Өмнөговь аймгийн Урлаг соёлын өдрүүд тавдугаар сарын 29-ний ням гарагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийв.
Зун цагийн тунгалаг тогтуун тэнгэр доор өмнийн цэнхэр говийнхны аялгуу дуу, айзам шүлэг, уран сайхан бүжгээрээ нийслэлчүүдээ баясгасан “Говь фестиваль-2011” өдөрлөгийг аймгийн Засаг дарга Б.Бадраа нээлээ.
“Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийг угтан зохиож буй энэхүү урлаг соёлын арга хэмжээ бол говьчууд бидний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг уран сайхны хэлбэрээр товчоолон зангидсан том үйл явдал юмаа.
Өмнөговийн түүх бол ажил амьдрал, тэмцэл хөдөлмөрийн аугаа их үйл явдлаар дүүрэн билээ. Ардын баатар Д.Нанзад, Монгол Улсын баатар Т.Бор, партизан Хаддорж, Довдой нараас аваад эх орныхоо тусгаар тогтнол, сайн сайхны төлөө чин зоригоор тэмцсэн зуу зуун гавьяатнууд манай нутгаас төрсөн нь үр хойчист маань бахархал болон дуурсагдсаар байгаа билээ. Тус аймгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар арав гаруй төрж, гавьяатууд, эрдэмтэд 200 орчим төрсөн нь 80 жилийн бахархал, говьчууд бидний омгорхол юм.
Өнөө цагийн Өмнөговь бол Монголын ирээдүйг тодорхойлж байна. Монголд төдийгүй дэлхийд нэр нь цуурайтсан эрдэнэс баялгийн их уурхай Оюу толгой, Таван толгой бол шинэ зуунд Монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд үлэмж ач холбогдолтойг түм хотлоороо мэддэг боллоо. Манай говийн өнгө төрх жилээс жилд шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Энэхүү дэвшил хөгжлийн өнгө эгшиг, дүр зургийг энд хуран цугласан Өмнөговийн уугуул иргэд, нийслэлчүүд та бүхэн “Говь фестиваль-2011”-ээс тольдон харж, мэдрэх болно” хэмээн нутаг орныхоо тухай яруу тодорхой үг хэлснээр Өмнөговийн урлаг соёлын өдрүүд эхлэв. Говийнхны аялгуу дуу цааш өрнөн үргэлжилж, Соёлын төв өргөөнд дуурслаа. “Өмнийн говийн аялгуу” урлагийн сайхан тоглолт гэгээн говийнхны цагаан сэтгэлийн мэндчилгээгээр эхлэв. Энэхүү хүндэтгэлийн тоглолт суудал багтахгүй үзэгчтэй байлаа. Говь нутгийнхны уламжлалт “Алтан хүрээцэх” хэмээх дуу бүжгийн чуулбараар эхэлсэн тоглолтонд говийн авьяастнуудын төлөөлөгчид, уран бүтээлчид олон хүмүүс оролцсон нь тоглолтыг өргөн агуулгатай, утга төгөлдөр болгожээ.
МУСТА, нэрт ерөөлч Мөнхжаргалын их ойдоо зориулсан ерөөл олны сэтгэлийг догдлуулан, нийслэлд суугаа уугуул иргэдэд өмнийн их говийг санагдуулж байлаа.
МУГЖ Ө.Батжаргалын гоцлосон аялгуут магтаал “Манай говиор зочлоорой”, “Дөрвөн цаг” лимбийн эгшгийг үзэгчид нэн талархалтай хүлээн авав. Ханхонгор сумын соёлын сургуулийн сурагчдын бүжгийн хамтлаг, энэ концертыг улам өндөрт өргөснийг онцлон дурдах нь зүйтэй.
“Хүннү” бүжгээс эртний монголчуудын сүр жавхааг бахдаж, МУГЖ Нанжидын гучаад жилийн өмнө дэглэж олныг бишрүүлсэн алдарт “Ботгон тэшээ” тайзнаа мөнхөд амилж, нийслэлчүүдээ баясгав. Дуучин Цэрэн-Очир, Батболд, СТА Энхтуяа, Хажидмаа, Амгаланбаатар нарын авьяаслаг дуучид төрөн гарсанд үзэгчид талархан ярилцаж байв. Энэхүү тоглолтын ерөнхий найруулагчаар Ч.Ганхуяг ажиллажээ. Зураач Амартүвшин, хөгжмийн удирдаач, МУСГЗ Ш.Аюуш, хөгжмийн багш, МУ-ын бий биелгээний холбооны дэд тэргүүн Энхгэрэл, театрын бүжгийн багш Ү.Должин, найрал дууны багш Цэрэн-Очир нар ажилласан “Өмнийн говийн аялгуу” тоглолтонд 100 гаруй авьяастнууд оролцов. Өмнөговийн соёлын өдрүүд үргэлжилж байна.
Э.Хархүү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )