Оройтож ирсэн золгүй хайрын зовлонд унасан хоёр вээр...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

 

Лувсангийн Пүрэвдорж

 

Говь-Алтай аймгийн Хасагжаргалан суманд төрсөн. Нэлээд өгүүллэг, тууж, роман, эссэ, нийтлэл бичиж, “Туг зээрд”, “Нүхгүй цэнхэр сувд”, “Сэтгэлийн гэрэл сүүдэр”, “Егүүтгэл”, “Бэтэг”, “Эрлэгийн бошго” зэрэг ном гаргажээ.

 

Гар

-Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя даа, чи тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан, ээрч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны дундаас үзэгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж, тогтон алдаж байх аж.

-Дараагийнхад нь суу л даа. Удахгүй ирэх байлгүй гээд Очирбадь  Өнөржингийн өрөөсөн гарыг тэмтэрвээс бүсгүй шалавхан бээлийгээ сугалаад халуу дүүгсэн жижигхэн гараа алган дотор нь хийж бөмбөрүүлэн эрхлүүллээ. Хүүхэн хүний гар эзнээ дуурайсан ааштай байдаг байх. Зарим нь мөлгөр хүйтэн, гөлгөр хөшүүн. Зарим нь ичгүүр сонжуургүй сайраг сарвалзуур. Зарим нь яхир ярдаг. Зарим нь эрээ цээргүй мунаг шунаг. Зарим нь дотуур тамиртай доог тохуутай. Зарим нь бүр хуруу "урттай" хуудуу явдалтай...

Харин энэ орчлонд хамгийн ичимхий хөөрхөн ээнэг халуун гарыг харанхуй дур, ханцуй дотроо тэмтрэн барьж, нууцхан эрхлүүлж явах хувь Очирбадид л тохиожээ. Очирбадь ийнхүү бодолдоо ээдэрч чимээгүй зогсохуйд:

-Бүүр бие нозоороод нойр хүрээд ирлээ гээд Өнөржин ичингүйрэн аальгүйтэж, Очирбадийн цээжинд нүүрээ нааж цаанаа л нэг жоготой инээлээ.

Очирбадь вээр харин эр бие хөнгөрсний шинж-уужирсан цээж дүүргэн урт гээч нь амьсгаа аваад хүүхний толгойг тэврэн тэнгэр өөд харваас үдшийн тунгалаг жаварт зүлгүүлж өнгө орсон одос тэртээ дээрээс тэр хоёрыг хараад зарим нь ичиж эвгүйрхэн дальдирч, зарим нь зэвүүцэж, жигшин ширвэж, зарим нь өөгшүүлж өдөөн ирмэж байх шиг.

...Оройтож ирсэн золгүй хайрын зовлонд унасан Очирбадь Өнөржин хоёр вээр нас намбаа даган, ховын эрээн могойны хорт хэлээс нуугдаж ядан орчлонгийн нугачаанд учран хайр янаг амтлан бие биендээ уусан шингэж, зуурдын жаргалд умбаад сэргэхүйд хагацахуйн тавилан хашгичиж байх нь даанч хэцүү. Хэцүү гээд яая гэх билээ. Аз болоход энэ орчлон нүгэл буян алиныг нь ч нууж хаах сархиатай нь бас ч яах вэ гэлтэй.

Өнөөдөр ч гэсэн энэ хоёр бас тийнхүү нэгэнтээ учирсан жаргаад салахын агшинг хүлээж зогсоо нь энэ ээ...

Газар дэлхийг хага зүссэн мөсөн гол шиг хөлдүү хар замаар цатгалан жоом шиг гунзгуй шар троллейбус дэндэгнэн ирж зогслоо.

Очирбадь Өнөржингийн өрөөсөн шанаан дээр үнсээд:

-За сунхалзаад орчих гээд инээмсэглэв. Өнөржин хоргодон тээнэгэлзэв. Орхиод явчих дургүй байгааг нь мэдээд Очирбадь:

-Би чамайг хүргэж өгөөд эргэе гэхэд Өнөржин:

-Хүүе яах юм бэ, буцаж ирэх унаа олдохгүй гэлээ.

Очирбадь нууцхан санаа алдаад:

-Энэ сүүлчийнх байж мэднэ шүү, яв даа гэхэд:

-Дахиад ганц ирэх байлгүй эрхбиш гээд Өнөржин явсангүй.

Эзгүйрсэн зам сөргүүлэн харуулдаж хичнээн зогсовч "хуурай сайр дээр гөлөм тосох"-ын үлгэр болсон ажээ.

Очирбадь цагаа хараад:

-За горьдлого ч тасарлаа даа. Одоо явахгүй ээ. Өнгөрсөн. Хоёулаа хувийн тэрэг барья гэхэд:

-Яах юм бэ. Алхчихъя гээд Өнөржин Очирбадийг сугадав.

-Дэндүү оройтчихвол миний найзыг...

-Тэртэй тэргүй есөн эрүү тулгуулж л таараа.

-Их хүйтэн байна. Чи даарахгүй юу?

-Явган явж байгаа хүн хэзээ даарч байсан юм бэ?

-Ядахдаа чи өндөр өсгийтэй гуталтай...

-Чи намайг хэзээ намхан өсгийтэй юм өмсөж байхыг харсан юм бэ. Чи надтай хамт явахаасаа айгаад байгаа юмуу?

-Би юу боллоо гэж айж байх юм бэ. Зүгээр л хол явган явахад...

-Чи бид хоёр ямар анх удаа явган явах гэж байгаа биш...

-Нээрээ ч тийм дээ.

Ийн ярилцан хөхрөлдөөд тэр хоёр сугадалцан алхлаа. Сугадсан гарын нь бугуй даарч байгаа бол уу гэж бодоод Очирбадь нэхий дээлийнх нь сэгсгэр ханцуйг урагш татахад Өнөржин:

-Чи надад яасан ч их хайртай юм бэ дээ гээд улам чанга сугадаж, эрхлэн наалдлаа...

...Хонхилдог гутал шиг хоосон харанхуй гудамжаар тэр хоёр хөл нийлүүлэн алхахад хоёр талын цонхнууд зарим нь дулаан шаргал гэрлээр ширтэн, зарим нь хүйтэн цэнхэр харцаар ширвэж, өөдөөс жингэнэн урсаж ирэх хүйтэн жавар амьсгалд нь бүлээсэн сормуусанд нь ээдэрч цан хүүрэг болно. Хүсэл хяслын хоорон дахь хутганы ирэн дээр хүмүүний жаргал зовлон зэрэгцэн багтдаг ажээ. Бодоо нь үгүй явтал хоёр бие учирч, хүсээ нь үгүй байтал холдохын аргагүй дасах. Үнэгэн шарнаа хорвоод үйлийн үр л үнэн юмсан уу...

...Очирбадь Өнөржин хоёр уулзаж ер ханахгүй. Уулзах болгондоо ярьж бас ханахгүй. Уулзаад юу ярихаа урьдаар бодох ч үгүй. Уулзаад салсан хойноо юу ярьсанаа санах ч үгүй. Энэ хоёрыг уулзахаар дэлхий тэнхэлгээ эргэдгээсээ хурдан эргэж, цаг хугацаа урсдагаасаа түргэн урсана. Санаж санаж сая л уулзсан санагдавч салах болчихсон байна. Санахын учир салж, салахын учир уулздаг ч юмсан уу...

Насан хожуугийн хайр намрын наран лугаа адил сэтгэлийн тэнгэрт эргэн, эргэн хоргодож, ээнэг бүлээн амьсгаа нь насны нугачаанд хургасан зэврүүн саарал салхийг уясаах увдис заяасан авай...

...Очирбадь Өнөржин хоёр яриандаа уусаж инээж хөхөрч, эрхэлж аашилж явсаар цаг өнгөрч, газар дөхсөнийг мэдсэнгүй ээ. Нэг л мэдэхэд Өнөржингийнд дөхөөд ирчихсэн байх нь тэр ээ.

-За чи эндээс буц даа. Ил гарч болохгүй. Өнөөх чинь гэрэл унтраачихаад цонхоор хараад байж ядаад зогсож байдаг юм. Чи бид хоёрыг харчихвал шээс нь гоожчихно гээд Өнөржин инээмсэглэх гэсэн авч чадсангүй.

Очирбадь:

-Одоо ч ёстой аянга цахилгаан хурчихсан, оронгуут чинь дэлбэрэх байх даа хэмээн хошигнох гэж оролдов.

-Их л юм болно л доо...

-Нээрээ яанаа, найзыг минь хичнээн зовоох бол...

-Яая гэхэв дээ гээд Өнөржин санаа алдлаа. Хэн, хэн нь хэлэх үгээ олохгүй хэдэн хором тэр хоёр дуугүй зогсоод Өнөржин:

-Хоёр хүүхэд минь л мэдчих вий гэж их зовох юм даа. Том болсон хүүхдүүд гэдэг чинь хэцүү юм байна шүү дээ, найз минь гэхүйд Очирбадийн зүрх ёо гэтэл шархирлаа. Зөөлөн хөдөлсөн хоёр вээр өнөөдөр салахдаа уруул эсгэх хүйтэн жаврыг халтал урьдынх шигээ удаан үнсэлцэж чадахгүй нь ажээ...

...Өнөржингийн дандаа л халуу дүүгэж явдаг хөөрхөн гар харцаганд хөөгдөн тооноор ухаангүй унаж ирээд ханын нүдэнд булхалзан хярах бялзуухай шиг чичигнэж байгааг мэдээд Очирбадь:

-Чи даарчихлаа. Ор доо гэлээ.

Нөхөр нь оронд орсон хойноо хоёр гарын нь хурууг нэг нэгээр нь гэдрэг даран өчиг нэхэж Өнөржинг шөнөжин орилуулдгийг Очирбадь даанч мэдэхгүйн учир даараад л гар нь чичирч байна гэж боджээ.

Өнөржингийн хоёр хөөрхөн гарыг ийм л хорлонтой ял там тосож байлаа. Тэгэвч маргааш орой Очирбадийн гар дотор дахиад л эрхлэн хөлбөрөх юм.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top