Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн долоо хоногт билэг танхай найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг С.Пүрэвийн ертөнцөөр аялахыг урьж байна. Энэ хүний алдар цол, нэр гуншин нэн олон. Алтайн Пүрэв ч гэх, “Азын цэнхэр уул”-ын Пүрэв ч гэх, бас хоёр Пүрэв ч гэх. Харин би нэг алдар нэмэрлэе. Цагаан Пүрэв! Энэ бол уран бүтээлээс нь үүдэлтэй нэр болой. Пүрэв баавайн хоёр зуугаад өгүүллэг, тавь гаруй тууж, мөн романыг би бараг төлөв уншсан нэгэн. Тэгж бодвоос энэ хүний зохиолд эсрэг бараан дүр оочиж цоочин, гэгээлэг агаад уянгалаг сайхан хүмүүс олон зуугаар байдаг болохоор Цагаан Пүрэв хэмээн цоллож буй хэрэг юм.
1971 оны намар цаг. Багшийн албанаа дөрвөн жил болж байсан залуу багш, найргийн моринд дөрөөлөөд тав, зургаахан он болж асан хэнзхэн шүлэгч надтай уулзахаар Ардын хувьсгалын 50 жилийн ойн радио нэвтрүүлэг бэлтгэхээр очсон, мөрөндөө аппараттай, гартаа микрофонтой, гуч шүргэм насны шалмаг нэгэн бээр Даланзадгад хотын нэгдүгээр арван жилийн дунд сургуульд намайг сурагласаар орж ирсэн нь эдүгээ үеийн том зохиолч, Говь-Алтайн Дарви сумын харьяат Санжийн Пүрэв байж билээ. Пүрэв маань надаас гурав, дөрөвхөн ах юмсанжээ. Гэвч энэ хүний билэг авьяас надаас өртөө дээгүүр гэдгийг би эрт мэдэрсэн. Үүгээрээ зохиолч, найрагчид гэдэг бие биенээ хүндлэн хайрлаж, хүсэмжлэн хүлээдэг хүмүүс ээ!
2006 оны намар туульсын их хаантан догшин ноён хутагт Данзанравжаагийн нутаг Дорноговиор хэдэн өдөр зорчиж, өөрийнх нь хэлснээр “Өндөр тэнгэрийн өлмийд жаргаад” ирж билээ. Дорнын их говь намжааран шаргалтаж, нараа дэвсэн налайж байлаа. Уулзалт цэнгүүн үргэлжилж, Хатанбулаг сумын Соёлын төв хүнээр пиг дүүрэн. Шүлэг, дуу, бүжиг, хөгжим хосолсон тэр цэнгүүний тэргүүнд Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Пүрэв зохиолч түүчээлэн гарч, уран бүтээлийнхээ тухай, аян зам, зохиолч нөхдийнхөө тухай энгийн хэрнээ хачир чимэгтэй сайхан шүлэг уншив. Мань эрийн “Шинэ өдөр” нэртэй шүлгийн номыг нь би мэдэх боловч тийм чамбай шүлэгтэйгий нь анзаарсангүй явсандаа санаа зовж билээ.Туульсын ланжгар бүтээлээр нь, мөнөөх олны танил “Загийн алим”, “Суварган цэнхэр уул”, “Мартагдсан дууль” киногоор нь хэмжиж явсан хэрэг. Хориод жилийн өмнө бичсэн гэхэд түүний шүлгүүд хуучирсангүй.
Хул шаргал говийн минь
Хулан ундаалсан ус
Хатанбулаг үгүй бол
Халуун говь гомдоно
Халуун говь үгүй боль
Хатанбулаг нь зайлна
Шүлгийн төгсгөл нь энэ байлаа. Байгаль дэлхийн амин шүтэлцээ, түүнийг мэдрэх найрагчийн сэтгэл тун амархнаа найран илэрсэн энэ шүлгийн дараа Пүрэвийн нэг сайхан өгүүллэгийг тэндхийн уран сайханч залуу яг л “Утгын чимэг”-ийн уралдаанд богино өгүүллэг унших байдлаар олонд хүргэв. Нэг сонирхолтой нь, эндхийн хэн нь боловч уран цэцнээр толгой холбочихдог, найрагчдын шүлэг, зохиолоос яруу сайхан уншчихдаг, өөрсдөө бас зохиодог, нэг үгээр хэлбэл, шүлэг зохиолын хорхойтнууд олонтой байсан нь анхаарал татаж, урам хайрлаж байлаа. Зохиолчийн билгийн хараа, амьдралыг нарийн мэдэрдэг авьяасыг нь би тэр явалтаар гойд ажиглаж билээ. Маргааш өглөө нь хоёул эртлэн босож, говийн нар мандахыг шимтэн харсан шигээ ойр зуурыг хүүрнэн, сумын төвөөр алхах үес хүүхдүүд хичээлдээ ирж байхтай тааралдав.Надад энэ зураг дэндүү дотно санагдаж, өөрийн эрхгүй нүд сэтгэл баясаж байсныг Пүрэв маань гярхай олж ажигласан нь түүний бичсэн тэмдэглэл дотор тун оновчтой туссан байсныг хожим нь би олж харсан. Тэр тэмдэглэлд:
“Их говийн сургуульд насны ихэнхээ элээсэн найрагч Хархүү маань тэрүүхэндээ санаа алдах нь эрдмийн гэнээн танхимд хүүхдүүдтэйгээ бужигнаж асан саруул өдрүүдээ битүүхэн дурсав бололтой” гэж бичсэн нь бий. Энэ бол гайхалтай онож хэлсэн өгүүлбэр. Бид хоёр багуудаар явж, уулзалт хийлээ. Говийн гүндүүгүй сайхан хүмүүстэй уулзаж ярилцлаа. “Хийморь” сонинд хамтраад бүтэн нүүрийг Хатанбулагт зориулав. Тэндхийн эрхэм сайхан сэхээтэн, найрагч Сономын Чулууны тухай Пүрэв тун догь тэмдэглэл бичиж оруулсан. Нөхрөө хайрлах, хүндлэх сэтгэл нэвт шингэсэн тэр тэмдэглэлийг манай сонины сэтгүүлчид ихэд таашаав.
Түүгээр үл барам "Нартын чөлөөнд жаргал хайрла" нэртэй туужийг нь би шимтэн таашаан, замаас нь "олзлон" авч сониндоо цуврал болгон тавьсан билээ. Монгол туужид цоо шинэ зохиомжтой ийм бүтээлийг өнөө хэр би үзээгүй. Пүрэвийн уран бүтээлийн талаар дотоод, гадаадын эрдэмтэд олонтаа дуугарчээ. "Азын цэнхэр уул" өгүүллэгийн ном нь Монголын уран зохиолд түүний оруулсан номын хөшөө! "Амгалан талын аяс", "Гэгээн өргөл" гээд шил шилээ дарсан олон шилдэг туурвилаа сүүлийн үед уншигчдадаа барьсныг нь онцлон дурдмаар байна. Уран бүтээлчид, зохиолч нөхдийнхөө тухай гэгээн сайхан дурсамж хөргүүдийг Пүрэв төвөггүй бүтээсээр. "Гэгээн өргөл"-өөс бид Монголын олон шилдэг хүний дүр төрх, авьяас эрдэм, аугаа хүнлэг сэтгэлийг олж уншлаа. Аян зам, ажил алба, амьдралын тойрогт алдалж нөхөрлөж, үерхэж, жаргаж явсан нөхдийнхөө тухай хөрөглөн дурсахын эрдмийг энэ эрхэм гартаа нэгэнт оруулжээ.
1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн нэвтрүүлэг хийхээр Пүрэв маань Өмнөговьд очсон тухай энэхүү хөрөг дурсамжийн эхэнд би дурдсан. Хэдхэн хоногт ажлаа амжуулаад буцсан бөгөөд тэр бол бид хоёрын анхны учрал байлаа. Гашуун нясуун юманд тун маруухан хоёр байжээ. Ганц юм дундаа тавьчихаад гурван цаг ярилцсан. Нэвтрүүлгийнхээ гол нурууг босгоод авч билээ. Тэр радио нэвтрүүлэг тун сайн болсон нь залуу сэтгүүлчийн авьяасынх байсан нь мэдээж. Бүр хожим Москвад Горькийн сургуульд сурч байхад нь би тэр алдарт сургуулиар орж гарч, оюутны байранд нь тав хоносон юм даг. Илүү ор байх биш, Пүрэвийнхээ өвөрт унтчихаад, маргааш нь хэн нэгний нь дагаад л их хотоор явах. Стереофильм ч үзүүллээ, их Пушкины хөшөөнд ч бараалхлаа. Улс ардын аж ахуйн үзэсгэлэнд ч очлоо. Ш.Сүрэнжав, Г.Нямаа, Д.Давааням, О.Дашбалбар, С.Пүрэв нар нэг нэг өдрөөр намайг дагуулж нүдийг минь нээж байлаа. Ингэж хоёр дахь удаагаа уулзаж, холын Москвад хэд хонохдоо бид тун ойр дотно болов. Хожим нь Пүрэв сургуулиа төгсөөд Зохиолчдын хорооны төв хэвлэл "Утга зохиол, урлаг" сонинд ажиллах болж, би ч яахав, өмнийн говьдоо багшаа хийж, шүлгээ бичсээр олон оныг өнгөрөөсөн. Шүлэг, бүхэл бүтэн найраглалыг минь сониндоо мөн ч олныг нийтэлж өгсөн. Хөдөөний зохиолчийн зовлонг их ойлгосон хүн бол Пүрэв. Урмыг тэтгэж, дэмжиж байгаа ийм ачтан эдүгээ хэр зэрэг олон бий бол?
Пүрэв бол олон шилдэг багштай хүн. Анх "Уулын намар" туужаараа Монголын утга зохиолд орж ирсэн. Ардын уран зохиолч С.Дашдооров "Би Пүрэвийг цэргийн жагсаалаас олсон" гэж ярьж байхыг нь нэгэнтээ сонсож явлаа. Хөдөлмөрийн баатар Л.Түдэвээр ном заалгаж, сүүлд нь "Эх газрын чулуу" анхны романаа эх бариулсандаа Пүрэв бол азтай хүн. Аугаа хүмүүсийн нөмөр нөөлөг гэдэг Алтайн уулс шиг нь байлгүй яахав. Пүрэвийн тууж, өгүүллэгт унаган нутаг Дарвийн цэнхэр уул, Ихэсийн шаргал нуур үе үе дүрслэгддэг. Тэгэхдээ нэг дүрслэлээ хэзээ ч давтдаггүй. Цаг улирлын аясыг ч юмуу, цаадах үйл явдал, дүр зэргээсээ болоод тэр үү, уул ус нь өөр өөрөөр тодорч байдаг. Энэ бол бичгийн хүний билгүүн авьяас юм даа. Хэн нь ч билээ, "Хар Пүрэв их эр" гэж хэлсэн. Ихээр барахгүй том уран бүтээлч, Монголын туульсын нэгэн сүрлэг оргил гэдгийг онцлон хэлмээр байна. Алтайн Пүрэв гэж аян замын ханилгаа сайтай, авьяас ухаан тэгширсэн сайхан уран бүтээлч байдгийг гадаад дотоодын уншигчид андахаа байжээ. Энэ бол том амжилт, бахархал болой. Пүрэвийнхээ тухай өөрийнхөө бодлыг би бичлээ. Бичиг эрдмийн энэ авьяастантай нэгэн үед төрж өсөж, нөхөрлөж яваа минь аз жаргал юмаа. Түүний энгэрт МУСГЗ, Д.Нацагдоржийн дүрт тэмдэг гялалзаж бий. Төрийн шагналд таван удаа дэвшсэн юм билээ. Чухам яагаад тэр эрхэм цолыг өгөөгүй юм бол гэж хааяа би гайхдаг. "Цаг цагийн урсгал","Эргүүлэг", "Усны гудамж", "Гурван говийн зэрэглээ", "Уулын намар", "Азын цэнхэр уул", "Гэгээн өргөл" энэ сайхан бүтээлүүд тэр шагналд тэнцээгүй юм байх даа. Гэвч Санжийн Пүрэв бол шагнал горьдох хүн биш. Тэртэй тэргүй олон шилдэг бүтээл нь Монголын уран зохиолын гэрэлт цагаан суварга болон сүндэрлэсэн юм чинь. Хойшдоо ч бүтээлийн энэ чуулган улам өнгөжин өнөржсөөр байх нь эргэлзээгүй.
Э.Хархүү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Э. Хархүү ахайтны бичсэн тэмдэглэлийг уншиж баярлалаа. Энэ бичигч эрхэмийн нэр алдрыг олонтаа уншсан, сонссон. Бас бүтээлүүдтэй нь зөндөө тааралдаж, уншсан. Их олзуурхууштай бүтээлч зохиолч гэдэгтэй маргахгүй. Тиймээс Э. Хархүү гуайг С. Пүрэвийн тухай бичсэнтэй хамтатган санал нэгтэй сэтгэгдлээ нээе. С. Пүрэв сэтгэл сайхантай хүнийг сайн талаас нь хардаг гэгээлэг, ухаалаг сайн эрийн мөн чанар оршсон хүн. Би алтай нь энэ том зохиолчийн бичсэнийг уншиж гэгээрхээс биш нүүр тулж явсангүй. Харин аз болж хэдэн жилийн өмнө нэг том үйлдвэрийн ном гэрэл зургийн цомог хамтарч хийх ажил ноогдов. Тэгээд .