Уг ном танд хэрхэн илүү, утга учиртай, илүү нигүүлсэнгүй, даруу төлөв "зовох"-ыг заах хөтөч болно. Хүнд ачаагаа үл тоон удаанаар ч хамаагүй урагшлахыг, хамгийн их айдастай үедээ ч амар тайван байхыг, уйлж байхдаа ч нулимсаа хараад инээх хүчийг энэ номоос та олж авна.
Номын зохиогч Марк Мэнсон 34 настай. Тэрбээр 2007 оны санхүүгийн уналт, эдийн засгийн хямралын үеэр ажилчин ангийн эгнээнд шилжиж, 2008 оноос өөрийн хувийн онлайн бизнес эрхлэх болсон байна. 2009 онд түүний болзооны блог, зөвлөгөө өгөх курс нь боломжийн орлого олох болсноор Марк Мэнсон гэрээ орхин Латин Америк зэрэг хөгжиж буй орнуудын зорьжээ. Үр дүнд нь тэрбээр 5 жилийн турш 55 улсаар аялсан байна. Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"-таа өөрийн амьдралд тохиолдсон явдлууд, тэдгээрээс олж авсан сургамжийг зарим сонирхолтой жишээ, судалгаатай холбон бичсэн байна.
"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номыг "Монсудар" хэвлэлийн газраас 2017 онд эрхлэн гаргасан юм. Тус номоос онцлох эшлэлүүдийг хүргэе.
- Хувь хүний хөгжил, амжилт хоёр ихэвчлэн зэрэг ирдэг. Гэсэн ч энэ хоёр бол нэг зүйл биш.
- Сайхан амьдралын түлхүүр нь олон зүйлд анхаарлаа хандуулах биш цөөн зүйлд, ялангуяа зөвхөн үнэн, хойшлуулшгүй, чухал зүйлд анхаарлаа хандуулах явдал юм.
- Биднийг асуудалд оруулдаг сүүлийн зүйл нь бид гутарч байгаадаа гутардаг. Гэмшиж байгаадаа улам гэмшинэ. Уур хүрч байгаадаа улам уурлана. Бид санаа зовж байгаадаа улам санаа зовно.
- Заримдаа та зүгээр л огт тоохгүй орхиход хамаг юм байр байрандаа ордгийг анзаарсан уу?
- Өөрийнхөө эмзэг талуудаа байгаагаар нь хүлээн авах нь эсрэгээрээ таныг илүү өөртөө итгэлтэй, бусдыг өөртөө татдаг нэгэн болгоно. Шударга харилцан ойлголцол нь таны харилцаанд илүү гайхамшигтай итгэл хүндэтгэлийг бий болгоно. Айдас болон бухимдлаасаа болж зовох нь танд зориг, тэвчээрийг суулгана.
- Ач холбогдол өгөхгүй байх гэдэг нь амьдралынхаа хамгийн аймшигтай, хэцүү шалгууруудтай нүүр тулсан ч түүнийг үл тоон хийхээр зориглох явдал юм.
- Бусад хүмүүс юу гэх бол гэхээс санаа нь зовдог учраас өөрийгөө өндөрт тавьсан хуурмаг дүрийнхээ ард нуугдана. Тэд бусдыг өөртөө ойртуулахаас эмээдэг. Учир нь хэнд ч ойлгогдошгүй онцгой, ер бусын цасан ширхэг мэт өөрсдийгөө үздэгт оршино.
- Эд баялаг эцэстээ чухал биш болдгийн адил зорилгогүйгээр зовох нь ямар ч үнэ цэнэгүй.
- Бид өөрт байгаа зүйлдээ урам хугарч, харин өөрт байхгүй зүйлдээ сэтгэл ханадаг болчихжээ. Энэ тогтмол сэтгэл ханамжгүй байдал нь биднийг тэмцэж, зүтгэдэг, бүтээн байгуулдаг болгожээ. Өвдөлт, зовлон зүдгүүр бол хүний хөгжлийн явц дахь алдаа биш харин байх ёстой шинж чанар юм.
- Миний ойлгох гэж удсан зүйл гэвэл би авирахыг нэг их хүсээгүй. Би зүгээр л ноён оргилыг нь төсөөлөх дуртай байжээ.
- Харин өөрсдийгөө байнга сул дорой мөн хамгийн үнэ цэнэгүй гэж боддог хүмүүс ч гэсэн үнэн хэрэгтээ өөртөө эрх ямба олгосон хүмүүс гэдгийг нь олж харж чаддаггүй.
- Хэн ч ганцаархнаа асуудалтай байдаггүй. Хэрвээ та асуудалтай байгаа бол сая сая хүмүүст тэр асуудал өнгөрсөнд нь байсан, одоо ч байгаа, мөн ирээдүйд ч байх болно гэсэн үг. Таны мэддэг хүмүүст ч гэсэн бий.
Н.ДАВААСҮРЭН
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )