Энэ оны төсөвт ХӨРӨНГИЙН ЗАРДАЛД 3 их наяд 243 тэрбум 700 сая төгрөг төсөвлөсөн нь өмнөх жилээс 68.2 хувийн өсөлттэй байгаа. Хөрөнгийн зардал гэдэг нь Үл хөдлөх, барилга, тоног төхөөрөмж авах, их засвар, стратегийн барааг улсын нөөцөд байршуулах зардлыг хэлдэг.
Тэгвэл 2018 онд энэ чиглэлд зарцуулсан мөнгийг задалж харвал авто замд 137.8 тэрбум, сургууль, цэцэрлэг барихад 201.8 тэрбум, шинээр 37 эмнэлэг, 2 эмнэлгийн өргөтгөл барихад 138.2 тэрбум, тусгай тоног төхөөрөмжид 29.8 тэрбум төгрөг, гүүр байгууламжид 28.1 тэрбум, дулаан хангамжид 24.9 тэрбум, соёлын төвд 24.9 тэрбум, инженерийн шугам сүлжээнд 24.2 тэрбум, сургуулийн дотуур байранд 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байдаг.
Харин энэ онд Барилга байгууламжид нийт 2 их наяд 202 тэрбум 400 сая төгрөг байгаа нь өмнөх жилээс 109.8 хувийн өсөлттэй тоо. Тодруулбал, их засвар 157 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оноос 117.4 хувийн өсөлт бол тоног төхөөрөмжийн зардлыг 292.1 тэрбум төгрөгөөр тооцсон нь 0.2 хувийн бууралт, харин стратегийн нөөц хөрөнгийг 20.9 тэрбумаар тооцсон нь өмнөх оноос 33 хувийн бууралт, бусад хөрөнгө 571.3 тэрбумаар тооцсон нь өмнөх жилээс 18.3 хувийн өсөлттэй байгаа юм.
Дашрамд, Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы төсөвтэй холбоотой байр суурийг хүргэхэд “Төсөв 2019 онд нэлээн тэлж, төсвийн зардал нэмэгдэнэ. Ялангуяа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ нь төсвийн зардлаар дамжиж эдийн засаг тэлнэ гэсэн үг. Гадаад зах зээл 2019 онд өмнөх онуудаас илүү тодорхой бус байгаа нь түүхий эдийн үнэд нөлөөлөх, улмаар манай улсын экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй. Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлын санхүүжилтийн эх үүсвэрийг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал голчлон нөхөж байгаа хэдий ч тогтвортой биш байна. Улс төрийн орчин тогтворгүй байх нь гадаад хөрөнгө оруулалт татрах эрсдэл үүсгэдэг. Иймд улс төрийн тогтвортой орчин дахь төсөв, мөнгөний бодлогын хослол тун чухал” гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )