Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүллээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

БОАЖЯ-наас Африкийн гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн засаг дарга нарт хүргүүллээ. Иргэд, худалдаа эрхлэгчид уг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед зөвлөмжийг олон нийтэд түгээж дагаж мөрдөхийг анхаарууллаа.

 

 

Өвчний тухай ерөнхий ойлголт:


Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.


Шинж тэмдэг халдварлах арга зам:


Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан тохиолдолд зэрлэг болон гэрийн тэжээвэр гахайд өндөр халуурах /41-420С/, тэжээлийн дуршилгүй болох, чихний үзүүр, сүүл, цээж, хэвлий хэсгээр цус шүүрэх зэрэг шинж тэмдэг үзүүлж богино хугацаанд олноор үхэж хорогдоно.


Гахайн Африкийн мялзан өвчин нь 4 замаар халдварладаг. Үүнд:

 

  • Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар

  • Өвчтэй гахайг зориудаар нядласан тохиолдолд гахайн мах, цус, шүүрдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд,

  • Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин халдварлах,

  • Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг болно.


Урьдчилан сэргийлэх:


  • Зэрлэг гахайн тархац нутгуудад зорилтот, төлөвлөгөөт тандалтыг хийх,

  • Амьд гахай, түүний гаралтай мах, өөх, түүхий эд, бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэхийг хориглох, хорио цээрийг чангатгах, бэлэн байдлыг хангах,

  • Хил, гаалийн байгууллагуудтай мэдээллийг тогтмол солилцох,

  • Аймгийн мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн байгууллага, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа зэрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, шуурхай байдлыг хангах,

  • Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, иргэд нь өвчний сэжигтэй болон үхсэн гахайн сэг зэмтэй таарсан тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх,

  • Тэжээвэр болон зэрлэг гахайн сэг зэмд үзлэг хийх, дээж авах зэргээр сэг зэмд хүрсэн тохиолдолд холбогдох дүрэм, зааврын дагуу ариутгалыг хийх,

  • Нутгийн иргэд, малчид, анчдад уг өвчний талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгөх, гарын авлагаар хангах, тэднээс зэрлэг гахайн тархац нутаг, сэжигтэй тохиолдол, сэг зэмийн талаар мэдээлэл авч тархалтын зураглал гаргах,

  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагатай шуурхай солилцох талаар арга хэмжээг авах,


 

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top