Хүйтний эрч чангарч байгаа энэ саруудад бага насны хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд томуугийн дэгдэлт эрс ихсээд байна. Тиймээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эмнэлгүүд эрчимжүүлсэн байдалтай ажиллаж байгаа юм.
Иймд ZINDAA.MN сайт уншигч та бүхэндээ ханиад томуугаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргүүлэхээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /ЭХЭМҮТ/ Яаралтай тусламжийн тасгийн Тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалантай уулзаж зөвлөгөө авлаа. Тэрбээр ЭХЭМҮТ нь Яаралтай тусламжийн тасгаараа нэг өдөрт 180-220 хүүхэд хүлээн авч эмчилдэг бөгөөд Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхэд бүрийг үзэж, арга хэмжээ авахыг хичээн ажилладаг талаар онцолж байсан юм.
-Ханиад, томууны улирал эхэлснээс хойш ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн ачаалал хэр зэрэг ихэсч байна вэ?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад их биш байна. Манай Яаралтай тусламжийн тасаг амралтын хоёр өдөр 320-340 хүүхдэд үйлчилж байна. Голчлон томуу, томуу төст өвчний вирустэй, өндөр халуурч, амьсгалын зам бачуурах гэх мэт хүндрэлтэй хүүхдүүд ихэвчлэн ирдэг. Яаралтай тусламжийн тасгаар ажлын өдрүүдэд дунджаар 180-220 хүүхэд, амралтын өдрүүдэд 320-340 хүүхэд үйлчлүүлсээр байна. Эдгээр тоо нь бага зэргийн хэлбэлзэлтэй.
-Томууны дэгдэлт ихтэй эдгээр өдрүүдэд эмч болон орны хүрэлцээ хэр байна вэ, ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа вэ?
-Эмч нарын хүрэлцээний тухайд манай Яаралтай тусламжийн тасаг дотооддоо зохицуулалт хийгээд нэмэлтээр эмч ажиллуулж байна. Хүүхдийн эмчээр суралцдаг, нарийн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарыг давхар татаж ажиллуулж байгаа. Мөн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг дээр нэмэлт ор гарган ажиллаж байна.
-Яаралтай тусламжийн тасаг өвдөөд ирсэн хүүхдүүдэд нэн тэргүүнд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?
-ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар орж ирсэн хүүхэд болгоныг бид үздэг. Хамгийн эхний алхам эрэмбэлэн ангилалт хийж, хүүхдүүддээ ногоон, шар, улаан картуудыг тараана. Аюултай ерөнхий шинж буюу Улаан карттай тохиолдолд хичнээн оочертой байсан цаг алдалгүй яаралтай тусламжийн өрөөнд үйлчилгээгээ авдаг. Шар карт авч буй хүүхдүүд нь тулгамдсан шинжтэй хүүхдүүд бөгөөд өндөр халуурсан, амьсгалын зам бачууралтай хүүхдүүд багтах бөгөөд эдгээр нь “ногоон” карттай хүүхдүүдийн өмнө тусламж үйлчилгээгээ авдаг. Ногоон карттай хүүхдүүд нь асуумжтай ханиах, шингэн баах, биеэр нь тууралт гарсан, үе нь хавдсан гэх мэт тулгамдсан болон аюултай шинж тэмдэг байхгүй үед оочерлож байгаад дугаарын дагуу үйлчилгээгээ авах юм. Ингээд эрэмбэлэн ангилалтаа авсны дараа улаан карттай хүүхэд яаралтай тусламжаа авсны дараа тасагт шилжүүлнэ. Шар карттай хүүхдүүд нь тулгамдсан шинж тэмдгээ арилгаад дүүрэгт эмчлэгдэх шаардлагатай бол дүүрэг рүү хэвтэх бичгээ авах юм.
ВИРУС БҮР ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГООР ИЛЭРЧ БАЙНА
-Энэ жил хамгийн их дэгдэлттэй байгаа томуугийн ямар вирус байна вэ, ямар шинж тэмдгээр ихэвчлэн илэрч байна?
-Томуугийн “А” хүрээний H1N1 вирус зонхилж байна. Энэ нь хүүхэд халуурч эхлээд явц нь хоёр хоногтоо хүндрэл өгөх хандлагатай. Насны хувьд 2 хүртэлх насны хүүхэд илүү өртөмхий. Бага сартай хүүхдүүд бөгшүүлээд, бөглөрөөд л цэрээ гаргаж чадахгүй бүтэж хөхрөөд хүрээд ирдэг. 3-аас дээш насныхан төвөнхийн бачуурлаар хүндэрч байгаа тохиолдол элбэг байна. Эдгээр шинж тэмдгүүд нь H1N1 вируст хамааралтай. Үүний дараа RS вирус зонхилж байна. Энэ нь төвөнхийн бачуурал их өгч байна. Хүндрэхдээ шуугих амьсгалын зам саадтай болгох гэх мэт шинжүүд илүү давамгай. Мөн бусад төрлийн вирусууд ч илэрч байгаа. Жишээлбэл энтеровирус гэж байна. Энэ нь хүүхдийн бие дээр тууралт гарах гэх зэргээр илэрдэг. Вирус бүр өөр өөрийн онцлогоор илэрч байгаа л даа.
-Тэгэхээр тухайн томуугийн вирусийг хүндрэхээс өмнө ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Томуугийн вирусууд ихэвчлэн халуурах шинж тэмдгээр илэрч байгаа. Тиймд халуун бууруулах арга замаас эхлэх хэрэгтэй. Түүнчлэн эцэг, эхчүүд амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ агаараа тогтмол цэвэршүүлэх, чийгтэй цэвэрлэгээг хоёр хоногтоо тогтмол хийж занших, хэрвээ боломжтой бол агаар цэвэршүүлэгч хэрэглэх үүнээс гадна агаараа байнга чийгшүүлнэ. Мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Энэхүү хоол хүнсэнд нь халуун уух зүйлс аньс, нэрс, аарц, чацаргана, цайнууд орно. Мөн дээрээс нь шөлтэй голцуу хоол идэх хэрэгтэй. Тухайн хоолонд хүнсний ногоог давамгай оруулсан бол тун сайн. Амны хаалт тогтмол зүүж занших. Гараа халдваргүйжүүлэх санитол болон бусад уусмалаар хоёр цаг тутам халдваргүйжүүлээд бактерийн эсрэг саван тогтмол хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь амьдралын зөв хэв маягт ордог. Ингэсэн тохиолдолд томуу томуу төст өвчнөөс сэргийлнэ. Мөн хүндрэл өгөхгүйгээр эдгэрнэ.
-Томуугийн А хүрээний H1N1 вирусээр хүүхэд өвчилсөн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар эмчилгээг хийж болох вэ?
-Эхний ээлжид халууныг бууруулах нэн тэргүүний алхам. Хүүхдийн халууныг бууруулахад эцэг, эхийн эрүүл мэндийн боловсрол ихээхэн хамаарна. Хүүхдээ халуурч байна гэж бодоод ихэнх эцэг, эхчүүд гар, духыг нь дарж үзээд л байдаг. Ингэж болохгүй. Хамгийн түрүүнд халууны шилээр хэмжих шаардлагатай. Хэмжилт хийгээд 38.5-аас дээш халуурсан тохиолдолд эмийн бодис хэрэглэнэ. Эмийн бодис хэрэглэхдээ нас болон жинд нь тохируулаад эмийн бодис хэрэглэх ёстой. Хамгийн анхны эмийн бодисын сонголтод парацетамолыг зөвлөдөг. Парацетамолыг уух болон лаагаар хэрэглэж болно. Мөн парацетамолд харшилтай ч юм уу аль эсвэл танай гэрт парацетамол байхгүй тохиолдолд ибупрофен хэрэглэж болно. 38.5 хүртэл халуураагүй үед өөрөөр хэлбэл 38 байх үед амьдралын хэв маягаараа халууныг буулгана. Үүнд хүүхдийн хувцсыг нимгэлээд шингэн уух зүйл сайн уулгах, мөн дух, суга, хүзүү, цавь гэх мэт том судастай газруудад нойтон алчуураар арчих хэрэгтэй. Хүүхэд өөр ямар нэгэн эмийн харшилгүй бол халуун бууруулах өөр төрлийн эмийн бодисыг хэрэглэж болдог. Халуун буусны дараа удалгүй хүүхэд дахин халуурч эхэлбэл эмнэлгийн байгууллагад хандана. Эмийн бодис хэрэглэсэн боловч халуун 38.5-аас буухгүй байгаа үед дээрх аргуудтайгаа хавсарч хэрэглэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ толгойг барьж үзсээр 40 хүртэл халуурч байгаа үед эмнэлэг рүү авчирдаг. Хүүхэд 40-ээс дээш халуурах юм бол таталт өгдөг. Таталт өгөхөөр нь дөнгөж мэдээд л манай хүүхэд халуурчиж гээд ирдэг. Тийм болохоор ерөөс хүүхэд маань амьсгалын замын ямар нэгэн вирусийн халдвараар өвдсөн сэжигтэй тохиолдолд хүүхдээ маш сайн анхаараад шингэн зүйлсээ илүү сайн уулгаж, халууныг нь хэмжин, тохирсон эмийн бодисоо зөв үед хэрэглэх шаардлагатай. Эх хүүхдийн ягаан дэвтэр гэж байдаг шүү дээ. Энэ дэвтэр дээр аюултай шинж тэмдэг гэж юуг хэлэх вэ, хэзээ та эмнэлгийн байгууллагад хандах вэ, баяжуулсан хоол хүнсний бүтээгдэхүүн гэдэг чинь юу байдаг юм, эдгээрээс сонгох сонголтууд нь юу юм гэх мэт хойд талд нь дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тиймээс энэ дэвтэртэйгээ сайн ажиллаад хүүхдэдээ сайн анхаарал хандуулаарай хүүхдээ өвдсөн тохиолдолд анхаарлаа сайн хандуулаад, өвдөөгүй үедээ амьдралын хэв маягтаа эцэг эхчүүд маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй.
-Томуугийн вирусийг сэдрээгч хүчин зүйл гэж байдаг болов уу?
-Харшил түрүүлэгч гэж бий энэ нь амьсгалын замыг хүндрүүлдэг. Жишээлбэл тухайн хүүхэд сармиснаас харшилтай бол хамар шуугиж эхэлдэг. Гэх мэтчилэн олон төрлийн харшил нь хүүхэд мэдрэг үед томуугийн вирусийг өдөөгч хүчин зүйл болоод явчихдаг. Хүүхэд шуугиснаар амьсгалын зам нь бачуураад, амьсгалын замын саад үүсчхэж байгаа гэсэн үг. За ингээд л тухайн хүүхэд хүндрэл өгчихдөг. Тийм учраас та бүхэн хүүхдийнхээ харшилтай зүйлийг битгий хэрэглээрэй. Хүүхэд ер нь юунд мэдрэг байна вэ гэдгийг олж тодорхойлох хэрэгтэй. Тун удахгүй уламжлалт баяр цагаан сар болно. Энэ үед бид хүндэтгэлээ илэрхийлээд, хайр халамжаа илэрхийлээд нэг нэгэнтэйгээ золгоод үнсдэг энэ нь нөгөө амьсгалын замын халдвар дамжих эрсдэлийг бий болдог. Тэгэхээр бид амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой байгаа юм. Мөн Монголчуудын нэг асуудал утаа байна. Утаа нь тухайн хүүхэд мэдрэг байгаа үед амьсгалын замын халдварыг хүндрүүлэхэд нөлөөлөх боломжтой. Агаарын бохирдлоос шалтгаалан энэ хүүхдийн уушги өвдлөө гэсэн яг судалгаа болон тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн хэдий ч хүүхдийг шуугиулаад, амьсгал бачууруулаад амьсгалын замыг нь дарах хүндрэлүүд өгөхөд нөлөөлдөг байж болно.
-Утлагын аппаратаар эмчлэх нь сүүлийн үед элбэг болсон. Зарим эцэг эхчүүд сайн ч гэх бий, муу ч гэх бий тэгвэл амьсгалын замын өвчлөлд утлагын аппарат хэр нөлөөлдөг вэ муу үр дагавар байдаг болов уу?
-Утлагын аппарат нь эмчилгээний үр дүнд маш их нөлөөлдөг. Бид тухайн хүүхдэд уулгаж байгаа эм нь нэгдүгээрт олон биш байх хоёрдугаарт нэг нэгнээ дэмжсэн үйлчилгээтэй байх үйлчилгээний хувьд маш зөөлөн эмүүдийг сонгохыг зорьдог. Тиймд утлагын аппарат нь хэсэг газрын үйлчилгээг маш сайн үзүүлдэг. Утлагын бодисууд нь ямар үйлчилгээтэй вэ гэдгээс хамаараад үр дүнгээ өөр өөр өгдөг. Жишээ нь сальбутамолтой утлага гэж байдаг. Энэ нь хүүхэд хяхтнаж байгаа үед хэрэглэхэд зохимжтой. Дээрээс нь дексомицон агуулсан санит ч юм уу хэрэглэнэ. Цэр ихтэй үед амброксолтой цэр ховхлох бодисыг хэрэглэх мөн эмийн бодисоор ч хэрэглэх боломжтой байдаг. Тэгэхээр утлага нь хүүхдэд өгч байгаа эмийн бодисын тоог цөөлөх боломжтой байдаг учраас эмчилгээнд өндөр үр дүн өгдөг. Гэвч эцэг эхчүүд дураараа утаж болохгүй. Утлагын бодисууд нь эмчийн заавраар хэдэн цагт ямар тунгаар хэрэглэх вэ гэдэг тухайн хүүхдийн эмнэлзүй, үүссэн ханиадны вирусээс хамаараад өөр өөр байдаг. Хүүхдэд тохирсон бодисын утлага хийгээгүй тохиолдолд хүүхдийн амьсгалын зам бачуурч эхэлдэг сул талтай.
Сэтгэгдэл ( 0 )