Генерал Ч.Амарболд ял сонсох нь тодорхой болов бололтой

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

   

 

2008 оны сонгуулийн  дараа болсон үймээний үеэр таван хүн харамсалтайгаар амиа алдсан. Энэ үймээн самуун гол нь сонгууль шударга явагдаагүйгээс үүссэн гэдэгтээ одоо маргах хүн нэг ч алга. Эрх баригч намууд үүнд хамгийн их буруутайг хүмүүс нотолсоор байгаа. Үүнээс болсон уу, МАХН нэрээ сольсон. Ухаандаа энэ аймшигт аллага хуучин намын үед хийгдсэн, өнөөгийн шинэ Ардын намд огт хамаагүй гэх гээд байх шиг байна. Үгүй л дээ. Ардын нам нэрлэсэн ч иргэд маань хариуцлага тооцож л таараа. Энэ хэргийг шалгах үйл явц удаашралтай байна. Магадгүй улс төрийн шалтгаантай буюу хүсэл зориг дутаж байж болох юм.

Тус намын өврөөс гарсан тухайн үеийн цагдаагийн дарга нарт холбоотой хэргийг улсын прокуророос хаачихсан байлаа. Үймээний үеэр цагаагийнхан байлдааны зэвсэг хэрэглэн энгийн номхон ард иргэд рүүгээ гал нээгээгүй гэх маягийн юм болж хэргийг хаасан. Гэвч булавч бултайхын үлгэрээр орж байна. Шинээр томилогдсон ерөнхий прокурор  Д.Дорлигжав ажлаа авмагцаа хамгийн түрүүнд энэ хэргийг дахин сэргээж цагдаагийн дарга нарыг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. Байлдааны зэвсэг хэрэглэн иргэд рүүгээ гал нээсэн буруутанд ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Д.Батсүх, Хэв журмын хэлтсийн Г.Ганбаатар нар тооцогдох төлөвтэй. Цагдаа нар жирийн иргэд рүүгээ буу шагайн буудсан гэдэг нь тодорхой болох болов уу. Харин энэ аймшигт командыг чухам хэн өгөв гэдгийг тогтоох нь чухал байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр уу, эсвэл цагдаагийн эдгээр эрхмүүдээс үү. Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Алтанхуяг угаасаа Ардын намын хүн гэсэн тодотголтой болохоор хэргийг хэрэгсэхгүй болгож байв уу, тэгвэл тэр эцсийн эцэст хэнийг хаацайлахыг оролдож байв гэх мэт олон асуудал гарч ирнэ. Мөн Ч.Амарболдыг Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн санаачлагаар ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болгосон. Хэрэгцээтэй цагт түүнийг хар бохир ажилдаа дайчлахын тулд ийм томилгоо хийсэн юм болов уу. Тийм байж болох л юм. Гэхдээ ямартай ч тэдэнтэй холбоотой энэ хэрэг нэг тийш шийдэгдэх нь гарцаагүй боллоо. Ч.Амарболд үүнд гол буруутай хэмээн зарим эх сурвалжууд онцолж байна. Тэрээр тухайн үед “Цагдаа нар минь наад хэдэн хүнээ алаад өг” гэж цөсийг нь хөөргөсөн ч байж мэдэх ажээ. Түүнчлэн “Таван хүний амь хороох нь юу ч биш” гэсэн яриа түүний өрөөнөөс тэр шөнө гудамж руу нисч одсон байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс хэргийг мөрдөн шалгагч нар Ч.Амарболд тэргүүтнийг ажилдаа хайхрамжгүй хандсан гэх утгатайгаар хэргийг хаасныг сэргээн шалгахдаа зүйл ангийг нь өөрчлөн бусдын амь насыг хохироосныг эш үндэс болгож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл генерал Ч.Амарболд ял сонсох нь нэгэнт тодорхой болов бололтой. Түүний өмгөөлөгч О.Алтангэрэл “Ч.Амарболд нарт холбогдох хэрэг сонгуулийн хөзөр боллоо” гэсэн ярилцлага хэвлэлд өгснийхөө төлөө Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд байцаагдаад авсан. Мөн бусад холбогдогч нарынх нь өмгөөлөгч нар ч энэ хэрэгт манай дарга нар хамаарахгүй гэх утгатай зүйл ярьсаар байгаа. Гэхдээ тэдний ярианаас сэжиг төрмөөр юм харагдаад л байна. Прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа уг хэрэг гарсны дараахан “Цагдаа нарт ама хамхих үүрэг, чиглэл өгсөн тухай баримт бий” гэсэн юм. Тэрээр мөн “Бууны хонгио байна гээд протоколд тодоос тод бичигдсэн байгаа” гэжээ. Түүний орлогчоор ажилладаг Ц.Батболд “Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн гэх нотлох баримт хангалттай бий. Бууны сум  байна. Буудах тушаал хэн өгсөн юм гэхээр дарамталлаа гэдэг” гэжээ. Зөвхөн эдгээрээс үзэхэд хүний амь хороосон хэрэг нийтэд илэрхий болж байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top