Хөх бүрдийн намар
Хэдэн жил голио царцаанд ноолуулан өнгө алдсан Хөх бүрд энэ намар өрөмтөн шаргалтаж, сул өвс нь алдуул сэвшээнд сугсарч байлаа. Ийм цагийг үзэхгүй юм шиг бохирч суусан хөгшид бүү хэл, морины нуруу чилээж айлын ноход шуугиулж явдаг бид мэт ч намрын энэ өгөөмөрт хөөрч байв. Манайх Хүн чулуутын задгай намаржаанд буугаад хэд хонож байлаа. Өдийд ус бүрдээ барааддаг нь эндхийн ёс.
Нар хэвийж байхад манайхантай хаяа нийлэхээр ирсэн айл "хоёр тэмээт" Бөгөөнийх байв. Бөгөөн гэж номхон нүдэндээ гуниг хотлуулсан, цагийн үргэлж ганцаардмал амьдралаа шүтэж явдаг нэгэн бөгөөд түүнд нь нутаг усныхан хэдийнээ дасчээ. Тэглээ гээд түүнийг өрөвдөж өөд татах, бас өөчилж сэжиглэх нь ч үгүй. Ямар хувь заяатай аль амьтан газар тамгалж явахыг хэлж барахав. Бөгөөн гэдэг түүний нэр нь биш гэдгийг би мэдэх агаад сум орны данс даваанд харин хэн гэж явдгийг ч гадарлах юм алга.
Манайх холын хамаатан болох Дөлгөөн эгчийнхтэй нүүдэл салалгүй олон жил болжээ. Дөлгөөн эгч насандаа ч үсэндээ сам хүргэж үзээгүй болов уу гэмээр сэгсгэр нэгэн, харин ааш зан, унд ус сайтайгаараа нутаг орондоо гайхагдана. Цэцэг цэврүү шиг ганц сайхан охинтой, тэр охиныг Гандулам гэнэ. Эхийгээ дуурайсан ухаан саруул, сийрэг бодолтой гэж амтай болгон ярилцах. Гандулам нийслэлд хүний их эмчийн сургуульд суралцдаг, манай нутгийнхан тэр зэрмэгэр охиныг бурхан эмч болохыг нь яаран хүлээнэ.
Энэ жил тэднийхээр хойт голын нэг чимээгүй хархүү бууж мордох болсон нь олны нүднээс зайлсангүй. Энэ хар юм нутгийн охин дагуулаад талийчих вий хэмээн манайхан өмчирхөнө. Би түүнийг харсаан. Малын хамуу томуутай зууралдаж явдаг түүнд Гандулам тэгтэл ч хөл алдаад баймааргүй атал охин цаанаа л нэг жаргалтай харагдана. Дөлгөөн гуай ч түүнийг ирэхэд дээд тэнгэрийн зарлиг буулгасан элч мэт сүйд болохыг яана.
Манайхан Бөгөөн гуайн ханыг дугуйлж, шар навтсан бүрээсийг нь нөмөргөн орон овоохойг нь босгоод авлаа. Хойт голын малын эмч Дэрэм ч хөлтэй энэ ажилд шаламгай оролцон шоволзов.
Гандуламын сургуульдаа явах хугацаа хоног хоногоор хорогдох тусам Дэрэм тэднийхээр морилох нь ихсэн ил цагаандаа гарч, хэзээ язааны нэг гэрийн хоёр шиг олныг шагшруулав. Тэр хархүүг харсан цагт Гандулам мань мэтийнхээ давсагтайг асгартал гайхуулж, гадаа гэртгүй дэгдэж жаргана.
Гандулам бид хоёр даахин нялх үстэйгээсээ энэ хэдэн дэнжээр хонь хургатай хөөцөлдөж, толгойгүй ганц хүн чулуунд нь нэр хоч зүүн өссөн болохоор түүний ийн хүний хүн болох гэж байгаа миний санаанд багтахгүй, багтахгүйгээс гадна харамлах сэтгэл төрүүлж байв. Гандулам сайхан охин. Түүний хойноос хичнээн харчуул зулгаа эргүүлснийг хэн мэднэ. Манай Хөх бүрдэд байтугай их хөлийн хотод ч гуйж гувшсан улс байдаг гэдгийг манайхан аль эрт сонссон. Гандуламыг маргааш сургуульдаа явна гэж байхад торгон тэрлэгтэй Дэрэм хэмээх эрхэм хүн лүглийн ирж шинэ шөл гарган эх, охин хоёрыг гийгүүлэв. Зунжин хонь малтай хөөцөлдөж, гэр орны ажилд хараацай шиг жиргэж явсан Гандуламын хөдөлгөөн удааширч, орж гарах нь хүртэл цөөрөн дуугаа хурааж хааяа, хааяа сайхан нүдээрээ инээмсэглэхээс цаашгүй, их л хоргоцуу харагдана. Гандуламын дугаргуй хүрэн нүдэнд тэр инээмсэглэл нэн зохимжтой, түүнд нь бидний үеийнхэн бүгд дуртай бөлгөө. Би маргааш түүнийг сумын төв хүргэх албанд тохоогдсон учир адуунаасаа морь мал барьж, ер манай хоёр гэрийнхэн их хүнийг хол замд үдэх гэж дээл хувцаснаас нь эхлээд амны зугаа гаргах ааруул, хурууд хүртэл бэлтгэн хөл болов. Дөлгөөн эгч өөрөө л хот хүрээний бараа харах гэж байгаа юм шиг тэрлэг хувцсаа сольж, үс гэзгээ цэмцийтэл самнан, хажууд нь Бөгөөн ч хиртэй дээлээ тайлж хонхны хэл шиг долдойчлох нь хараад инээд хүрмээр.Тэр орой манай хотонд ийм хөл болон од түгэх үес гурван гэрээрээ Гандуламынд цугларч идээ будаа болов. Дэрэм гэж нэг хэлгүй хүн гэрийн зүүн хоймрыг толгойлон сууж хүн хүнийг болгоомжтой ажна. Бид ч түүнийг сониуч сэрдэнгүй харцаараа чичилж байлаа. Харин Бөгөөн л түүнийг олзуурхангуй ажиж тал засах нь энэ дүлий дүмбэ хүн сэтгэлд нь бузгай нийцэж байгаа бололтой.
Маргааш өглөө нь Гандулам, Дэрэм бид гурав үүрийн шаргал туяанаар сумын төвийг зорилоо. Замын дунд ортол бид үг сольсонгүй, чимээгүй гурван хүн их тал, алс уулын бараа харж явлаа. Бүр сумын төвийн гадаа ирсэн хойноо Дэрэм надад,
-Би энэ намраас танай энд шилжиж ирнэ. Хөгшнөө бараадахгүй бол хэцүүдэх байх гэх нь надад их л бүлээн дотно сонсогдов. Би Гандуламыг харав. Гандулам цаанаа л сэтгэл хангалуун инээмсэглэж, манайхан малын сайн эмчтэй болох юм биз дээ гэхдээ Дэрэмийг хүн хорхойцом ялдам харав. Тэгснээ надад "манай Дэрэм малын заяанд төрсөн хүн байгаа юм” гэж битүүхэн атлаа ам бардам магтав. Хөх бүрдийн минь их тал хаашаа л харна намиатан шаргалтаж, цэн тогоруу алсын нүүдэл замдаа бэлтгэн сөөвгөр хэдэн дэгдээхэйгээ дагуулан нисэж бууна. Амьтны үр л болсон хойно тэр бүтэлгүй хэд өдөлж өндийсөн талдаа үүрд үлдэх юм шиг эргэцэж хоргоцон эцэг эхээ зовоох нь нялхсын зан. Энэ их талыг хавтгай цагаан цас дарж, тэмээ мал хүртэл тэсэг шаваг олоод сэрэмчихгүй болдгийг эд мэт жигүүртний үр төл яахан мэдэх билээ.
Хөх бүрдээс маань алс тэнгэрийн хойт хаяанд байх Ламиран гурван хайрхан хэдэн жил өгөр хожуул шиг байсан бол энэ жил ёстой оюу номингоор бүтсэн юм шиг хөтлөлцөн их талын зэрэглээнд эгч дүүс ногоон дарь эх шиг гунхаж ганхана. Тэр гурван нов ногоон уулаас нааш эгнэсэн ширдэг шиг их тал жаргаж жиргэсэн амьтдаа багтааж цөхөх лүгээ адил хотолзох нь амьсгал уужилна. Талын энгээр дэлхсэн тэмээ мал тааваараа салхидан гувар гөвөр алслах нь Бүрдийн маань амгалан намрыг илтгэх авай. Бараа сураг нь тасрах дөхсөн сүрэг хулан тоос босгон тэнгэр газрыг золгуулж сүүдэрнээсээ хулжина. Нар тэнгэртээ хоргодон алтарч, зунаас дутуугүй зулай цонооно. Ийм сайхан намар цагийг манай нутгийнхан мартах шахсан гэхэд нэг ч их гайхаад байхааргүй билээ. Гэлээ ч цаг цагаараа байдаггүй гэдэг энэ аж.
Манай нутгийн уул толгод, ус шанд хүртэл сонин сайхан нэртэй. Ламиран гурван хайрхан гэж байхад Босоо улаан цав, Хэвтээ шар хөтөл, Унтаа хөх бөөрөг, Торомын буурал хоолой, Туулайн орог дэнж гэж хүртэл бий. Энэ сайхан нутгийг хэн мартах билээ. Бид гурав энэ л их газрыг туулж, Гандулам маань алсын моринд дөрөөлжихүй. Ус нутгаасаа алслаж буй хүн нутгаа сэтгэлдээ тээж явдаг гэсэн. Тэгвэл Гандулам Хөх бүрдийн намраа Дэрэмтэйгээ хамт авч одох нь энэ. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх учир:
Манайхан гурван гэрээрээ хэдэн намаржаагаа өртөөлж анхны цастай золголоо. Энэ жилийн цас хүртэл намираа зөөлөн, салхи нь урьхан хонгор. Би гэдэг хүн нэг ёсондоо гурван айлын ганц зарц болж гадаа гэртийг амжуулна. Тэгж байтал нэг өдөр Дэрэм ирлээ. Бид хоёр хэзээ язааны андын журмаар уулзаж, ачлага уналгад хамт явлаа. Дэрэм маань миний бодсоноос их өөр яриа хөөрөөтэй нэгэн аж. Тэр надад Гандуламын тухай хэсэг ярив. Улаан дипломтой төгсөх санаатай унтах нойр, идэх хоолоо хасаж суугаа гэнэ. Гандулам түүнийгээ харин ч нэг чадна л даа.
Дэрэм манайхнаар хоёр гурав хонолоо. Бөгөөн, Дөлгөөн гэж бас хоёр зовхи өөдрөг хүн гарч, нас ахиж байгаагаа мэдэхгүй хонь малтайгаа хөөцөлдөж, өвөлжөө бууцаа засаж ч байх шиг ер нь л хөдөлгөөн ихтэй.
Тэр өглөө Бөгөөн шинэ дээл өмсөж тавагтай идээ, хадаг барьсаар ёс төр болон манайд орж ирлээ. Манайхан үзээгүй юмаа үзэх нь тэр. Ээж уулга алдах шахан цай цүү болж, аав ч зүүн хоймроо эзлэн гайхширч суув. Бөгөөн хэсэг дуугүй сууснаа,
-За Зундуй минь, би танайхны хаяаг зүгээр ч нэг бараадаагүй юм. Насны ихэнхээ эр ганцаар өнгөрүүлж зүдэрлээ.. Тэгээд энэ Дөлгөөнтэй тоонотой гэрт толгой нийлдэг юмуу гэж санасан, энэ хөх тэнгэр биднийг харж хайрлалаа, хөөрхий! Тэгээд ураг төрлийн нь тасархай гэж танд ёс барьж байгаа юм гэж үгээ бүдчүүлэн хэлэв. Аав нэг их бодол болсноо,
-Овоо доо...гэсэн ганцхан үг дуугарав. Ээж тэрүүхэн галынхаа өмнө сөхрөн нүдэнд нь нулимс цийлж харагдав. Энэ бүхэн миний санаанд багтамгүй үлгэр шиг хачин, бас нэг өрөвдөлт бодол төрүүлэв. Үнэндээ амьдрал гэдэг хатуу хахирган ч цагаа ирэхэд ямар энхрий ялдам гэдгийг хэн мэдлээ.Тэр Дөлгөөн эгчийг ажил амьжиргаатай, уужим ухаалаг, халамж журамтай сайхан эмэгтэй гэж сэтгэл бардам ярих нь бидний өмчлөөд байдаг хайр дурлал өдий насны хүмүүст илүү ухаалаг, илүү журамтай учирдаг аж гэсэн өөдрөг бодол төрүүлнэ. Бөгөөн гуайн төрөлхийн дорой хүлцэнгүй царай нүнжигтэй гэрэлтэн, жаргалтай хүний ахуй төрхийг зөвхөн түүнээс л харж болох байлаа.
Дөлгөөн эгч үсэндээ хуучин цагийн сувдан даруулгатай сам шигтгэн, гэртээ өмсдөг сүү саалинд дагтаршсан тэрлэгээ хүртэл солин гулав шалав болсон нь ийм учиртай аж. Хайр хожуу ч гэсэн жаргалтай юм даа. Энэ орчлон сайхан бүхнээр дүүрэн ажээ.
Би сэвэлзүүр салхи хацар үнссэн орой улааран байгаа тэнгэрийн хаяаг ажиж ачлага уналгынхаа хэдэн тэмээг тал хүрэнтүүлэн тууж явахдаа "манай Хөх бүрдэд хоёр сайхан айл өрхөө татах нь ээ. Бөгөөнийд очоод ирлээ, Дэрэмийнх чинь бузгай унд устай юм байна шүү дээ гэж манай нутгийнхан сэтгэл бардам ярина даа. Манайхан өөдрөг бүхэнд баясдаг юм чинь" хэмээн өөртөө л баярлаж явлаа. Энэ орчлон дээр өчнөөн олон жил төөрч мунгинаж явсан хүмүүс биесээ олохын баярыг би харах азтай нэгэн байжээ гэхээс өр нимгэрч ухаан уужирна. Амьдрал өгөөмөр, өрөвч, бас уйдаж хагацамгүй нандин ажээ.
Хөх бүрдийн тэр тансаг уужим намрыг хэн мартана. Намрын жаргал гэж байдаг бол манай Хөх бүрдэд л байна. Энэ жаргал мянга мянган жил байсан. Дахиад мянга мянган жилийг угтана.
Их тал үдшийн бүрийд орог сааралтан, хэсэг ногтруу өвөр түрийд шургачих нь холгүй дэргэлэн нисч маргаашийн тэнгэр амгалан налгар байхыг билэгдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )