, ийнхүү тэдгээр хүмүүсийн хэдэн бор төгрөг электрон банкаар ороод дошийн шоо болох нь тэр. Энэ тухай сонссон гадаадын нэгэн иргэн “Танай Монгол орон ямар олон тэнэгүүдтэй юм бэ” гээд элгээ хөштөл инээх нь ёстой уур хүрмээр.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )