Эдийн засгийн тойм: НУУЦ ХУРАЛДААН-ы протоколыг сануулж, ТИНК ТАНК-уудыг онцлов

2019 оны 02 сарын 02

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудал гал дагуулахын өмнөх Засгийн газрын нууц хуралдааны протоколыг эргэн сануулж, энэ онд эдийн засгийн төлөв хэрхэхийг судлаачдын төсөөлөлд тулгуурлан хүргэсэн билээ.

 

НУУЦ ХУРАЛДААН-ы протоколыг САНУУЛАВ


Гурван жилийн өмнөөс нийгмийн сэдэв болоод буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалтай холбоотой эхний маргааныг тойрсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдээгүй байхад дахиад шинэ эзний тухай сэдэв олны анхааралд орж ирснийг бид өнгөрсөн долоо хоногийн “Эдийн засгийн тойм”-доо онцолсон. Тэгвэл энэ долоо хоногийн тоймд мөн “Эрдэнэт”-тэй холбоотой сэдэв хөндөгдөж байна.


ОХУ-ын “Ростех” төрийн өмчит компаниас “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авах асуудлыг Засгийн газрын “нууц” хуралдаанаар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 11:41-12:24 цаг хүртэл хэлэлцсэн байдаг. 43 минут үргэлжилсэн хурлын протоколыг эргэн сануулж, энэ долоо хоногт манай сайт нийтэлсэн юм.


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдгийг, “Ростех”-д нэмэлт илүү мөнгө төлөхгүйн тулд Ц.Пүрэвтүвшин гэж хувь хүнийг худалдан авагчийн дүрд тоглуулсан гэдгийг протокол дахь үгс баталдаг. Мөн 49 хувийг цааш нь дамлах вий гэдэг асуудал 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр яригдаж өнгөрсөн байдаг.


Мөн энэ долоо хоногт “Монголиан коппер корпорейшн” –ы зүгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “улс төрийн шинжтэй гүтгэлэг” гэх байр суурийг дахин илэрхийлэв. Харин Г.Занданшатар мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд байгаа гэж мэдэгдсэн юм.


Эдийн засгийн ТӨСӨӨЛӨЛ


Эдийн засаг энэ онд ямар байх вэ гэдэг төсөөллийг энэ долоо хоногт хөндсөн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувиар хэмжигдэж байгааг судалгааны байгууллагуудын зүгээс мэдээлж буй. Тэгвэл Азийн хөгжлийн банкны 2018 оны тайланд манай эдийн засгийг өнгөрсөн  онд 3.8 хувь, энэ онд 4.3 хувийн өсөлттэй,  инфляци өнгөрсөн  онд 8 хувь, энэ онд 7 хувь байна гэж тооцсон байсан. Харин Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгааны 2018 оны дөрөвдүгээр сарын тайланд Монголын эдийн засгийн өсөлт 2018 онд 5 хувь, 2019 онд 6.3 хувь,  инфляци 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.8 хувьтай байна гэсэн тооцоолол дурдагдсан байдаг.


Тэгэхээр манай эдийн засаг  Азийн хөгжлийн банк болоод Олон улсын валютын сангийн таамаглалаас давсан өссөн байдалтай байна. Тэгвэл Төв банкны тайланг харахад 2018 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурсан бол 2019 онд хэвээр хадгалагдах, 2020 онд сайжрахаар байна. 2018 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нүүрсний тээвэрлэлт зогсонги байдалд орсон, газрын тосны экспорт буурсантай холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт саарах төлөвтэй байгаа нь голлон нөлөөлсөн. Нүүрс, газрын тосны экспортын тээвэрлэлтийн асуудал нь ирэх оны үйлдвэрлэлийн төсөөлөлд сөргөөр нөлөөлсний зэрэгцээ төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ буурахаар байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг өмнөх төсөөллөөс бууруулах нөлөө үзүүлнэ. Харин 2019 онд төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх нь барилга, эрчим хүч, боловсруулах, худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэж, өмнөх төсөөллөөс бага зэрэг сайжрахаар байна. Уул уурхайн болон уул уурхайн бус салбар эрчимжин 2019 онд эдийн засгийн өсөлт тогтвортой байх бол 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарах таамагтай байна.

 

ОУВС-гийн төлөөлөгчид айлчлав


 Олон улсын валютын сангийн /ОУВС/ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт нэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад айлчиллаа. Тэд бодлого боловсруулагч байгууллагуудын албаны хүмүүстэй  уулзан, хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг  хийснийг тойм онцолж байна. Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөлөө гэж Төв банкны зүгээс мэдээлсэн юм.  Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцжээ.  Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохироод байна.

 

ТИНК ТАНК-уудын ач холбогдлыг хэлэлцэв


Энэ долоо хоногт /2019.01.31/ “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хөгжих дэвшихийн тулд дэлхийн чиг хандлагыг сайтар ажиглан судалж, өөрсдийн нөөц бололцоогоо зөв зохистой удирдахад судалгаа, баримт мэдээллийн найдвартай байдал чухал үүрэгтэй. “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр сан”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг арга хэмжээ нь  АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх "Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр"-ийн зүгээс зохион байгуулдаг жил тутмын хэлэлцүүлэг болон Тинк танк индексийн нээлт, танилцуулгын хүрээнд хийгдлээ. Дэлхий даяар 75 улсад, 255 байгууллага тинк танкийн хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг нэгэн зэрэг зохион байгуулсан аж. Тинк танк гэдэг нь бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно.


Тинк танк яагаад чухал вэ? гэдгийг тодотговол:  Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аппарат дахь бодлого боловсруулах чадамж илүү боловсронгуй болсон ч гэсэн тинк танкуудын судалгааг үнэлж үзэх дараах үндэслэл байдаг. Нэгд, Засгийн газрын түвшинд тогтсон хандлагыг “эвдсэн” бүтээлч санал бага гардаг байхад тинк танкууд илүү холыг харсан бодитой судалгаа гаргаж чадна гэж үздэг. Хоёрт, дээрхтэй холбоотойгоор засаг захиргааны түвшинд стандартчилагдсан горимын дагуу “явцуу” хүрээнд шийдэл гаргадаг бол тинк танкууд өөрчлөлтийг зоригтой санал болгож чаддаг аж. Гуравт, тинк танкууд сонирхлын зөрчлөөс ангид шинжээчдийг бүрэн дайчилж, хамтран ажиллах бүтэц бий болгож чаддаг давуу талтай гэж үздэг аж.


 

Санхүүгийн зах зээлийн ТОЙМ-ыг танилцуулав


Санхүүгийн салбарын 2018 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг  энэ долоо хоногт  /2019.01.29/ Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан юм. Даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2018 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсч, 1.8 их наяд төгрөгт хүрсэн бол үнэт цаасны зах зээлийн хэмжээг илэрхийлэгч гол үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсөн 2.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.


Санхүүгийн дээрх салбаруудын нийт хөрөнгө болон зах зээлийн үнэлгээний нийлбэр дүн 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий 16 хувьтай тэнцэж байгааг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хэллээ. Үүний дотор 9 хувийг нь үнэт цаасны зах зээлийн үнэлгээ эзэлж байгаа бөгөөд өссөн дүнгээр нийт 210.3 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэнээр хөрвөх чадварын үзүүлэлтийг 2017 оныхоос 5.2 хувиар огцом нэмэгдүүлсэн байна.


Даатгалын салбарын нийт хураамжийн орлого өмнөх оныхоос 24.3 хувиар, нийт нөхөн төлбөрийн зардал 27.8 хувиар тус тус өсчээ. Банк бус санхүүгийн салбарын чанаргүй зээл 2017 онд нийт зээлийн 12.7 хувь байсан бол 2018 онд 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар ихээхэн сайжирчээ. Мөн тус салбарын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 сая хүрчээ. Хадгаламж, зээлийн хоршооны салбарт ч ялгаагүй зээлийн чанар сайжирсаар байгаа бөгөөд 2018 онд нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

 

 Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top