ЖДҮХС-аас аймаг бүрт НЭГ ТЭРБУМ төгрөг олгоно гэв

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Орон нутаг дахь анхны томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлээд буй УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.02.25/ тус аймгийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгчидтэй уулзаж, орон нутагт бизнес эрхлэх нөхцөл хэрхэн бүрдэж буйтай газар дээр нь танилцсан юм.

Аймагтаа шилдэг үйлдвэрлэгч И.Батдэлгэр захиралтай “Торлон” хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай тэрбээр эхлээд танилцсан. Анх  2001 онд гаруй жилийн тэртээ жижиг цех байдлаар үйл ажиллагаа эхлүүлсэн тус үйлдвэр одоо 40 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 30 гаруй  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зэргэлдээ аймгууд болон Улаанбаатар хотод нийлүүлж борлуулалтын сүлжээгээ улам тэлсээр байгаа аж. Аймгийнхаа талх, нарийн боовны хэрэглээний 40 хувийг дангаар хангадаг болсныг тус үйлдвэрийн дарга И.Батдэлгэр ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авах гэж хандаж үзсэн ч олдоогүй, банкны зээлээр үйлдвэрлэлээ өргөтгөж, техник технологио шинэчилсээр өнөөг хүрсэн талаар ярьж байв.

Тус аймгийн Дунд зах дээр барьж байгуулж буй “Буянт Богд” ХХК-ийн худалдаа үйлчилгээний төвийн барилгын явц байдалтай мөн УИХ-ын дарга танилцсан. Тус худалдаа үйлчилгээний төв ирэх 4-5-р сард ашиглалтад орох бөгөөд нийт 600 хүний ажлын байр, 100 авто машины зогсоол, мах сүү шинжлэх лаборатори бүхий орчин үеийн стандарт шаардлага хангасан үйлчилгээний төв болох аж. Урьд нь задгай байдлаар явагддаг байсан олон төрлийн худалдаа үйлчилгээг нэг цэгцэнд оруулж стандарт нөхцөлд ард иргэд үйлчилгээ авах боломж бий болгож буйгаараа тус худалдаа үйлчилгээний төв онцлогтой юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар тойргийн жижиг дунд бизнес эрхлэгч ААН, ард иргэдийг нэг төвлөрсөн төвд үйл ажиллагаагаа жигд явуулах боломжийг олгох, тэдний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс 2012 онд үйлдвэр үйлчилгээний Ажилсаг төвийг Баянхонгор аймагтаа санаачлан байгуулж байжээ. Хэдийгээр тус ажил 2012 оноос хойш 4 жилийн хугацаанд тодорхой бус шалтгааны улмаас гацаагдсан ч 2016 оноос дутуу ажлуудыг гүйцээж улмаар 2017 оноос үйл ажиллагаа нь жигдрээд байгаа юм. Тус төвд өнөөдрийн байдлаар 50 орчим жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа аж. Бизнес эрхлэгчдийг ажлын хямд байраар хангах, гарааны бизнесийг дэмжих, бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг “инкубатор” болгох зорилгоор тус төвийг санаачлан байгуулсан талаар УИХ-ын дарга уулзалтын үеэр ярьж байлаа.

Мөн тэрбээр ЖДҮ-ийг дэмжих сангаас аймаг бүрт 1.0 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн, түүний 500 саяыг “Ажилсаг” төвийнхөнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад нь зориулж олгоно гэдгийг дуулгаад, ижил төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэхээс аль болох татгалзаж, нэгнийхээ боловсруулсан түүхий эдийг нөгөөх нь худалдан авч бүтээгдэхүүн хийх, хөдөлмөрөө хорших замаар кластерийн чиглэлээр ажиллахыг эрмэлзэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, техник технологио сайжруулахад гол анхаарлаа хандуулахыг захиж байв. Түүнчлэн орон нутгийн удирдлага бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг зээл болон бусад хэлбэрээр дэмжих бодлогыг тууштай баримталж, сургалтад хамруулах, байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдлэг мэдээлэл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал энэ жил жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор аймгаас 960 сая, сум хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл олгоно хэмээж байв.

УИХ-ын дарга мөн өдрөө аймгийн иргэдтэй уулзалт хийж, санаа бодлыг нь сонсон,сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын томилолт өнөөдөр Өвөрхангай аймагт үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(66.181.160.84) 2019 оны 02 сарын 26

За за

0  |  0
Top