Б.Энхбатыг музейн сан хөмрөгийн эрхлэгчээр тавьсан нь чононд хонь хадгалуулахын үлгэр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31


 Монголчууд дэлхийд хосгүй өв соёлтой ард түмэн. Хүннү гүрний үеэс алт, үнэт чулуугаар урласан бүтээлээрээ гайхуулж байлаа. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг уулснаас Хүннүгийн үеийн язгууртны уран сийлбэр бүхий бүс олдсон юм. Монгол дархчуудын бүтээл буддын соёлд ч нэвт шингээстэй үлдсэн. Харамсалтай нь түүхийн нэн үнэт, үнэлж баршгүй бүтээлүүд сүүлийн жилүүдэд олноор хулгайлагдаж, хил даван арилжаалагдах боллоо. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байсан Банзрагчийн Энхбат гэгч хэдэн жилийн турш хосгүй тэрхүү бүтээлүүдээс зөөсөөр байжээ. Тэрээр 2007 оноос хойш 448 төрлийн 1070 гаруй үнэт эдлэлийг хулгайлсан байв. Түүний аав Банзрагч нь Монгол улсын гавъяат багш байсан гэдэг. Зуны улиралд музейн ажилтнууд ихэвчлэн хөдөө экспедицээр голцуу явна. Мань хүн сан хөмрөгийнхөө бүх түлхүүрийг эзэмшин музейгээ харж хандан хоцордог байв. Ийм сиймхийг ажиглан бүтэн 4 жилийн турш хулгай хийснийг музейн захиргаа, яам тамгын албан тушаалтнуудаас нь хэн ч мэдээгүй байжээ. Тэр бүү хэл Улсын мэргэжлийн хяналтын газраас нэг удаа үзлэг шалгалт хийхдээ ч түүний хулгайг илрүүлж чадаагүй гэнэ. Анх сан хөмрөгийнхөө үнэт эдлэлүүдийг тоолж бүртгэлд оруулахдаа ч тун зальжин арга сэдсэн нь хожим илэрсэн байна. Юув гэвэл тэр яг нэг ижил төрлийн бүтээлүүдийг нэг багц болгож тоолуулсан байлаа. Ингээд нөгөөдүүлээсээ нэг нэгээр, хэсэг бүлгээр нь хулгайлж зөөдөг байжээ. Жишээлэхэд 9 лхам бурхан гэхэд л нэгийг нь үлдээгээд бусдыг хулгайлсан байлаа. Гадаадад үзэсгэлэн гаргахдаа тэр хамт явна. Ингэхдээ мөн л гадныхантай хуйвалдан олон эд зүйлсийг харьд үлдээгээд ирдэг байв. 1997 онд Италид гаргасан үзэсгэлэнгээс төмөр болон хулсан аман хуур Монголдоо эргэж ирээгүй ажээ. 1998-2003 онд Америк болон Европын холбооны улсууд руу үзэсгэлэнд авч явсан эртний хүрэл бурхан зэрэг арваад бүтээл бас л алга болсон байна. Ийнхүү  үндэсний түүхийн музейн маань үнэт эдлэлүүд чоныг хоол болоод дуусах гэж байтал азаар цагдаа нар илрүүлэн Б.Энхбатад 7 жилийн ял оноов. Гэхдээ түүний хулгайлсан дээрх үнэт өвийн нэг нь ч музейдээ эргэж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл Монгол орон хохироод үлдлээ. Үүний адилаар Өвөрхангай аймгийн Шанхын хийдээс 50 гаруй бурхан хулгайлсан хэргийн эзэн олдоогүй байгаа. Түүнчлэн Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд олон аймгуудын музей их бага хэмжээгээр тоногдсоор өдий хүрчээ. Тэгвэл гадаад улс орнуудад манай үнэт өв соёлын охь дээжээс худалдагдсаар байна. Швейцарь улсад хэд хэдэн удаагийн дуудлага худалдаа болжээ. Хамгийн сүүлийн арилжаа тус улсын Цюрих хотноо болсон гэнэ. Энэ тухай дуудлага худалдааны нэгэн компани цахим хуудсанд тодорхой бичигдсэн байна. Манай улсын хосгүй үнэт бүтээл болох алтан бурхан, мөнгөн ваар, гүц, хонх, дамар зэргийг дуудлагаар худалдаалжээ. Монголд 19 дүгээр зууны үед бүтээгдсэн алтан суврага гэхэд л 1390 еврогоор борлуулагдсан байна. Оюу номин шигтгээтэй, үүлэн хээ урлан бүтээсэн, 22 см өндөртэй энэ хосгүй бүтээл харамсалтай нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа Соёлын өвийн төвийн бүртгэлд ороогүй байв. Манайхан ийм чухал эдлэлүүдээ бүртгэх талаар ч хайхрамжгүй, хариуцлагагүй ажилладаг бололтой. Юмыг яаж мэдэх вэ дээ, Б.Энхбат мэтийн хулгайчуудтай хуйвалдаад бүртгэлд оруулалгүй үлдээсэн ч байж  магадгүй шүү. Тагнуул, цагдаагийн байгууллагаас Интерполын үндэсний товчооныхонтой хамтран цаашид шуурхай эрэл хайгуул хийж, хяналтаа чангатгах, мөрдөн шалгах ажлаа улам нарийн болгох хэрэгтэй байна.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top