Монголчууд маань энэ хэдэн нам, намчирхсан дарга нараас залхаж байна. Нарийн яривал ер нь улс орны хөгжил дэвшил, иргэдийн амьдралыг дан ганц улс төрийн нам шийдээд байдаггүй болжээ. Иргэн төвтэй төрийн утга учир арай өөр бололтой. Тиймээс ч Үндсэн хуулийн үзэл санааны гол цөм нь иргэний ардчилал гээд байгаа. Иргэний ардчилалыг намын ардчиллаас ялгаж ойлгох цаг тулж иржээ. “Нам бол хуйвалдааны үүр” хэмээн нэгэн сэтгэгч хэлсэн гэнэ лээ. Ортой бололтой. Сүүлийн жилүүдэд дээр дооргүй нам дамнасан хуйвалдаан дунд төөрсөн, будилсан хүмүүс гунхаж явна. Тэгвэл тэр иргэний ардчилал гэдэг нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хамгийн доод нэгжээс эхэлдэг юм байна. Манайхаар бол баг, сум, хорооноос эхтэй ажээ. Өнөөдөр сумын засаг даргыг намууд нэр дэвшүүлэн гаргаад ирж байна. Ингэхдээ 500 хүрэхгүй хүний саналыг худалдаж аваад дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байгуулдаг, 100 хүрэхтэй үгүйтэй хүний санал худалдан авч хорооны иргэдийн хурлын дарга, засаг даргыг сонгодог гажиг үзэгдэл амь бөхтэй явж ирэв. Засаг даргыг нь дээд шатны засаг дарга үл таашаавал тэнд дарга олдохгүй зовооно. Дахиад сонгох нэрээр санал худалдан авалтыг зохион байгуулна. Иймэрхүү “чөтгөрийн тойрог” хүмүүсийн итгэлийг барж, сэтгэлийг бусниулж байна. Засаг дарга нь багаа бүрдүүлнэ гэж цанхаалан хэдэн хамаатан, найз нөхдөө намын харъяаллаар ажилд авна. Манай нийт сум, хороондод анхан шатны үүр ажиллуулдаг хоёрхон нам бий. Хатуу гишүүнчлэлтэй. Гишүүдийнхээ тоогоор байнга уралдаж яваа Ардын нам, Ардчилсан нам хоёр. Өнөөх шинээр томилогдсон засаг дарга Ардын намын товариш бол Ардчилсан намынхнаа ажлаас үтэр түргэн хөөж явуулна. Үүнээс болоод баахан хэрүүл тэмцэл өрнөнө. Хэдэн жил, сар үргэлжилсэн шүүх хурал... Яаж ч заргалдаад зарим нь хоншоор дутна. Шүүх эрх мэдэл нь Ардын намд данстай мэт болж хувирна. Ардын намын гишүүн аав ээжүүд сүүлдээ үр хүүхдүүдээ нас биед хүрэхэд “Үхэж байсан ч Ардын намынхантай худ ураг болохгүй шүү” хэмээн хөмхийгөө зууж алхана. Энэ бол хэтрүүлэл биш ээ. Хэнтий, Дорнод, Ховд,Баян-Өлгий аймгийн захын сумдад яг иймэрхүү үйл явдал хэдхэн жилийн өмнө болж байлаа. Хоёр лут намын худ ургууд хоорондоо хутга шөвөг гарган бие биенээ хөнөөх дээрээ тулж байлаа шүү дээ. Нэгэн бодлын цусан өшөө авалт ч энэ мэтээс үүсээд байх шиг. Хотод хорооны засаг дарга нар мөн л ялгаагүй, нам гээд үхэнгээ алдана. Намаа хамгаалахгүй бол тэд амьд явах эрхгүй юм шиг аашилж байна. Засаг дарга чадвартай, чадваргүй, мэдлэгтэй мэдлэггүй байх энд ер хамаагүй. Алдаа дутагдал гаргавал нам хаацайлаад өнгөрөх юм чинь гээд тэд юу хүссэнээ хийж байна. Энэ бол бас л хэтрүүлэг биш. Хорооны засаг дарга дээр янз бүрийн асуудлаа шийдүүлэх гээд иргэд нь явж орохоор юун түрүүнд аль намыг дэмждэг, өөрийнх нь намын гишүүн мөн эсэхийг сайтар тандана. Хэрвээ өөр намын этгээд байвал өөрөөр л харилцана. Үүнийг мөн хэтрүүлсэнгүй. Нэг удаа Баянзүрх дүүргийн 10, 23 дугаар хороон дээр яг ийм байдлаар иргэдээ хүлээн авч, тавьсан асуудлыг нь үл тоож, бүр дээрэнгүй янзтай өрөөнөөсөө хөөх шахам гаргаж байсантай тааралдаж л байлаа. Эвгүй юм билээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны засаг дарга Оюун гэдэг эмэгтэй ноднин жил нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг “Асрамжийн газарт очиж өвлийг өнгөрүүлээд ирээрэй. Би хоёр гэрийг чинь хадгалж байя” гээд явуулжээ. Тэгээд ядарсан тэр ганц бие эрийг эзгүй хойгуур хоёрын хоёр гэрийг нь бусдад шилжүүлсэн байв. Шинэ гэрийг нэг айлд зүгээр өгөөд, нөгөө хуучин гэрийг нь 30 мянгаар зарчихсан гэдэг. Дээр үеийн цуулмал уньтай гэр яаж гучхан мянгаар зарагдахав дээ. Хорооныхоо засаг дарга эмэгтэй хэсгийн ахлагч нартайгаа хуйвалдаад хүмүүст ингэж хэлсэн биз. Хөгжлийн бэрхээлтэй эр хавар нь хүрч ирээд гэрээ авч амьдралаа залгуулах гэтэл хоёр гэрийг нь өгдөггүй. Тэр хэдэн сарын турш гудамжинд хонож, сүүлдээ хорооныхоо байрны үүдэнд суулт хийж үзэв. Амьтан хүнээс дэмжлэг аван телезизээр зовлонгоо тоочив. Дүүргийн засаг дарга Б.Батзориг дээр хүртэл оржээ. Гэрийг нь өгдөггүй ээ. Яасан гэхээр “Ардчилсан намыг дэмждэг. Сэтгүүлчдийг дуудаж засаг даргаа шүүмжлүүлдэг” гэх ухааны юм яриад хорооны засаг дарга нь тас гүрийгээд байжээ. Хүний амьд явах эрх, эрх чөлөөнд Оюун дарга ийнхүү халдаж байгаагаа мэдэхгүй биш мэдэж л байсан байх. Гагцхүү Ардын намын гишүүнийхээ хувьд дээрээ хамгаалалттайгаа бодоод тэр яасан ч яахав гэж бодсон юм болов уу даа. Сүүлдээ хөгжлийн бэрхшээлтэй тэр хүн сэтгүүлчдийн хүчин чармайлтаар нэг гэрээ арай ядан авч билээ.
Саяхан төрийн ордонд орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг шинэчлэх, иргэний шууд ардчиллыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг хийсэн байна. Шууд ардчилал гэхээр зарим нь төлөөллийн ардчилал байсаар байтал юуных нь шууд мууд гэсэн юм яриад унав гэж гайхаж байх шиг байсан. Швейцарь зэрэг улс оронд төр, захиргаа, төлөөллийн байгууллагаа иргэдийнхээ өргөн оролцоотойгоор зохион байгуулдаг. Манайх шиг сум, хорооны мянга хүрэхгүй өрх айлын 30-хан хувийн оролцоотойгоор иргэдийн нийтийн хурлаа сонгосон болж хэлбэрддэггүй. Тэгээд ч тэнд намууд нэр мэр дэвшүүлж, манай, танай төлөөлөгч хэмээн уралцдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намууд нөлөөллөө тогтоодоггүй. Харин нийт иргэнийхээ саналаар засаг даргаа сонгодог. Тэр бүү хэл тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа сургуулийн захирал, эмнэлэгийн дарга, цэцэрлэгийн эрхлэгчийг хүртэл иргэд нь өөрсдөө шийднэ. Хувь хүний асуудалд иргэдийн хурал, засаг дарга нь намаар ялгаварлах ямар ч нөхцөлгүй. Иргэд нь тухайн орон нутагтаа тулгамдаад байгаа ажилд идэвхтэй оролцдог. Яагаад гэвэл иргэн бүр тэгш оролцох зарчим тэнд ингэж илүү бодитойгоор хэрэгжиж эхэлдэг ажээ.
Сонгуулийн тухай хуулийг дэндүү их ярьж байна. Аргагүй дээ. 7 сарын 1 дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Тухайн үед сонгогч олон түмэн ганцхан УИХын сонгууль луйвраар явагдсанд бухимдсан ч юм биш. Орон нутгийн сонгууль гэгч нь түүнээс илүү бохир болоод байгаад иргэд ундууцаж байгаа. Дүүргийн засаг дарга нь Орост сургууль төгссөн гэсэн хуурамч дипломтой тууж явах, тэгээд саналыг нь хэдхэн хүнээр төлөөлүүлэн худалдаад авахаар яаж тайван байх билээ. Хорооны засаг дарга, иргэдийн хурлын дарга нар яаж сонгогддог, тэд юу хийдгийг мэдэхгүй хүн олон бий. Иргэддээ хүрч ажиллаж чадахгүй болохоор тэдний буруу гэж байхав. Сонгуулийн тухай хуулийг ярихдаа одоо орон нутгийн сонгуулийг боловсронгуй болгох талаар илүү их ярих хэрэгтэй боллоо. УИХ-ын сонгууль ч яахав тэгсхийгээд хуулиар арай гайгүй зохицуулагдах юм шиг байна. Орон нутагт явуулах сонгуулийг УИХ-ынхтай нэг өдөр, нэг цагт, нэг минутанд хийхээс эхлээд янзлах юм мөн ч их байна даа. Ямартай ч хуйвалддаг, худалдан авдаг, намчирдаг, дээрэнгүй засаг дарга нартаа бид “Баяртай” гэж зоригтой хэлэх цаг болжээ. Ингэхийн тулд иргэний шууд оролцоог бүхэн хангасан хуультай болмоор байна. Үндэсний эв нэгдэл эндээс эхэлдэг болов уу.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал
Сэтгэгдэл ( 0 )