"Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя"

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл өчигдөр /2019.02.20/ анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ.

 

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн хурлын үеэр ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

 

Ерөнхий сайд,

 

-Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна. Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, гадны кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг.

 

Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна. Түүнчлэн манай ард иргэдийн өнөөгийн амьдралын нөхцөл байдал, нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээ, олон түмний ярьж хэлж буй зүйл нь манай нийгэмд ёс суртахуун, ёс зүй алдагдсан болохыг давхар нотлож байна.

 

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж мэргэд сургадаг. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч - эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг.

 

Иймээс бидэнд хийх асар их ажил байна. Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл олон жил уул уурхай ярилаа, одоо ч  ярьсаар л байна. Мөн их мөнгөтэй болж сайхан амьдрах талаар  ярьсаар л байгаа. Мэдээж эдийн засгаа өөд нь татаж өөдрөг, сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй. Та бид үндэснийхэл бичиг, соёл, түүхээ судлан мэдсэн, оюун санааны уламжлалт өвөө эрхэмлэн дээдэлсэн, орчин цагийн боловсролтой, зөв хандлага, харьцаатай, чадварлаг, бүтээлч Монгол хүнийг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Иймээс олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя.

 

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүгдийгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээс хүсч байгаа юм. Та бүгд дор бүрнээ олон түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, цогц хөтөлбөр болгох шаардлага тулгарч байна. Бидэнд нийтийг хамарсан “Соёлын довтолгоон” хийж байсан түүхэн туршлага бий. 1959 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, 1959-1963 онуудад “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”,  ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриатай хэрэгжүүлж, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргаж чадсан.

 

Дараагийн нэг анхаарах зүйл бол Монгол түмний түүх, хэл бичиг, их соёл, урлагийн өв уламжлалыг хадгалж, хамгаалж, сэргээх ажил юм. Бид алдаж, онож явсан бахархах түүхтэй, соёл, урлагийн агуу их өв, сантай баян улс. Дэлхий дахинд тархсан Монголын биет болон биет бус соёлын өвийг  судлан тогтоож монголчуудынхаа хүртээл болгох, ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулах хэрэгтэй байна.

 

Монгол хүн- Монгол оюун ухаан-Монголын түүх - Монгол соёл – Монгол урлаг – Монгол уламжлал бол улс эх орны бахархал, үнэт зүйл  байх ёстой. Соён гэгээрүүлэгч Та бүгд энэ амаргүй үүргийг нэр төртэй биелүүлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд сэтгэл гаргаж, зүтгэн ажиллаж, үр дүнд хүрч чадна гэдэгт би бат итгэж байна гэлээ.

 

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар гарсан санал, санаачилгад тулгуурлан төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.20.152.50) 2019 оны 02 сарын 21

Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, гадны кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо.ЭНЭ ЯГ ЗӨВ.ОДОО ГАДААДЫН КИНО БОЛОН ДУУГ ИХ ШҮТЭХ БОЛСОН БАЙНА ҮҮНИЙГЭЭ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

0  |  0
Top