Эдийн засгийн өсөлт 6.4 хувиар хэмжигдэж байгааг судалгааны байгууллагуудын зүгээс мэдээлж буй. Тэгвэл Азийн хөгжлийн банкны 2018 оны тайланд манай эдийн засгийг өнгөрсөн онд 3.8 хувь, энэ онд 4.3 хувийн өсөлттэй, инфляци өнгөрсөн онд 8 хувь, энэ онд 7 хувь байна гэж тооцсон байсан. Харин Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааны 2018 оны дөрөвдүгээр сарын тайланд Монголын эдийн засгийн өсөлт 2018 онд 5 хувь, 2019 онд 6.3 хувь, инфляци 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.8 хувьтай байна гэсэн тооцоолол дурдагдсан байдаг.
Тэгэхээр өнөөдөр бид Азийн хөгжлийн банк болоод Олон улсын валютын сангийн таамаглалаас давсан үзүүлэлтийг ярьж байна гэсэн үг. Чухам харин өсөлт нь иргэн бүрт өгөөжөө хэрхэн өгч байна вэ гэдэг дээр тов тодорхой зүйл хэлэхэд эрт байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Макро эдийн засгийн 2018 оны арванхоёрдугаар сарын тоймыг гаргажээ. Улсын төсөв, валютын ханш, инфляци, гадаад худалдаа гэхчлэн үндсэн үзүүлэлтүүдийг хүргэе.
Төсвийн тэнцэл 119 тэрбум төгрөгийн АШИГТАЙ гарлаа
2018 оны арванхоёрдугаар сард улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 27.6 хувиар, зарлага 2.7 хувиар тус тус өссөн бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 119 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Энэ онд төсвийн орлого 1.9 их наяд төгрөгөөр өссөн нь төсөв алдагдалгүй байх гол шалтгаан болов.
Ам.долларын ханш 55.47 төгрөгөөр нэмэгджээ
Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш арванхоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 203 төгрөг буюу 8.4 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 55.47 төгрөг буюу 2.1 хувиар нэмэгдэж 2637.35 төгрөг болов. Арваннэгдүгээр сард гадаад валютын нөөц 3.4 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 51.8 хувь нэмэгдсэн байна.
Инфляци 8.1 хувьтай байна
Хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх сараас 0.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар, оны эхнээс 8.1 хувь өсөв. Хүнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, хувцас, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл 1137 сая ам.доллар боллоо
Арванхоёрдугаар сард экспорт өмнөх сараас өөрчлөлтгүй, импорт өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өсч, гадаад худалдааны тэнцэл 1137 сая ам.долларын ашигтай гарлаа.
Чанаргүй зээл 1.8 их наяд болов
ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл арванхоёрдугаар сард өмнөх сараас 3 хувиар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувиар нэмэгдэж 17.2 их наяд төгрөг болов. Чанаргүй зээлийн хэмжээ 1784 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.7 хувиар хасагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 54.8 хувиар нэмэгдэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 10.3 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 848.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 125.2 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 25.4 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны арванхоёрдугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 282.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 631.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж байна.
ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭХЭД ИЙМ БАЙНА. ТЭГВЭЛ ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙХ ВЭ? ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ ТОДОРХОЙ БУС БАЙДЛУУД ЮУ БАЙНА ВЭ? ГЭДГИЙГ ТӨВ БАНКНЫ ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН ХҮРГЭЕ.
Энэ оны ТӨСӨӨЛӨЛ
2018 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурсан бол 2019 онд хэвээр хадгалагдах, 2020 онд сайжрахаар байна. 2018 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орсон, газрын тосны экспорт буурсантай холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт саарах төлөвтэй байгаа нь голлон нөлөөлсөн. Нүүрс, газрын тосны экспортын тээвэрлэлтийн асуудал нь ирэх оны үйлдвэрлэлийн төсөөлөлд сөргөөр нөлөөлсний зэрэгцээ төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ буурахаар байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг өмнөх төсөөллөөс бууруулах нөлөө үзүүлнэ. Харин 2019 онд төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх нь барилга, эрчим хүч, боловсруулах, худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэж, өмнөх төсөөллөөс бага зэрэг сайжрахаар байна. Уул уурхайн болон уул уурхайн бус салбар эрчимжин 2019 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байх бол 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарахаар байна.
2019 онд эрдэс бүтээгдэхүүний үнэ өмнөх төсөөллөөс сайжирч алт, нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэж, 2020 оноос эрчимжихээр байна. Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт үргэлжлэх, төсвийн төлөв сулрах зэрэг нь 2019 онд уул уурхайн бус салбаруудын өсөлтийг дэмжихээр байна. Тухайлбал барилга, боловсруулах, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, хөрөнгө оруулалтын шинжтэй импорт өссөнөөр бүтээгдэхүүний цэвэр татварын орлого өсч, уул уурхайн бус салбарын өсөлт эрчимжих төлөвтэй.
Нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт, хилийн боомтоор нэвтрэн өнгөрөх чадварт тогтоосон хязгаарлалт удаан үргэлжлэх, энэ асуудал дахин давтагдвал нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаар үйлдвэрлэлээ явуулахгүй байх, улмаар экспортлох потенциал үргэлжлэн буурч, ачаа тээвэр болон бусад уул уурхайн бус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлнө.
БНХАУ, АНУ хоорондын худалдааны зөрчилдөөн, түүний хариуд авах БНХАУ-ын дотоод бодлогын арга хэмжээ нь дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн төлөв болон эрдэс бүтээгдэхүүн экспортлогч жижиг нээлттэй эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус хэвээр байна.
2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “IPO” амжилттай хэрэгжиж, тус үйлдвэрийг дагасан бүтээн байгуулалт хийгдвэл эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Үүний зэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол үйлдвэрлэл нэмэгдэхээс гадна шатахууны импортоос ханш, гадаад валютын нөөцөд ирэх дарамт буурна.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд бодит секторыг дэмжих томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжих, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байгааг дурдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )