Баянхонгор аймгаас манай сурвалжлагч мэдээлж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутаг дахь анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлээд байна. Тэрбээр өнөөдөр тус аймгийн удирдлагуудтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг хөндөж ярилцлаа.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж буйгаа тодотгоод аливаа аймгийн гол суурь нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн халамж учир энэ жилийг Монгол Улсын Засгийн газар Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгож зарласныг онцлов.
Тэрбээр “Зөвхөн эдийн засгийн өсөлтөөс гадна Монголын ард түмэн шударга ёс, өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байна. Хорь гаруй жил нийгэмд бугшсан баян хоосны ялгаа, төрд ажилласан нь баяжиж, энгийн иргэд нь ядуурч байгаа тогтолцоог эсэргүүцэж байна. Тиймээс бид монгол хүний төлөө гэсэн төрийн албаны шинэчлэлт өөрчлөлтийг анхан шатандаа, баг сумаасаа эхлэх хэрэгтэй байна. Ард түмний төрд итгэх итгэл суларсан. Үүнийг сэргээхийн тулд төр иргэддээ үйлчлэх сэтгэлтэй байх ёстой” хэмээв.
УИХ-ын дарга Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудтай боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн дөрвөн чиглэлээр санал бодлоо солилцсон юм. Тус аймгийн боловсролын салбарын чанар, үнэлгээ тун хангалтгүй байгааг, "Элэг бүтэн Баянхонгор" хөтөлбөр ч мөн хангалттай хэрэгжихгүй байгааг тэрбээр шүүмжлээд, аливаа ажлыг хийхэд сэтгэл дутвал үр дүн гарахгүй байна хэмээв. ”УИХ-ын гишүүнээс багийн дарга хүртэл бүгд хариуцаж байгаа ажилдаа сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байж үр дүн гарна. Найз нөхөд, намын нөхөр гээд толгой илээд байвал улс орноо ч алдахад бид хүрнэ. Урсгалаараа яваад байвал бидний хүүхдүүдийн ирээдүй ч бүрхэг болно. Тиймээс ажилдаа сэтгэл зүтгэлгүй хандаж байгаа хэн ч төрийн удирдах алба хаших эрхгүй. Тийм хүнийг ажлаас нь чөлөөлөх үүргийг би удирдлагуудад нь өгнө. Тулгамдаж байгаа бүх асуудлаа шийдвэрлэхэд хэн хүний идэвх зүтгэл хэрэгтэй. Харин энэ идэвх зүтгэлийг бид дэмжинэ” гэ.
Б.ЭНХ-АМГАЛАН: ӨЛЗИЙТИЙН ТОЙРГИЙГ ЗАСВАРЛАЖ, АВТОПОСТЫГ ЗӨӨНӨ
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан энэ салбарт төрөөс хийхээр төлөвлөсөн ойрын хугацааны ажлуудын талаар товч танилцуулав. Тэрбээр 2019 онд зам тээврийн салбарт томоохон бүтээн байгуулалтууд хийхийг онцлоод, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км, Тосонцэнгэл-Загастай чиглэлийн 60 км, Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 км, Баян-Өлгий-Цагааннуур чиглэлийн 25 км замыг барьж дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг хэлэв.
Мөн Дархан-Улаанбаатарын чиглэлийн 204 км замын хоёр урсгалтай замыг Азийн хөгжлийн банк, нөгөө хоёр урсгалыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөж байгаа. Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор бүх бичиг баримтыг бүрдүүлэн ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж буй аж.
Налайх-Улаанбаатарын чиглэлийн 20.9км замын шинэчлэлийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барих юм.
Баянхонгор аймгийн хувьд зам тээврийн салбарын зургаан ажлын эрх шилжиж орж ирсэн аж. Тодруулбал Өлзийтийн тойргийг засварлах, автопостыг зөөвөрлөх, Түйн гол дээгүүр гүүр тавих, 129 км явган хүний зам зэрэг ажил байгааг дурдав. Тус аймгийн тухайд Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн тогтмол нислэг үйлдэх асуудал бий. Үүнийг судалж үзээд татаастай нислэг эхлүүлэх боломжтой гэж шийдвэрлээд байгаа аж. Бүтээн байгуулалтын ажлыг чанартай сайн гүйцэтгүүлж, хугацаанд багтаан ашиглалтад оруулахад хяналт тавьж ажиллахыг нутгийн удирдлагуудад салбарын сайд захиж байв.
Г.ГАНБАЯР: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ МАШ ХАНГАЛТГҮЙ БАЙНА
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр уулзалтын үеэр үг хэлэхдээ тус аймгийн боловсролын салбарын чанар, үнэлгээнд үнэхээр сэтгэл дундуур байгаагаа хэлэв. Тэрбээр “Үнэнээр нь хэлэхэд Баянхонгор аймагт боловсролын салбар дампуурсан байна. Гурав, дөрөвхөн жилийн өмнө улсад 6-р байрт эрэмбэлэгдэж байсан боловсролын чанарын үнэлгээ 21-т байна. Тогтмол буусан нь харагдаж байгаа. Манай байгууллага өөрийн гэсэн байргүй, нүүдлийн байдалтай ажиллаж байна гэж багш нар ярьж байна. Үнэхээр байрны хүртээмжээс болж боловсролын чанар нь буураад байгаа бол нутгийн удирдлагууд энэ асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай. Хэд хэдэн сургуулиар орж танилцахад багшийн ёс зүй алга, сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа нь харагдаж байна. Энэ бүхнийг бодитоор хэлж шүүмжлэхээс аргагүй. Үүний цаана та бүхний ирээдүй болсон үр хүүхэд бий. Тойргийн гишүүд Баянхонгорын боловсролын салбарт хангалттай сайн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгасан. Үүнийг үр дүнтэй зарцуулах нь та бидний нэн чухал ажил. Гэвч лаборатори сургууль ажлаа хийхгүй, боловсролын салбарын удирдлагууд хангалтгүй ажиллаж байна гэж яамнаас дүгнэж байна. Бид чанар, үр дүн, цаг хугацаа л шаардана. Нэг хүүхдийн дүнгийн төлөө бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ” хэмээн шүүмжлэв.
Он дамжсан хөрөнгө оруулалтын 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ажлыг тавдугаар сарын 1-ний дотор, 30-70 хувийн гүйцэтгэлтэйг долдугаар сарын 1-ний дотор, 0-30 хувийн гүйцэтгэлтэйг наймдугаар сарын 1-ний дотор шахаж дуусгах үүргийг БСШУС-ын сайд гаргасныг дэд сайд орон нутгийн удирдлагуудад танилцуулсан юм.
Мөн боловсролын салбарын чанар тус аймагт муудсан шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргуулахаар Ажлын хэсэг томилж явуулна гэдгийг дэд сайд Г.Ганбаяр хэлж байв.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал уулзалтын төгсгөлд үг хэлэхдээ дэд сайдын дүгнэлттэй санал нэг байгааг хэлээд аймгийн удирдлагууд тодорхой шийдвэр гаргаж, арга хэмжээ авч байгааг тодотгов. Боловсролын салбарт авах арга хэмжээний талаар аймгийн ИТХ тусгайлан хэлэлцэж,тогтоол гаргасан бөгөөд эрс шинэчлэл хийх ажлыг эхлүүлсэн гэлээ.
Аймгийн даргын хувьд ойрын хугацаанд төрөөс анхаарч, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хэд хэдэн ажлыг тодотгон, УИХ-ын даргад уламжилсан юм. Тухайлбал, 64 зүсэлттэй томографын аппарат, хүчилтөрөгчийн бичил үйлдвэр, Нөмгөн сумын сургуулийн өргөтгөл, Багшийн хөгжлийн ордны барилга, шинэ суурьшлын бүсэд 280 хүүхдийн цэцэрлэг барих, 240 хүний суудалтай кинотеатр, мал эмнэлгийн хорио цээрийн байгууламж зэрэг ажил шаардлагатай байгааг хэлж байв.
УИХ-ын даргын Баянхонгор аймаг дахь томилолт Дунд зах, Арьс шир боловсруулах цех, Торлон талх нарийн боовны үйлдвэр, Ажилсаг төвөөр орж, бизнес эрхлэгч иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилж байна. Үүний дараа аймгийн иргэдтэй уулзаж, ярилцлага өрнүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )