"Дэлгэр хангай уулан дээрээс дэлхий харагдана" хэмээн алдарт зохиолч С.Дашдооров гуравдугаар ангид байхдаа шүлэглэсэн гэдэг. Агуу зохиолчййн энэ л мөртүүд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нэрийн хуудас юм. Говийн наран ээхэд уулын хад цохио нь гялтганаж, хөрс шороо нь гялалзах мэт үзэсгэлэнтэй юм. Дэлхий харагдах энэ уулын бэлд улсын дөрвөн удаагийн аварга ерөөлч, магтаалч Б.Эрдэнэбаатартай ярилцлаа. Нутагтаа алдартай түүнийг говийнхон "Манай Эрдэнэбаатар ерөөнө ч гэж үзүүлнэ. Хааяа харааж ч мэднэ" хэмээн дэгсдүүлнэ. Би ч олны үг ортой байж мэднэ гэж бодоод "Нутгийнхан чинь хараадаг гэх юм" гэчихэв. Тэрээр "Юу гэж дээ" хэмээн инээмсэглэсэн юм. Дундговьчууд их наргианч, шооч хүмүүс юм. Тэнд нэр, хочгүй хүн тун ховор. Б.Эрдэнэбаатар анх "Өмнөговь аймагт ерөөлч магтаалчдын улсын уралдаан болно" гэдгийг дуулаад Дэлгэрхангай ууландаа мөргөн, мотоциклоо унан давхисан гэдэг.
-Өмнөговьд болсон тэмцээндээ түрүүлж байсан гэдэг. Анх тайзан дээр гарахаас эмээж байв уу?
-Энгэртээ алт, мөнгөн медаль гялалзуулсан нэр цуутай ерөөлч магтаалчдаас эмээх сэтгэл төрсөн. Тэмцээн болж байгаа танхимд замын тоосоо ч гөвөлгүй орж билээ. Хүмүүс намайг гайхаж хараад л "Чи яах гэж яваа юм" гэж хүртэл асууж байлаа. Би "ерөөнө" л гэж хэлсэн. Тухайн үед ямар байсан маань санаанаас гардаггүй. Тоос шороо болсон хөдөөгийн бор залуу, торго дурдан болсон хүмүүстэй өрсөлдөөд зогсож байлаа.
-Тэр тэмцээнд та "Доллар" гэсэн сэдэв сугалаад 40 гаруй минут ерөөсөн гэдэг. Сэтгэлд тань ойрхон сэдэв биш болохоор амаргүй байсан байх?
- Би долларыг барьж ч үзээгүй болохоор хатуухан сугалаа байсан. Гэхдээ ном хэвлэлээс уншсан мэдээлэлдээ түшиглээд урсгаж гарлаа. Танхим нам гүм болоход дуугаа өндөрсгөлөө, улам сайхан үгнүүд орж ирээд байсан. Нэг мэдэхэд дөчөөд минут ерөөчихсөн байж билээ. Ингээд Өмнөговьд болсон тэмцээний алтан медаль минийх болсон доо.
-Шууд тайзан дээр ерөөнө гэдэг гайхалтай юм. Түүнийгээ сүүлд нь санадаг уу?
- Ямар нэг сэдэв сугаллаа гэхэд түүнийг хэрхэн эхэлж, дуусгах, дунд нь яаж өрнүүлж, баяжуулах вэ гэдэг өөрийн эрхгүй аманд ороод ирдэг. Тухайн үед хараад ерөөчихсөнөө дахиад хэлье гэхээр олигтой болдоггүй юм. Ер нь хальсанд бичихгүй бол хэлсэн үгээ дахин бүрэн санана гэж байдаггүй.
-Таныг мөн хүнийг шууд хараад ерөөдөг гэж сонссон?
-Тийм ээ.
"Халуун нарнаас хамгаалсан
Хөх цэнхэр малгайгаа тавьсан байна
Хар бараан шилээ зүүсэн
Хар пальтотой бүсгүй
Халамцуу явахад минь
Хүрэн уулын өмнө хүрээд ирлээ" гээд л чамайг ерөөж болох юм.
-Авьяас тань хэдэн настайгаасаа илэрсэн юм бэ. Таны удамд ерөөлч, магтаалч хүн байв уу?
-Багадаа шүлэг бичдэг байсан. Харин ерөөл магтаалыг цээжилж хэлэхээс цээжнээсээ хэлдэггүй байлаа. 1993 онд цэргээс ирснийхээ дараа айлын найран дээр очлоо. Тэнд ерөөл хэлэх хүн олддоггүй. Гэтэл манай багийн дарга "Бархасын Эрдэнэбаатарт өг. Ямар ч байсан хэдэн үг хэлнэ" гэдэг байгаа. Би ч хултай айраг бариад бага зэрэг сандран хэдэн үг хэлж билээ. Түүний дараа нутгийнхан маань надад "Ерөөл хэлэх хүн байна" гэж их урам өгсөн шүү. Манай удамд Гэлэгбалсан гэдэг нутаг усандаа нэртэй хүн байсан гэдэг. Гэхдээ би энэ тухай нэг их ярьдаггүй. Би багадаа айлд өргөгдсөн хүн.
-Монголд олон сайхан ерөөлч, магтаалч бий. Б.Эрдэнэбаатарын онцлог нь юу вэ?
-Би жаахан яаруухан хэлдэг хүн. Өмнөговийн ерөөлч, магтаалч Оргоо гуай гэхэд "Зээ ээ" гэж эхлэхдээ амьсгааны задлал нь шал өөр байдаг. Үржинханд гуайн хувьд нэг их сайхан тайван ерөөдөг шиг санагддаг. Ер нь баруун аймгийнхан биелгээ, исгэрээ, тууль хайлах нь илүү байхад говь талынхан хуураа бариад магтаал, ерөөл аялгуулахдаа сайн гэж боддог.
-Манайхан амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Тэгэхээр ерөөж магтана гэдэг их буянтай ажил санагдаж байна?
-Монголчууд бие биедээ дандаа л ерөөл хэлдэг ашдын билэгтэй ард түмэн. Түүний дотроос шүлэглэж хэлдэг нь ерөөл магтаалын онцлог юм. Ард түмний аж амьдралын зан үйлээс эхлээд төрийн ёслол хүндэтгэлд ерөөлч залагддаг, монгол хэл маань ч арвин баялаг юм. Би түүх, ёс заншил судалж, ном их уншихыг хичээдэг. Аливаа юмны гарал үүсэл, үүх түүх домог нь их сайхан тайлал байдаг юм.
Ийнхүү Б.Эрдэнэбаатар бидний яриа өндөрлөлөө. Тэрээр гурван охин, нэг хүүтэй. Охин нь аавыгаа дуурайсан ардын урлагт авьяастай нэгэн. Эрдэнэт хотод болсон Н.Дагийранз гуайн нэрэмжит уралдаанд түрүүлж аавыгаа баярлуулж байжээ. Нутгийнхан нь "Б.Эрдэнэбаатарын охин ерөөлч, магтаалч болж, эмэгтэй ардын авьяастан манайхаас төрнө" хэмээн найддаг байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )