УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн бол үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х” тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн мах боловсруулах төсөл бичүүлэн, улмаар төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Халдашгүй байдлын дэд хорооноос гишүүдийг хууль зүйн ямар үндэслэлээр хамгаалж байгааг асуухад тус дэд хорооны дарга Ц.Нямдорж “Хэрэг шалгах үед мэдүүлгийн зөрүү гардаг. Мэдүүлгийн зөрүү гарахад нүүрэлдүүлдэг. Хэрэгт холбогдсон хүмүүс юу гэж хэлснийг мэдэхгүй ч мөрдөн байцаах ажиллагаанд сааж учруулахгүйгээр дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгч байгаа юм билээ” хэмээн хариулав. Мөн УИХ-ын гишүүдийг “Яагаад хэргийг шалгах явцад саад учруулна гэж үзээд байгаа юм бэ?” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг асуухад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ойлгомжтой асуудал шүү дээ. Төрийн эрх бариад сууж байгаа хүнийг энгийн мөрдөгч дуудаад байцаах нь хэр ёс зүйтэй асуудал вэ. Тиймээс Үндсэн хуулинд гэмт хэрэгт холбогдсон бол оруулж ир. Түүнийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийднэ гэж заасан байгаа. Хуулийн байгууллага тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоох үүрэгтэй. Тэгэхээр гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлсний дараа л бүрэн дүүрэн шалгах боломжтой” хэмээн тайлбарлалаа.
Б.Энх-Амгалан гишүүн “Өртэй компани бэлэглэлээр авчихсан юм уу? Түүгээр нь өрөө төлчихсөн юм уу? Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаад байгаа юм уу? Нүүрсний хулгайн асуудлыг сөхсөнөөс хойш ямар нэгэн дарамт учирч байна уу?” гэж асуухад УИХ-ын гишүүн Л.Энхболд “Би мөрдөн байцаалтад саад учруулаагүй. АТГ-аас дуудахад цагт нь очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн үеэр ЖДҮ-ийн зээлээр өөрийн зээлээ дарсан гэдэг асуудлаар мэдээлэл өгсөн. Надад жижиг өр байсан. Гэхдээ ЖДҮ-ийн зээлтэй холбоогүй. Энэ дурдагдаж байгаа компанийг би мэдэхгүй. Харин Өмнөговь аймагт махны үйлдвэр байгуулагдах гэж байгаа учир дэмжих бичиг өгсөн нь үнэн. Нүүрсний асуудлыг би хөндсөн. Яг үнэндээ нүүрсний хулгайчид хүмүүст арга хэмжээ авч чаддаг юм байна. Зургаан сар хоригдсон хүн байна. 3758 машин хилээр гарсныг шалгаж тогтоосон байдаг. Гэтэл энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Харин энэ хэргийг хариуцсан гаалын ажилтан хоёр жил ял авсан” гэсэн тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хэрэг үүсээд байгаа олон хүний нэр дуулдаж байсан. Тэдгээр гишүүдийг асуудлыг бүгдийг нь зэрэг оруулж ирж болохгүй юу” гэж асуухад М.Энх-Амгалан прокурор “Аль түрүүлж цэгцэрснээс нь асуудлыг оруулж ирж байна. Яг үнэндээ 50 мөрдөн байцаагч 20 прокурор хоёр сарын турш ЖДҮ-тэй зууралдаж байна. Үнэхээр хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн хэлж байгаа шиг зүйл болсон бол бид өөр хэрэгтэй зууралдмаар байна. Оюутолгой, Дубайн гэрээ гээд том асуудлууд олон байна. Дараагийн удаа УИХ-ын гишүүдээс хэдэн хүн орж ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ олон хүний нэр дуулдаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ингээд УИХ-ын гишүүн Л.Энхболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн байнгын хорооны санал дэмжье гэж хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 86.7 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )