Өнгөрч буй 2018 онд Хятад улс шинжлэх ухаан, технологийн салбарт ололт, амжилтаар дүүрэн байв. Тэдгээрээс олон улсын анхаарлыг татаж, олон талаар дээд амжилт тогтоосон, мөн дэлхийд анхдагч болсон онцлох зургаан бүтээлийг CCTV нэрлэжээ.
Сарны “цаад тал”-д хүрэв
Хятад түмний домгийн бурхан сарны дагины нэрээр нэрлэгдсэн “Чаньэ” хөтөлбөрийн “Чаньэ-4” алсын удирдлагат хөлөг энэ сарын 7-ны өдөр эх дэлхийгээс хөөрч, 12-ны өдөр сарны тойрог замд амжилттай нэвтэрсэн нь Хятадын сансар судлалын салбарын 2018 оны томоохон амжилтын нэг байв. Өмнөх “Чаньэ-3” нь сарны гадаргуу дээр амжилттай газардсан Хятадын анхны хөлөг байсан бол “Чаньэ-4” хөлөг сарны харанхуй тал гэгддэг одоогоор ер судлаагүй байгаа хэсэгт хүрч, сарны хөрс чулуулгийн мэдээллийг цуглуулах үүрэгтэй юм. “Чаньэ-4” ирэх сарын 3-ны өдөр саран дээр газардах төлөвтэй байна.
Дэлхийн хамгийн урт тэнгисийн зам
Ойролцоогоор 420 мянган тонн буюу 60 ширхэг Эйфелийн цамхаг босгоход хүрэлцэхүйц хэмжээний ган төмрөөр бүтсэн, энэ оны хоёрдугаар сард бүрэн ашиглалтад орсон Хонконг-Жухай-Макаогийн гүүр нь дэлхий дээрх хамгийн урт тэнгисийн зам төдийгүй ерөөс усан дээр баригдсан дэлхийн хамгийн урт бүхэл байгууламж юм. Өөрөөр хэлбэл өөр нэг ч зам, гүүр, суваг шуудуу, хонгил, дамжуулах хоолой энэхүү гүүрэн зам шиг урт биш гэсэн үг. Нийт 55 км урт уг гүүрийг 2009 онд барьж эхлэх үед олон хүн энэ төслийг бүтэшгүй зүйл гэж үзэж байсан ч өдгөө уг гүүр “Орчин үеийн шинэ долоон гайхамшиг”-ийн нэгээр нэрлэгдэж байна.
Хамгийн том хиймэл хүрхрээ
Хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн өндөр хүрхрээг та Хятадын баруун өмнөдийн Гуйжоу мужийн Гуйян хот дахь 108 давхар тэнгэр баганадсан барилгаас харж болно. 121 метрийн өндрөөс урсах хиймэл хүрхрээний усыг гүний бохир усыг цэвэршүүлэн гаргаж авчээ. Гэхдээ шинэ цагийн эл гайхамшигт бүтээл маш өндөр өртөгтэй. Усыг цэвэршүүлж, зогсолтгүй урсгахад 185 киловаттын хүчин чадалтай аварга том дөрвөн шахагчийг байнга ажиллуулах шаардлагатай бөгөөд хүрхрээний урсгалыг хянахад цаг тутам 800 юань буюу 116 ам.доллар зарцуулдаг байна.
Хигээсгүй хамгийн том алсыг харагч
Хятадын Шаньдун мужийн нутаг Бохайн тэнгисийн эрэгт сүндэрлэх Феррисийн цагариг хэмээх энэхүү алсыг харагч нь 142 метр өндөр буюу алдарт “Лондоны нүд” алсыг харагчаас 10 метрээр өндөр, Гиннесийн номд бүртгэгдсэнээр гол нь хоосон, хигээсгүй дэлхийн хамгийн том алсыг харагч юм. Алсыг харагчийн их бие болох аварга цагариг нь хөдөлдөггүй бөгөөд кабинууддаа гулсуур, замын үүрэг гүйцэтгэдэг байна. Бохайн алсыг харагч энэ оны тавдугаар сард ашиглалтад оржээ.
Дэлхийн анхны гүний зочид буудал
Шанхай хотод энэ оны 11-р сард үүд хаалгаа нээсэн “Шимао” зочид буудал нь 19 давхар, таван одтой тансаг буудал бөгөөд газрын түвшнөөс 100-аад метрийн дор баригдсанаараа онцлог юм. Дэлхийн хамгийн анхны газрын гүний, цооногт баригдсан зочид буудал гэгдэж буй уг буудлыг аварга том хогийн цэг болгохоор зэхэж байсан гүн хонхорт барьж босгожээ. “Шимао” буудлыг мөн “Дэлхийн хамгийн нам дор баригдсан тэнгэр баганадсан барилга” хэмээн нэрлэж байна.
Дэлхийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч
Хятадын хиймэл оюун ухааны технологи буюу AI салбар асар хурдтай хөгжиж, дэлхийд тэргүүлж эхэлсний нэгээхэн баталгаа нь өнгөрөгч 11-р сард үзэгчидтэй мэндэлсэн дэлхийн анхны тоон хөтлөгч байлаа. Хятадын төрийн төв хэвлэл мэдээллийн агентлаг “Синьхуа” болон тус улсын томоохон хайлтын системийг бүтээгч “Согоу” интернэт компанийн хамтын бүтээл болох тоон хөтлөгч нь хэд хоногоор зогсолтгүй ажиллах чадвартай бөгөөд англи, хятад хэлээр мэдээ мэдээлэл уншихаар программчлагджээ.
Эх сурвалж: http://mn.cctv.com
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 2 )
HIIMEL SAR HIISEN