Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, "суудал зэрэгцэж" чадаагүйд л хэргийн гол нь оршино. Алмас хэмээх амьтны тухай (хүн ч гэж хэлж болмоор) нүдээр үзсэн хүмүүсийн ярианаас толилуулахаар шийдлээ. "Хараач, нэг хүн биднийг модны оройгоос ажиглаад байна" гэж нөхөр маань хашхирлаа. Хоёулаа зориг гарган 20-иод метр дөхөж очсоноо үнхэлцгээ хагартал айв. Аймаар амьтан байлаа. Хүн ч биш, сармагчин ч биш. Өтгөн биш үстэй, бие асар том, хүн шиг аж. Тэр нэг модны мөчир дээрээс барьж байснаа дөрвөн метр өндрөөс үсэрч буугаад бутан цаагуур орон далдарлаа. Лозгин үндэстэн (Дагестаны нэг үндэстэн) 39 настай мужаан Муртуз ийн өгүүлсэн байна. "1953 оны есдүгээр сард би шөнө машинаар явж байлаа. Катек голын эрэг дээр гарч иртэл машины гэрэлд 20-25 метрийн зайд зам дээр зогсож буй "хүнийг" үзлээ. Гараа унжуулжээ. Урт нь хүний гарын дайтай, харин хуруу маш урт. Царай нь хүнийх шиг. Гэхдээ хамар бага, ам нь том. Тэр амаа ангайн ярзайлгачихсан зогсоно. Хоёр урт соёог нь сайн харж авлаа. Маш өтгөн, урагш дэрвийсэн хөмсөгтэй. Бүх бие нь урт үстэй. Толгойн үс нь мөрөндөө хүрчээ. Арьс, үс нь цагаан". Дахин нэг баримтанд анхаарлаа хандуулъя. Эмнэлгийн албаны хурандаа В.С.Карапетян дурсан ярьсан нь: "1941 оны сүүлчээр манай буугийн тусгай батальоныг Буйпакаскаас 30 км-ийн орчимд шилжүүллээ.
Намайг цэргийн эмчийн хувьд орон нутгийн байгууллагаас нэгэн хүнийг үзэж магадалж өгөхийг хүслээ. Уулнаас авчирсан тэр хүнийг зүсээ хувиргасан дайсан биш биз гэж тэд бодоод магадлах хэрэгтэй болж л дээ. Тэр гарцаагүй хүн байлаа. Гэтэл түүний цээж, нуруу, мөрийн хэсэг нь хар хүрэн ноолуурлаг үсээр бүрхмэл. Яг л баавгайнх шиг янзтай, 2-3 см урт, гарын шуу болхидуу сийрэгдүү үстэй, алга өсгий нь үсгүй, толгойн үс нь мөрөө шүргэсэн, духаа хаасан урт. Барьж үзвэл толгойн үс маш ширүүн, сахалгүй, армаг тармаг үстэй. Тэрээр гараа унжуулан зогсоно. 180 см орчим өндөр, булиа цээжтэй, хуруу нь маш бүдүүн, том чанга, харц нь юу ч үл ярих гөлийсөн хоосон, амьтны л харц. Энэ хүн олзлогдсоноосоо хойш юу ч ууж идээгүй, юу ч гуйгаагүй, юу ч яриагуй. Халуун байранд орохлоороо их хөлөрч байж. Энэ бол зүсээ хувиргасан дайсан биш, ямар нэг зэрлэг хүн гэсэн аман дүгнэлт би өгсөн". Дээрх ярианаас үзвэл хүний гарт санамсаргүй өртөж баригдсан алмас энэ л байж мэдэх юм. Гэвч түүний хувь заяа хэрхсэн нь бүү мэд, дайн байлдааны цаг байсан болохоор анхаарал тавих боломж олдохгүй байсаар алдагдсан байж мэдэх. Түүнээс хойш 20-иод жилийн хойнох нэг түүхийг өгүүлье.
Зоо техникч Серикова бүсгүй энэ түүхийг ярьж байна. Гэртээ ганцаар суудаг байлаа. Хэвтэж байтал ву-у-уу гэсэн дуу гарав. Ээ. бүү үзэгд! Шалан дээр жишүү харцтай, бүх бие нь үсээр бүрхэгдсэн амьтан явган сууж байв. Би айгаад хөшчихлөө. Гэтэл тэр амьтан хачин муухай дуугараад нисэж байгаа юм шиг хурднаар үүдний өрөө рүү харайн хаалгыг маш хүчтэй шидсэнээс байшин доргив. Түүнийг явсны дараа өрөөн дотор амьсгал бүгчимдүүлсэн эхүүн муухай үнэр үнэртэж байлаа". Энэ мэт ярианууд олон байдаг аж. Итгэх үү, байх уу гэж эрдэмтэд эргэлздэг боловч бүгд л ойролцоо төрхтэй амьтны дүрийг гаргаж ярьдаг нь сонирхолтой. Манай орны Алтайн ууланд алмас байсан, алмастай хүн нөхцсөн, алмас "эхнэрээ" оргосноос уурандаа төрүүлсэн хүүхдээ цуу татаж хаясан гэх зэрэг яриа одоо ч домог адил яригдаж л байдаг. Хүн хар гөрөөс, цасны хүн гэх зэргээр элдэв алдар нэр зүүсэн алмас гэдэг амьтны дэлгэж хатаасан арьс Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт V ноён хутагт Данзанравжаагийн барьж босгосон Дэмчигийн хийдэд байснаа хожим нь үрэн таран болсон гэлцэх. Түүнийг нүдээр үзсэнээ гэрчлэн ярьж асан Сүндий гэгч 80 хол давсан өвгөнтэй 20-иод жилийн өмнө үүнийг бичигч би уулзаж ярилцаж байснаа санаж байна. Эрдэмтдийн үзэж байгааг нягталъя. Хүн төрөлхтний удам судрын нэгэн мухардмал салааны төлөөлөгчид өнөө үед ч амьдарч байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, янз бүрийн шалтгаанаас болоод хөгжил нь зогсож, дэвшилт үр удмаа үлдээгээгүй тэр хэсэг нь байж болно. Сонин таамаглал байгаа биз. "Агуйн хүн" гэдгийг хүн амьтан хоёрын хоорондын "тасалдаад буй холбоос" гэж үзэх хандлага ч бий болжээ. Энэ "эрхмийг” газар газарт өөр өөрөөр (Азербайджанд пеше-адам, Гүржид цехи-скаци, Дагестанд каптар, Кабардин Балкарт алмасты, Монголд алмас) нэрлэдэг боловч энэ нэр нь бүгд л зэрлэг, ойн хүн гэсэн нэг утгатай бөлгөө. Алмас бидний хамаатан биш биз?
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
оөлөдлрэърө2вжшпхпныкп\n
аүжүуоажёулапё\nөүөуоу8өжүөөлөөу3о