Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс өчигдөр хөл ихтэй байлаа. Тус дүурэг 135 мянган хүн амтай, нийгмийн даатгалын хэлтсээр өдөрт дунджаар 400-500 хүн үйлчлүүлдэг ажээ. Албан байгууллагууд тайлангаа өгч эхлээгүй болохоор ачаалал бага байна гэж тус хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Баярмаа ярив. Энд сайн дурын болон тэтгэврийн, эрүүл мэндийн даатгалын байцаагч нар нь тус тусдаа өрөөнд суух бөгөөд эрүүл мэндийн даатгалынх нь бусдаасаа ачаалал ихтэй байв. Үйлчилгээний заал нь ч арваадхан хүн арай чүү багтахаар жижиг юм. Гэхдээ "Хажуу талын Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчид үзүүлэх гэсэн юм, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй гээд үзэхгүй байна", "өнгөрсөн жил сайн дурын даатгалд хамрагддаг байсан. Одоогоор шимтгэлээ төлөх боломж муу байна, яах вэ", "шинээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр авах гэсэн юм", "би гурван сартай жирэмсэн, эрүүл мэндийн дэвтэр ерөөсөө авч байгаагүй, ажлаас гарснаас хойш хоёр жил шимтгэл төлөөгүй" гэх мэтээр олон янзын шалтгаан хэлэх хүмүүсийн дараалал шингэрэх янзгүй. Дараалалд зогсох иргэдийн ихэнх нь Хүний хөгжлийн сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх гэж иржээ. Хөдөлмөр эрхлээгүй, сайн дурын даатгалд хамрагддаггүй бол Хүний хөгжлийн сангаас энэ оны 8040 төгрөгийг өөрийн халааснаас гаргахгүйгээр төлүүлэх боломжтой. Гэхдээ өмнөх жилүүдийнхээ шимтгэлийг бүрэн төлсний дараа энэ эрх үүсэх аж. Яагаад гэвэл, 2006 оны долдугаар сараас хойш эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулдаг байхаар хуульчилжээ. Шимтгэлийн хэмжээ 2006 онд 3000, 2007-2010 онуудад 6000, энэ онд 8040 байжээ. Тиймээс та дээрх хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй бол 27 мянган төгрөгийг нөхөж төлнө. Үүний дараа иргэний үнэмлэхийг тань үндэслэн 2011 оны шимтгэлийг Хүний хөгжил сангаас төлөх юм байна. Шимтгэлээ төлсөн хүн тухайн жилдээ нэг сая 112 мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах эрхтэй.
0-16 насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол 18 нас хүртэл нь, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр бол гурван нас хүртэл асарч байгаа эх, өндөр настны тэтгэвэр авагч, хугацаат цэргийн жинхэнэ алба хаагч нарын эрүүл мэндийн шимтгэлийг төрөөс даадаг. Харин их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийнхан, малчин, шоронд ял эдэлж буй хоригдол болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид жилд 8040 төгрөг төлөх үүрэгтэй. Аж ахуйн нэгжид ажиллагсад сарын цалингийнхаа дөрвөн хувийг төлдөг байна.
Сайн дурын даатгалд хамрагдсанаар ажил хийж байгаа хүнтэй ижил эрх эдэлдэг
Сүүлийн жилүүдэд сайн дурын даатгалд хамрагдах хүний тоо эрс өсчээ. Энэ нь иргэд даатгал гэдэг амьдралын баталгаа гэдгийг ойлгодог болсны илрэл гэж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч бөгөөд үйлчилгээний тасгийн дарга Б.Уранчимэг хэлж байна. Сайн дурын даатгалд хамрагдах гэсэн хүсэлтэй хүнтэй ч хэд хэд таарав. Тэдэнд байцаагч нь сарын орлогоо өөрөө тодорхойлон, түүнийхээ 13 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг гэдгийг тайлбарлаж байв. Тухайлбал, сарын орлогоо 500 мянган төгрөг гэж үзвэл сар бүр 65 мянган төгрөг төлнө. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болохгүй. Харин улирлаар нь урьдчилж төлж болдог юм байна. Сайн дурын даатгалд хамрагдсанаар ажилгүй байсан ч эмнэлэгт хэвтэхдээ хүмүүсийн ярьж заншсанаар листний мөнгө авчихна. Жирэмсний сүүлийн болон төрсний дараах зургаан сарын тэтгэмж ч авах эрхтэй.
Үүнээс гадна иргэд орон сууцны зээл авахдаа орлогоо албан ёсоор тодорхойлохын тулд сайн дурын даатгалд хамрагдах нь нэмэгдсэн байна. Гэхдээ нийгмийн даатгалд хамрагддаг ч эрхээ мэдэхгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чаддаггүй байх тохиолдол элбэг тохиолддог гэнэ. Тиймээс хэрвээ та ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд хуульд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандах хэрэгтэй юм байна. Хугацаандаа хандаагүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авч чадахгүйд хүрэх юм байна лээ.
Хугацаа хожимдуулснаас хохирдог бас нэгэн тохиолдол нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох. 55 насандаа тэтгэвэрт гарах бол та 54-тэй байхдаа л бичиг баримтаа бүрдүүлээд өгчихвөл болох юм байна. Тэтгэвэрт гарах наснаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгвөл тэтгэврийн насанд хүрсэн өдрөөс нь тооцдог. Харин оройтуулж өгвөл баримт, бичиг бүрэн хүлээж авсан өдрөөс нь тооцон тэтгэвэр олгодог ажээ. Тэгээд ч архиваас бичиг баримт шүүлгэх, бүр цаашлаад шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага ч гарахыг үгүйсгэх аргагүй учраас эртнээс харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байцаагчаасаа асууж, бичиг баримтаа бүрдүүлж эхлэх шаардлагатай гэдгийг тэд сануулахыг хүссэн юм.
Том оврын автобусын жолоочийг хүнд, хортой нөхцөлтэй ажлын байрны жагсаалтад оруулжээ
Өнгөрсөн хоёрдугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын захирамжаар тэтгэвэр хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоох, газрын доор болон хүнд, хортой ажлын байрны жагсаалтыг шинэчилжээ. Энэ удаагийн өөрчлөлтөөр замын цагдаа, шугам замын байцаагч, галт тэрэгний үйлчлэгч, арчлалтын асфальт бетончин, тос чанагч, форсункчин мэргэжлийг хүнд, хортой нөхцөлд хамруулжээ. Мөн технологийн зориулалттай машин механизмын жолооч буюу индүүчин, эксковаторчин, бульдозорчин, ачигчийн жолооч, асфальт дэвсэгчийн жолооч, битум зөөгч, чулуу бутлуурчин, автогрейдерчин багтсан байна. Үүнээс гадна нисэх онгоцны жолооч, нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар ч дээрх жагсаалтад оржээ. Уул уурхайн аврах албаны аврагч, байлдагч, жолооч, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, ерөнхий инженерүүдэд ч хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх олгосон байна. Тиймээс дээрх ажил, мэргэжлийн хүмүүс нийгмийн даатгалийн хэлтэстээ хандаж мэдээлэл авч, тэтгэвэр авах боломжтой гэнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )