#BOOKTELLER: ”Оршихгүйгээр оршихуй” номоос онцлох 10 алдартны 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Шведийн суут найруулагч Ингмар Бергманыг 30 дахь кино болох "Шившиг" /Shame 1968/-ээ бүтээсний дараа Канадын арт киноны "Take one" сэтгүүлийн Стокгольм дахь сурвалжлагч доорх яриаг авчээ. Ярилцлага 1968 оны есдүгээр сард анх хэвлэгдсэн байна.

Яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын 2017 онд эмхэтгэн гаргасан "Оршихгүйгээр оршихуй" номыг 2019 оны хамгийн эхний "Bookteller" буландаа онцолж байна. Алдартнуудын нэн ховор ярилцлагаас бүрдэх энэ ном нь кино урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, түүх, энх тайвны сэдэвт олон төрлийн ном бүтээл унших дуртай уншигчдад хамгийн тохиромжтой, ширээний ном юм. Тус номоос онцлох 10 алдартны 10 эшлэлийг хүргэе.

Нэг

Соёл иргэншил гэгч зүйл хүн төрөлхтнийг дэндүү хордуулаад байна. Урлан бүтээгчийнх нь үнэнхүү сэтгэл л ямар ч киноны цөм байх ёстой. Өөртөө үнэнч байж чадахгүй хэн ч урлагийн бүтээл туурвиж чадахгүй. Нарийндаа бол кино урлаг улс орны эдийн засаг сайн байлаа гээд хөгждөг зүйл биш шүү дээ. Хүний сэтгэлд хүрэх замаа жинхэнэ уран бүтээлч өөрөө л олдог.

/Акира Күросава "Жинхэнэ уран бүтээлч бусдын сэтгэлд хүрэх замаа өөрөө олдог"/

 

Хоёр

Мэдэрнэ гэдэг бүхнээс эрхэм юм. Юу ч байсан эхлээд мэдрэх л хэрэгтэй. Ойлгож ухаарах бол дараагийн асуудал. Үзэгчид ямар ч бүтээлийг эхлээд биеэрээ мэдэрч байж, дараа нь оюун ухаанаа ажиллуулах учиртай. Тэгж байж л цэвэр мэдрэмжээс төрөх, ойлгож ухаарснаас үлдэх хоёр өөр мэдрэмжээс нэгэн зэрэг таашаал авна.

 /Ингмар Бергман "Эхлээд мэдрэх хэрэгтэй. Ойлгож ухаарах бол дараагийн асуудал"/

 

Гурав

Ер нь мөрөөднө гэдэг хийж бүтээхийн эхлэл. Мөрөөдөж чадвал юуг ч бүтээж болно. Түмэн олон миний бүтээлүүдийг хүлээн зөвшөөрдөг, талархан хүлээж авдаг. Энэ бүхэн л надад заяасан хамгийн том шагнал юм даа.

/Уолт Дисней "Мөрөөдөж чадвал юуг ч бүтээж болно"/

 

Дөрөв

Гэрэл зураг бол нэг төрлийн наманчлал юм. Гэхдээ хар аяндаа, өөрийн мэдэлгүй өчих наманчлал юм шүү. Зураг дарна гэдэг оршин буй энэ л агшнаа мэдэрч “Тийм!” гэж гурвантаа хашгирахын нэр.

/Анри Картье Брессон "Магадгүй гэдэг хамгийн адгийн үг"/

 

Тав

Кино урлаг үзэгчийг өдөр тутмын аахар шаахар зүйлсээс нь холдуулж, огт өөр ертөнцөд аваачих ёстой юм шүү дээ. Хэдийгээр киног өдөр тутмын амьдралаас ургуулж хийдэг ч нислэгтэй зүйрлэвэл бидний амьдрал аливаа уран бүтээлийн хувьд ердөө онгоц хөөрөх зурвасхан талбай төдий юм.

/Аббас Киаростами "Оршихгүйгээр оршихуй"/

 

Зургаа

Би хэнийг ч биширч шүтдэггүй намайг бас хэн нэгэн бишрээсэй гэж хүсэхгүй байна. Хүнд бишрээд байх юм байхгүй. Хүн бүр адилхан. Гагцхүү юу бүтээж үлдээх нь л чухал.

/Жан-Поль Сартр "Камью миний сүүлчийн сайн найз байжээ"/

 

Долоо

Нэрт найрагч бичээч, зохиолч болох хүсэлтэй эр, эм ялгаагүй залуу хүн бүрийг хаа ч явсан цаас харандаатай яваарай гэж зөвлөсөн. Өдөр тутмын учрал тохиолоо тэмдэглэн авч бай. Эцэст нь тэр бүхэн чинь мэдлэгийн шавхагдашгүй арвин сан болно. Зуршил гэдэг хэзээд сайн зүйл байдаг. Хамгийн сайн ном ч хүний бодол санааг гүйцэхгүй. Дээр хэлсэн бүгдийг минь сайтар тогтоож авагтун. Эрдэмд оройлох тодорхой зам жим байдаггүй.

/Уолт Уитмэн "Камдены найрагчаас залууст хүргэх зөвлөгөө"/

 

Найм

Чин үнэнийг өчих нь жинхэнэ урлаг юм. Гэвч шинэ цагийн хууль журам гээч зүйл бидэнд шударга байх боломж олгохгүй байна.

/Марк Твен "Чин үнэнийг өчих нь жинхэнэ урлаг"/

 

Ес

Хоосон ходоодтой хүмүүс хэзээ ч амар тайван амьдрахгүй. Өлсөж, цангасан эсвэл гэр бүлээ өлбөрч байгааг харсан хүн зүсэм талхны төлөө юу ч хийхээс буцахгүй болдог. Тэгэхээр өлсгөлөн байгаа газар гуйланчлал, дарангуйлал, дээрэм тонуул, аллага хүчирхийлэл гээд муу муухай бүхэн байна. үндсэндээ тухайн нийгмийн тогтолцоо бүхэлдээ нуран унана гэсэн үг.

/Норман Борлоуг "Өлссөн хүнтэй яаж боловсрол ярих билээ"/

 

Арав

Хүн сэтгэл амгалан үедээ л бурхан тэнгэрт ойртдог байх. Надад хөгжим л тэр амар амгаланг бэлэглэдэг. Бас дуугүй суух нь нэг төрлийн бясалгал юм. Заримдаа юу ч хийлгүй амсхийх, хэнтэй ч үг солилгүй бодлогошрох нь санаа сэтгэлийг сайхан амраадаг.

/Рави Шанкаар "Дэлхийн хөгжмийн загалмайлсан эцэг"/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top