Өнөөдөр /2019.02.14/ Валентины баярын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын орчин үеийн уран зохиолд өөрсдийн өнгө төрхийг бий болгож, хувь нэмэр оруулж яваа таван эмэгтэй яруу найрагчийг сонгон, тэдний шүлгийг онцолж байна. Хайр бол хүмүүний амьдралын өнө мөнхийн сэдэв. Уншигч та бүхэнд гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе!
ВЕНЕЦ
Гал шиг төөнөх шидэт халуунд тас атгуулаад
Ай даа, гарыг чинь үнэт бээлий мэт ээ өмсөөд
Ганц хормыг ч зуун жил шиг татаж сунгаад
Галзуу Венецид есөн өдрийг үдэв.
Гуйлгачин бүхэн хийл тоглох
Гуниггүй хотыг гуч тойров.
Гутлын өлмий тоосонд дарагдаж
Сэтгэлийн тоос арчигдан цэмцийв.
Хайлах зайрмагийг уруулаас чинь долооход
Хажуугаар шуртхийх шувууд инээлдэнэ.
Шувуудын инээд агаарт гэнэт хөшөө болж...
Шулуун салхин зураасууд тэнгэрт ХАЙР гэж бичнэ.
Төөрдөг байшин шиг мөнхийн гудамжуудаар
Төрлөө хайсан сүнс шиг тэнүүчлэхүй
Бал сараа ч тэмдэглээгүй ядуухан хоёр шүлэгчийн
Баяр гунигтай амьдрал эхнээсээ давтагдах шиг.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Толинд туссан будда" номоос
ШУДАРГА, ДУРЛАСАН, ХҮЧ ЗОРИГТОЙ...
Өөдгүй амьтдаар дүүрсэн тэр гудамжны
Хамгийн булангийн мухлагт одоохон оч
Хундага тулгах хамсаатнаар ч яах юм
Тэнд ганцаар тухлаад лонх дарсны бөглөө мултал
Би чамайг хүсч мөрөөдөж байна
Би ганцхан чамдаа л аз жаргалыг хүснэ
Чамтай л хамт байхгүй бол
Ганцхан хором ч надад гэсгээл болж байна
Өр зүрхээ цаашид мэхлэхгүйг хичээнэ
Тэнэг дордсоор дүүрсэн энэ гудамжинд
Лонхтой дарс л ганц ариун нөхөр юм.
Чи тэндээ, би эндээ
Булангийн тэртээд дарсны мухлагийг зүглэж
Өөртөө зэхсэн урхинд тээглэж харуулдан унасан
Үнэнч ганц зүрхээ түшин босгож, цэнгүүлье
Намхан таазтай, давчуу цонхтой ч энд
Нар, сар, салхины ширхэгийг өчүүхэн тунгаар ч бас залгилж болно.
Хундага дарсаар шударга зүрхээ дайл, дурыг татсан нөхөр минь
Чи тэндээ, би эндээ нэгэн зэрэг
Хувь тавилангаа бясалгая, хэнэггүй төрсөн найз минь
Энд надаас өөр хэн ч алга
Эрх чөлөөтэй ч толгой гудайн суунам
Элгээ тэврэхдээ ч би чамайгаа тэвэрнэм
Энд л чи аль эрт шургалсан шүү дээ.
Энэ мөчөөс эхлэн хоёулаа
Нэгэн мөчгийг тавьж андгайлахад сайхан байна
Гашуун занга зэхэж түүндээ харуулдаж унах
Гайт тийм өдрүүд энэ үдэштэй хамт мартагдаг.
Маргааш бид хэн хэнийхээ нэрийг шивнэн хэлэхдээ
Магад хэдийн тайтгарч амжсан байх болно
Маргааш- маргааш- гэрэлт цаг хоромуудын аль нэгэнд
Шударга- дурласан- хүч зоригтой ширтэн харж зогсоно
Өөдгүй дордсоор дүүрсэн энэ гудамжны
Хамгийн булангийн мухлагт бид
Хоёр удаа очихгүй билээ.
Яруу найрагч Н.Пагмын "Үл гүйцэлдэхүйг загварчлах нь" номоос
***
Сүүлчийнх гэж бодсон бүхэн л сүүлийнх байдаггүй
Сүүдэртсэн тэнгэрээс өвөл, хаврынх нь мэдэгдэхгүй
Сүүмийсэн одод хийснэ
Газарт буусан нь бороо, буугаагүй нь цас,
Агаарт тогтсон нь гуниг болж
Аль эрт мартчихсан ч мартагддаггүй чамайг бодогдуулна.
Хамгийн хөндүүр өдрүүд минь ард үлдсэн гэж бодох бүрт
Хамгийн хэцүү нь өмнө минь байна-
Чөлөөлөгдөх, мартах, мартсантайгаа эвлэрэх...
Хагацаж салсан, халирч одсон бүхэн минь
Хав халуунаар дотор минь мөстөж,
Хаа ч байхгүй хавар, цэнгэг агаар шиг хөлчүү байна.
Яруу найрагч Г.Лхагвадуламын "Дотно алс" номоос
***
Чи надаас явж дуусахгүй юм...
Чичигнэсэн энэ утас ч тасарч өгөхгүй юм
Тэр утсанд хэлхээтэй догдлол, гомдол...
Тэмцэлдэн нэг ил гарч, нэг далд орж...
Дурсамж нэвт сүлбэх учир тоймгүй харц чинь бас
Дуу шиг гэгэлзэл сандаачиж, мөс мэт хөлдөөчих юм.
Эргэж нэг хардагсан бол эгээ л янзаараа,
Эв хавгүйхэн өчигдөр рүүгээ тонгойж
Элгэндээ хамаг нандинаа тэвэрчихсэн
Инээж ч буй шиг, уйлж ч буй шиг...
Эсвэл өнөөх утсыг тасдах гэж байдгаараа хичээснээс
Эцэж ядарчихаад сөхөрчихсөн суугааг минь...
Үгүй ээ, үгүй харах хэрэггүй
Үг дуугүй алхах чинь л зөв
Үнэндээ ганц л юм:
Үзэгдэх бараагүй яваад дуусчихвал чинь
Гэрэлтсэн энэ утсыг тасдаад өгвөл чинь
Гэрэлтэгч, мөс мэт гарыг чинь
Хав халуун уруулаар үнсэж
Хагацлаа л тэнд чинь тамгалъя.
Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Дотоод тэнгис" номоос
***
Зүрхний минь чинад дахь жижигхэн гэгээ, бүгээхэн бүрэнхий
Зүгээр л хэн нэгнээс үлдсэн нэг тийм толбо
Бороо ороход, цэцэгс дэлбээлэхэд
Борооны цуваа тайлж хатаагаад алсыг саравчлан зогсоход ч
Хааяахан, хачин тодоор мэдрэгддэг.
Өрцөн цаанаа нэг тийм жижигхээн гэгээ, бүгээхэн бүрэнхийг
Өөрийн чинь тухай хааяахан, санамсаргүй, гэнэтхэн бодон суухдаа мэдэрдэг
Мэдрэх тусам минь бороо улам ширүүсч, цас лавсан бударч
Миний жижигхэн ертөнц даяар тунарсан их гуниг нөмөрчихдөг.
Тунарсан ийм нэг гуниг илтэд намайг эзэмдээд
Манарсан цагаан үүлсийн дунд би хөвөөд л, хөвөөд л байдаг
Жижигхэн тэр бүрэнхийгээс хагацаж эхлэх үест л
Жир цаг хугацаа эхэлж, цас бороо зогсчихдог.
Яруу найрагч Б.Баясгалангийн "Эдгэрэл" номоос
Сэтгэгдэл ( 8 )
Зүгээр л 5 яруу найрагч 5 шүлэг гэсэн болохоос шилдэг найрагчид гээгүй байна
Ер нь Монголд буй олонд танигдаагүй олон гайхалтай яруу найрагчид бий лдээ тэр дундаа эмэгтэй яруу найрагчид дотор ”Шинэ Үнэр” бүлгэмийн Тэрсүүд Доржнямбуугийн Эрдэнэзулай гээч найрагч бүсгүй бий. Энэ 5 дотор зайлшгүй байх ёстой баймаар ч нийтлэгчид нь жоохон мэдлэг дутагдсан болой.
Хамтад нь хэдэн хүний шүлэг тавьчихаар заавал харьцуулж уралдуулах гээд үзчихдэг, манайхан нээрээ хэзээнээсээ дутуу дулимгийн комплекстэй ард түмэн шүү. Зүгээр л өөр өөртөө таашаа л даа. Энэ чинь морь биш шүлэг шүү дээ
Лхагвадулам эгчийн шүлгүүд гоё шүү өөрийгөө өөр бусад бүсгүйчүүд охидын дотоод ертөнцийг тольдсон мэт давташгүй нандин гол нь үнэн шүлгүүдэд тань хайртай. Шүлэг гэдэг амьдрал атал амьдрал даанч шүлэг биш.
дэлгэрмаа нь л найрагч бна дүү
Ulziitogs,Delgermaagiin shulguud goy
Өнөөдөр Пагмын төрсөн өдөр
өлзийтөгс, баясгалан 2-ын шүлэг ёстой гоё байлаа