Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээг авч эхэллээ. Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн африк мялзан өвчин гараад байгаа аж. Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо. Мөн БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ.
Манай улсын нэр бүхий 10 аж ахуйн нэгж гахайн мах, махан бүтээгдэхүүн импортолж 74 цэгт, энэ цэгээс бусад газарт нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс эхний ээлжинд дээрх 10 аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Мөн гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.
Цаашид өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор хийж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ. Мөн гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэхээр боллоо. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй учир өвчилсөн гахайг устгаж булшлах юм.
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц хөрөнгөөсөө гаргана. Мөн голомтын бүсээс хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах юм. Түүнчлэн хилээр зорчих иргэдийг гар тээш, ачаандаа гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулахаар боллоо.
Гахайн африк мялзан нь гахайнаас гахайнд хавьтлын замаар халддаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтнүүдэд үхжилт үүсгэдэг вирусын гоц халдварт өвчин. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гахайн мялзан өвчний тархалттай холбоотойгоор зарим зүйлийг тодруулла.
Тэрбээр "Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн. Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Түүнчлэн орж ирсэн бүтээгдэхүүн дээр нийтийн хоолны болон худалдааны байгууллагынхан хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна. Эхний ээлжид импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг лацдсан. Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна. Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина. Мал эмнэлгийн ерөнхий газрынхны хэлж буйгаар хүн өөрөө энэ өвчний тээгч учраас амьд мал дээр халдварлуулах эрсдэлтэй" гэв.
Дэлгэрэнгүйг ВИДЕО хэсгээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )