ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд тань халуураад байна уу?

2019 оны 01 сарын 12

Сүүлийн үед өндөр халуурдаг шинж тэмдэгтэй, вирусын халдварын дэгдэлт ихсэх хандлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор  энэ сарын 10-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байгаа юм.

 

Томуугийн дэгдэлттэй энэ үед нэгэн ээж дараах зөвлөгөөг эцэг, эхчүүдэд тус болох болов уу хэмээн бичсэнийг засваргүйгээр хүргэж байна.


Хэрвээ хүүхэд томуугийн вирусын халдвар авбал 48 цаг халуураад дархлаа нь вирусын эсрэг интерфирионоо өөрөө ялгаруулаад даваад гарчихвал энэ төрлийн ханиаданд тусгайлсан эм тан гэж байхгүй, шинж тэмдэг намдаах эм, асаргаа сувилгаагаар томууг хөнгөхөн давчихаж болно. Гэвч халуун нь улам өсөөд, хүнд амьсгаадах, ихээр ханиалгах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл нянгийн(бактери) гаралтай ханиад хавсарч хүндрэх аюултай юм байна. Тэгэхээр нэн яаралтай эмчид хандаарай. 

 

1. Хүүхэд халуурч эхлэх үед угаасаа нурмайж бие нь тавгүйтэж түүнээсээ болоод аашлах учир аль болох тэврэх, аясаар нь байж уйлуулж уурлуулахгүй байхыг хичээгээрэй. Сэтгэл санаа нь тайван бол хурдан эдгэнэ. Яг өвдсөн үед нь тэвчээртэй байж тээршаалгүй жинхэнэ агуу хайраа мэдрүүлээрэй.

 

2. Халуурч эхэлсэн л бол бөөлжиж гүйлгэн шингэн алдаагүй байсан ч шууд хросол өгч эхэл. Нэг дор ихээр ууснаараа биш амны салстаар дамжин биед шингэж байж сая шингэн болно. Зөв өгч чадвал дусал тарианаас ч илүү үр дүнтэй. Нэг удаа хүүхэд минь шингэний дутагдлаас болж хагас ухаангүй болж эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгэхэд дусал хийлгээд ч дээрдэхгүй байхаар нь би нэг шөнө цурам ч хийлгүй, яг 200 мл хросолыг дусал дуслаар аманд нь дусаасаар байгаад дуусгаад өглөө болоход үр минь цовоо босоод ирсэн болохоор баттай мэдээд байгаа юм. Зөв өгнө гэдэг нь хросолыг заасан хэмжээг нь яг таг баримтлан 200 мл гэсэн л бол 200 мл бүлээвтэр усанд найруулна. Хүүхдэд өгөхдөө ч гэсэн бүлээвтэр өгнө. 5 гр-н шприцээр соруулж байгаад аягатай халуун усанд дүрж бүлээсгээд завьжийг нь дагуулж дусаана шүү. Уг нь тэр японы соруултай ундаа шиг хросол их амар зүгээр юм байна лээ.

 

3. Ер нь өвчтэй үед хүүхдэдээ цэвэр даавуун хувцсыг жигд өмсүүлээрэй. Жигд гэдэг нь дан нимгэн цамцтай хэрнээ хоёр давхар ноосон оймстой байж болохгүй л гэсэн санаа. Яг халуунтай үед хувцсыг нь нимгэлэх, ялангуяа живхийг нь тайлаарай. Гүйлгэж бариагүй л бол угаасаа халуунтай үед бараг шээхгүй дээ. Нярай хүүхдийн халуун лаа хийчихээд байхад олигтой бууж өгөхгүй удаад байдаг нэг шалтгаан нь живх өөрөө агаар салхи нэвтрүүлэхгүй болохоор халууныг нь гадагшлуулахгүй барьчихдаг юм байна лээ.

 

4. Халуун буулгах эмнийхээ нэр, орцыг сайтар нягтлаарай. Хүүхэд өндөр халуурлаа гэж сандран гялс намдаахын тулд нэг төрлийн хэрнээ өөр, өөр нэртэй эм зэрэг хэрэглэвэл бүр амь насаа ч алдах эрсдлийг дагуулдаг юм шүү. Жишээ нь: Антигриппин, Терафлю зэрэг парацетамолтой эм уулгачихаад Параденк лааг хийж болохгүй. Панадол бол Парацетамол Нурофен бол Ибупрофен. Хоёулаа л өвчин намдаах, халуун буулгах үйлчилгээтэй. Гэхдээ өөр төрлийн эм учир үнэхээр өндөр халуураад буухгүй байвал энэ хоёрыг ээлжилж богино буюу 4-6 цагийн зайтай хийж болдог. Харин нэг төрлийн лааг дор хаяж 8 цагийн зайнаас нааш ойртуулж хийж болохгүй. Бас лааны тунг заавал мэдэж байх хэрэгтэй. 125, 250, 500 гээд янз бүр байгаа. Том хүүхдэд нярайн тунгаар лаа хийвэл сайн үйлчлэхгүй, харин нярайд өндөр тунтай лаа хийвэл аюул болно. Тэгэхээр эмчээс сайн зөвлѳгөө авч асууж лавлаарай. Хэдэн кг жинд хэдий тун үйлчлэхийг мэдээд авчихвал дараа нь хэрэгтэй.

 

5. Хэрвээ эм ууж эхэлсэн бол ялангуяа антибиотик ууж эхэлсэн бол уух цагийг ягштал баримтлаарай. Эмч нь өдрийн 3 удаа ууна гэсэн бол яг 8 цагийн зайтай уулгах ёстой болохоос биш өглөө өдөр орой гэж баримжаалах хэрэггүй. Хар ухаанаар бодоход эхний тун 8 цагийн турш биед шингэж задраад, үйлчлээд дуусахад дараагийн тун яг цагтаа орж ирж өвчинтэй тэмцэж байж сая эдгэнэ. Тэгэхээр нэмэлт хүчийг фронт руу тухай бүрт нь илгээж байгаарай.

 

6. Антибиотик уусан л бол заавал бактери(пребиотик пробиотик) ууна. Тэгэхээр АНТИ-БИОТИК буюу бие дэх амьд бичил биет бүрийг устгах эм бэлдмэл маань бидний бие дэх сайн бактерыг ч тэр, өнөөх гайт өвчний бактерыг ч тэр. "Цэ л бол цэ" гээд хамтад нь устгах юм. Иймд араа бодоод дараа нь гүйлгэх, нүд чих үрэвсэх, дархлаа сульдах зэрэг асуудлаас сэргийлж заавал бактери уулгана.

 

7. Шим тэжээлтэй хооллоно гээд урд нь идэж байгаагүй, ер нь идэх дургүй хоолыг нь хүчээр өгөх гэсний хэрэггүй. Жирийн үед нь бантан л өгдөг байснаа өвдөхөөр нь гэнэт л ногооны зутан өгвөл дараа нь ногоо идэх бүрт тааламжгүй санагдаж дургүй болно. Харин ч ханиадны үед аньс, чацаргана, сармис, перц зэргийг тас хорихгүй бол харшил сэдэрч нэмэр болох биш бүр нэрмээс л болно.

 

Эцэст нь хэлэхэд хүүхэд өвдөхөд ээж нар минь буруугүй шүү. Битгий өөрсдийгөө буруутгаж хямраарай. Ээж бүхэн үрдээ эрүүлийг л хүсдэг, тиймээс ээжүүд нь хүчтэй байгаарай.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top