Энэ оны төсвийн ОРЛОГО, ЗАРЛАГА-тай танилц!

2019 оны 01 сарын 22

Улсын төсвийн тухай мэдээлэл оны эцэст олны анхаарлыг ихээр татдаг. Уг нь төсвийг үйлдэх процесс нэг хоёр сарын ажил биш, бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсаны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой түвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ төсвийн бодлого харьцангуй эрүүлжиж буй гэж байна. Гэхдээ сайдын байр суурийн эсрэг үгс хэлэх эдийн засагчид ч байна. Энэ оны төсвийн алдагдал 2 их наядыг шүргэж байгаа болохоор шинжээчдийн байр суурийг анхаарч бас үзэх хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын зөв уялдааг хангах тал дээр төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж  байна вэ гэдэг асуудал чухал.


Эдийн засгийн 40 гаруй хувийг төсвийн бодлогоор, 60 хувийг мөнгөний бодлогоор зохицуулдаг гэдэг утгаар харвал зайлшгүй аль альнаа дэмжсэн бодлого хэрэгтэй. Эдийн засаг дахь мөнгөний урсгалыг хадан цохио руу, биш зөв гарцууд руу удирдан чиглүүлэх үүрэгтэй Төв банкнаас тодорхойлдог мөнгөний бодлогыг, засгийн газраас гардан гүйцэтгэдэг төсвийн бодлоготой хэрхэн уях вэ гэдэг дээр эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо харамгүй л хэлж өдийг хүрсэн.


Уул уурхайд уягдаж биш солонгын өнгөт төрөлжсөн эдийн засгийг цогцлоож урагшлах тухай бид олон жил ярьж байна. Дахиад ч олон жил ярих төлөвтэй. Иргэдийн тухайд эдийн засгийн төрөлжилт буюу диверсификаци гэхчлэн үг хэллэгүүдийн талаар сонсохоос илүүтэй зөвхөн уул уурхайн салбарт бус бусад салбаруудад ч өөрийг нь, үр хүүхдийг нь багтаж шингээх ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэр бий талаар, улс оронд нь олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн үйлчилгээ, хаа ч гологдохгүй боловсрол олгох систем нутагшсан эсэх л чухал.


Тэгэхээр улсын төсөв иргэдийнхээ маргаашийг эрүүлээр харсан байх ёстой. Тэгвэл энэ 2019 оны төсвийн орлого зарлагын мэдээллийг авч үзье.


  • Улсын төсвийн тооцоолол  их наядаар хэмжигддэг болоод 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм. Харин энэ 2019 оноос анх удаа 10 их наядыг давж байгааг Сангийн яам онцолж байна.


 

2019 оны ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО  9 их наяд 676 тэрбум 500 сая төгрөг байна. Үүнээс,


-Татварын орлого 8 их наяд 585 тэрбум 800 сая төгрөг


-Татварын бус орлого 1 их наяд 90 тэрбум 700 сая төгрөг байна.


2019 оны ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГА 11 их наяд 589 тэрбум 100 сая төгрөг байна. Үүнээс,


-Урсгал зардал 8 их наяд 217 тэрбум 300 сая төгрөг


-Хөрөнгийн зардал 3 их наяд 243 тэрбум 700 сая төгрөг


-Эргэж төлөгдөх цэвэр зээл 128 тэрбум 100 сая төгрөгөөр тус тус тооцжээ.


Төсвийн орлого зарлагын зөрүүг ТЭНЦЭЛ гэдэг. Тэгвэл  2019 онд төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдлыг 2 их наяд шүргүүлэхгүй байх бололцоо байсан гэж эдийн засагчид хэлээд байгаа. Харин Сангийн яамны зүгээс мэдэгдэхдээ төсвийн зөв бодлого явуулсны үр дүнд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь сүүлийн 5 жил буурч байгаа гэх мэдээллийг өгч байна.


Нэг талаас төсвийн алдагдлын тооцоолол өндөр батлагдсан нь, Засгийн газар төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр сууриа энэ онд ч хадгалахын тулд хийсэн алхам гэж харагдаж байгаа юм. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн байдаг. Тодотгоно гэдэг бол зардал нэмэгдэнэ гэсэн үг. Орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаа учраас л төсвийг тодотгодог” гэж байгаа юм.


2019 оны Төсвийн ОРЛОГЫН БҮТЭЦ


Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн орлогоор тооцдог. Төсвийн нийт орлогоос Төсвийн Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуваарилаад үлдэх хэсгийг Төсвийн тэнцвэржүүлсэн орлого гэнэ.


Нэгдсэн төсвийн нийт орлого 11 их наяд 67 тэрбум төгрөгөөр тооцогдсон. Үүнд,


-Уул уурхайн орлого 3 их наяд


-Импортын орлого  2 их наяд 949 тэрбум 700 сая


-Бусад хүчин зүйлийн орлого 4 их наяд 26 тэрбум 600 сая


-Татварын бус орлого  1 их наяд  90 тэрбум 700 сая төгрөг байна гэж тус тус тооцжээ.


Тэгвэл энэ орлогоос Тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг,  Ирээдүйн өв санд  1 их наяд 68 тэрбум 500 сая төгрөг хадгалснаар  Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9 их наяд 676 тэрбум 500 сая болж байна.


Ирээдүйн өв сан гэж уул уурхайн салбараас төсөвт төвлөрч буй орлогын тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ зориулан хадгалж буй санг хэлнэ гэж засгаас тодорхойлж буй. Монгол Улс түүхэндээ анх удаа 2019 онд Ирээдүйн өв сандаа 553 тэрбум төгрөгийн хуримтлал үүсгэнэ гэсэн. 2019 оны төсвийн тухай хуулиар Ирээдүйн өв санд 1 их наяд 68 тэрбум 500 сая төгрөг төвлөрүүлсний тэн хагас нь Хүний хөгжил сангийн өрийг барагдуулах үүрэг хүлээгээд буйг тодотгох хэрэгтэй байх.


Энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг төрлөөр нь харвал,


-Орлогын албан татвар 2 их наяд 16 тэрбум төгрөг


-Татварын бус орлого  1 их наяд 90 тэрбум 700 сая төгрөг


-Бусад татвар / төлбөр хураамж/  820 тэрбум 200 сая төгрөг


-Гаалийн албан татвар  743 тэрбум


-Тусгай зориулалтын орлого 12 тэрбум 200 сая


-Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж  1 их наяд 697 тэрбум 300 сая төгрөг


-Хөрөнгийн албан татвар 138 тэрбум 200 сая төгрөг


-Нэмэгдсэн өртөгийн албан татвар 2 их наяд 321 тэрбум 100 сая


-Онцгой албан татвар  837 тэрбум 800 сая төгрөг тус тус байна.


ТӨСВИЙН ЗАРЛАГА:  Хөрөнгийн зардал 68.2 хувь өсчээ


Улсын төсөвт иргэн бүр хяналт тавих эрх хийгээд үүрэгтэй. Учир нь төсөв иргэдийн халааснаас гарсан татварын мөнгөөр бүрддэг гэдгийг төсвийн орлогын мэдээллээс бэлхнээ харж болно. Тиймээс ч улсын төсвийн хөрөнгө иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол олгох, соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх, зам гүүр барих гэхчлэн хэрэгцээтэй олон зүйлд, зөв бодлогын дагуу хуваарилагдах ёстой юм. Гэвч манай тухайд төсвийн зарцуулалтын асуудал шүүмж дагуулсаар ирсэн. 2-9 жил дамнасан 32 барилга байгууламжийг энэ оны төсөвт оруулж ирсэн нэг л жишээг дурдахад  төсөв бол зайлшгүй хяналт ихээр шаарддаг зүйл юм.


  • Төсвийг эдийн засгийн ангиллаар УРСГАЛ ЗАРДАЛ, ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ, ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ЦЭВЭР ЗЭЭЛ гэж ангилдаг.

 

Энэ  оны төсвийн нийт  зардал 2018 оныхоос 20.1 хувиар өссөн байгаа юм.


Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах УРСГАЛ ЗАРДАЛ гэхэд 8 их наяд 217 тэрбум 300 сая төгрөг байгаа нь 2018 оноос 10.2 хувь өссөн тоо.  Тодруулбал:


-Цалин хөлсний зардал 2 их наяд 215 тэрбум 200 сая төгрөг байгаа 2018 оныхоос  23.3 хувь өсчээ.  

 

-Бараа үйлчилгээ 1 их наяд 732 тэрбум 300 сая байгаа нь 2018 оныхоос  18.6 хувь  өссөн.


-Зээлийн төлбөр 865 тэрбум 600 сая төгрөг байгаа нь 2018 оноос  24.8 хувь өссөн.


-Татаас 251 тэрбум 700 сая төгрөг байгаа нь өмнөх оноос 7.6 хувь өссөн.


-Урсгал шилжүүлэг 3 их наяд 152 тэрбум 500 сая төгрөг байгаа нь өмнөх оноос  12 хувь өсчээ.


Тэгвэл ХӨРӨНГИЙН ЗАРДАЛ 3 их наяд  243 тэрбум  700 сая төгрөг байгаа нь өмнөх жилээс  68.2 хувийн өсөлт байна. Хөрөнгийн зардал гэдэг нь Үл хөдлөх, барилга, тоног төхөөрөмж авах, их засвар, стратегийн барааг улсын нөөцөд байршуулах зардлыг хэлдэг. Тухайлан харвал,


-Барилга байгууламж 2 их наяд 202 тэрбум 400 сая төгрөг байгаа нь өмнөх жилээс   109.8 хувийн өсөлт


-Их засвар  157 тэрбум төгрөг байгаа нь  117.4 хувийн өсөлт


-Тоног төхөөрөмж  292.1 тэрбум  төгрөгөөр тооцсон нь 0.2 хувийн бууралт


-Стратегийн нөөц хөрөнгө  20.9 тэрбумаар тооцсон нь өмнөх оноос  33 хувийн бууралт


-Бусад хөрөнгө 571.3 тэрбумаар тооцсон нь өмнөх жилээс  18.3 хувийн өсөлттэй байна.


ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ ЦЭВЭР ЗЭЭЛ-ийг  128.1 тэрбумаар тооцсон нь  2018 оноос 52 хувиар буурчээ.  


Дотоод зээл 7.1 тэрбумаар тооцсон нь  өмнөх жилээс  95.1 хувийн бууралт


Гадаад зээл  121 тэрбум байгаа нь  0.2 хувийн бууралттай үзүүлэлт юм.

 

Төсвийн зарлагыг харахад барилга байгууламж, их засварт төсөвлөсөн мөнгөний хэмжээ өнгөрсөн жилээс тус тус 100 хувийн өсөлттэй байна.  Энэ тооцоолол анх төсвийн төсөлд суухад, бодьтой хөрөнгө оруулалт мөн бишийн тухай маргаан дагаж байсан. Гэхдээ хуульчлагдан батлагдаад байна. Төсвөөс төсөв дамнасан сэглэгдсэн барилга байгууламжууд зэрэг олон асуудлаа шийдвэрлэж, үр ашигтай зардал төлөвлөх арга барилд эрх баригчид суралцах шаардлага байгааг тодотгоё.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top