Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад байсан ч, хойшлогдсон. Өргөн баригдаад бол 4 дэх онтойгоо золгоод буй уг хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх нь тодорхой болсон 23 хуулийн төслийн жагсаалтад багтаагүй. Хэлэлцэх асуудлуудын БУСАД гэсэн хэсэгт багтаж орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүлээлгийн өрөөнд удах тусмаа шүүсээ шахуулж, тал талын байр сууриудыг дагуулж буй гэдгийг нь тодотгох хэрэгтэй байх. Б.Жавхлан, З.Нарантуяа нарын 30 гаруй гишүүний санаа нэгдэн өргөн барьсан уг хуулийн төсөл эцэслэгдэн батлагдсанаар эдийн засагт эерэг болон сөрөг ямар асуудлуудыг дагуулж болох вэ гэдэг дээр мэргэжилтнүүд зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг.
Санхүүгийн зах зээлийн ачааллыг дангаараа шахуу үүрч дүүрч өдийг хүрсэн банкны секторыг гадаадын банкуудаар өргөжүүлэхийг хуульчлан баталгаажуулахын араас ямар асуудлууд дагалдан үүсэх вэ гэдэг нь анхаарах ёстой сэдэв мөн. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хөрсөн дээр бууснаар салбарын нөлөөлөлд ямар өөрчлөлт гарах вэ. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар хөгжихөд хэрхэн яаж уялдуулах вэ гэхчлэн асуудлууд яригдах ёстой болно. Хөрөнгө оруулалтын чиглэлийн банкуудыг оруулж ирэхдээ дотоодын нөхцөл байдлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бидний өмнө бий.
2016 онд УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т гадаадын банкны салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах асуудлыг багтааж байв. Манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын банкны төлөөлөгчийн газар нь зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэгтэй ажилладаг. Харин хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар гадаадын банк зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах худалдан авах, зээл болон санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах зэрэг олон эрхтэйгээр үйл ажиллагаа явуулна гэж тодотгодог.
Тэгвэл манай санхүүгийн зах зээлд гадаадын банкны үзүүлэх нөлөөллийн талаар Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал байр сууриа илэрхийлээд байна. Тэрбээр “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” сэдэвт илтгэл танилцуулахдаа анхаарал татах зүйлсийг хэлж ярив. Тэрбээр энэ чухал, ач холбогдолтой сэдэв хэдий ч манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа чамлалтай байдаг учраас нэн тэргүүнд үүнийг анхаарах, шаардлагатай мэдээллийн иж бүрэн датаг бүрдүүлэх нь чухал гэж байна. Банкны систем дэх нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.6 хувь нь гадны хөрөнгө, системийн нөлөө бүхий банкууд дахь гадны хөрөнгө оруулалт нь 43.6 хувь байна. Гадны банкууд манай улсад орж ирсэн төдийгүй үйл ажиллагаа явуулаад байгаа гэж харж болохоор байна. Гадаадын төрийн өмчийн оролцоотой банкны асуудлыг нарийвчлан үзэх шаардлага бийг судалгаа харуулж байна гэж тэр хэлсэн.
Глобал эдийн засгийн хүрээлэн "Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” судалгааныхаа хүрээнд дотоодын банкны чадавх сулрах эсэх, хэрэглэгчээ сорчлох эсэх гээд 16-24 шалгуураар эрсдлийн үнэлгээ хийхэд, өнөөдрийн нөхцөлд боломж нь эрсдлээсээ бага юм байна гэдэг дүгнэлт гаргасан гэлээ. Тодруулбал, өнөөдрийн нөхцөлд гадаадын банк санхүүгийн байгууллага манай улсад орж ирснээр боломжийг үүсгэхээсээ илүү эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан гэв. Үүнд үндэслэн гадны банкуудын манай банкны салбарт нэвтэрч буй хэлбэрүүдэд түлхүү анхаарах, тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй гэж Р.Амаржаргал хэллээ. Судалгааныхаа дүгнэлт, гарсан зөвлөмжийг холбогдох бүх байгууллагуудад хүргүүлжээ.
Гадаадын банк аливаа улс оронд үйл ажиллагаа явуулах асуудлыг онолын түвшинд эерэгээр тайлбарладаг ч, Монгол Улсын онцлогийг харгалзах нь нэн чухал. Бодлогын түвшинд, холбогдох судалгаа тооцоонд үндэслэн, арга замаа нарийвчлан, тусгай мэргэжилтэн боловсон хүчиндээ тулгуурлан үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай нэн нарийн асуудал. Мөн гадны туршлага гэдгээр тодорхойгүй байдлаар мэдээлэл түгээж, түүнийг нэвтрүүлэх, эсвэл шийдвэр гаргалтад жишээ болгон ашиглах нь нэн зохимжгүй. Тодорхой аргачлалаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн үзүүлэлтийг ойрмогхон тооцоолж үзсэн бөгөөд хэвийндээ 200-300 байх ёстой тоон үзүүлэлт ердөө 59 хувьтай гарсан нь маш хангалтгүй... Нөгөөтэйгүүр манай улсын геополитик хязгаартай бөгөөд үүнийг харгалзах ёстой гэв.
Санхүүгийн зах зээл нь хөгжсөн, эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд бол гадны банк үйл ажиллагаа явуулахад түүний нөлөөллийн талаар онцлох шаардлагагүй байдаг бол дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа улс орны хувьд нэн эрсдэлтэй нөлөө үзүүлэх юм байна гэлээ. Нэн тэргүүнд дотоодын санхүүгийн зах зээлийг бойжуулах, тогтвортой өсгөж тэлэх үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Санхүүгийн зах зээл нь хөгжсөн, эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд бол гадны банк үйл ажиллагаа явуулахад түүний нөлөөллийн талаар онцлох шаардлагагүй байдаг бол дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа улс орны хувьд нэн эрсдэлтэй нөлөө үзүүлэх юм байна гэлээ. Нэн тэргүүнд дотоодын санхүүгийн зах зээлийг бойжуулах, тогтвортой өсгөж тэлэх үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Үүний тулд төр нь эдийн засгийн активыг өргөтгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Активыг нээлттэй болгох, бизнесийнхэнд орон зайг нь тэлж өгөх, хүртээмжтэйгээр үйл ажиллагаа явуулах активын орон зайг нь тэлэх чиглэлээр Засгийн газар онцгой үүрэгтэйгээр их ажиллах шаардлагатай гэж мэдэгдлээ.
Хуулийн төслийг санаачилсан Б.Жавхлан нарын гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна. Зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжирна. Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ” гэдэг.
Тэгвэл Монголын бизнесийн зөвлөлөөс /МБЗ/ Хөрөнгө оруулалтын банкны төсөлтэй холбоотойгоор гаргасан саналдаа “Гадаадын хөрөнгө оруулалтын банкуудад дотоодын зах зээлд нэвтрэх боломж бий болгох, дэмжих нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа. Гэсэн хэдий ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд дээрх боломжийг бүрдүүлээгүй ба хуулийн төсөл үзэл баримтлалтай зөрчилдсөн нөхцлийг бий болгосон байна. Хуулийн төсөл нь зөвхөн том хэмжээний банкуудыг томоохон төсөлтэй бизнесүүдэд санхүүжилт олгоход чиглэсэн байна. Өргөн хүрээний суурь өсөлтийг дэмжихийн тулд жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд бага зардалтай санхүүгийн эх үүсвэр бий болгох шаардлагатай. Хуулийн төсөлд тусгасан банкны үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгө оруулалтын банкны олон улсын жишиг үйл ажиллагаатай уялдахгүй байгаа ба хуулийн төслийн нэр томъёоны хувьд тодруулах, илүү оновчтой болгох нь зүйтэй. Дүрмийн сан, зээлийн хэмжээний нөхцөл нь хэтэрхий өндөр тавигдсан ба зөвхөн улс төрийн сонирхолтой этгээд заасан хэмжээнд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэлтэй байх болно. Энэ нь олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол Улсыг сонирхох таатай болон тэгш, шударга орчинг бүрдүүлэхгүй юм. Банк ашигтай ажиллахын тулд санхүүгийн хөшүүрэг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв бид санхүүгийн хөшүүрэг дүрмийн сангийн харьцааг 8 дахин гэж үзвэл нийт тайлан тэнцэл нь 1.6 тэрбум ам.долларт харьцангуй хурдан хүрнэ. 10 орчим тэрбум ам.долларын ДНБ–тэй манай оронд мөн одоогийн банкуудын тайлан тэнцэлтэй харьцуулахад энэ нь бодитой тоо биш юм” гэж мэдэгдэлдээ тодотгосон байсан.
Тэгэхээр Монголын бизнесийн зөвлөл парламентын босгоор давах зорилттой уг хуулийг дэмжиж буй ч, хуулийн ТӨСӨЛ нь бодит боломжийг бүрдүүлээгүй байна гэж үзэж байгаа бол нөгөө талд Глобал эдийн засгийн хүрээлэнгийн зүгээс гадаадын банк оруулж ирэх асуудлыг нарийн судалгаан дээр тулгуурлаж, үзэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
АМАРЖАРГАЛ ГЭДЭГ ХҮН ЭНГИЙН МОНГОЛ УХААНТАЙ ХҮНЭЭС ДОР ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМАА. ЭДИЙН ЗАСАГЧ Ч ГЭЖ ДЭЭ.....ХҮҮГЭЭ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. 20ЖИЛ ЭНЭ БАНК НЭРТЭЙ ЛОМБАРД НЬ АРД ТҮМНЭЭ ШУЛЖ 30 ГЭР БҮЛ НЬ БАЯЖЛАА.ХАНАЖ ЦАДНА ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ..
За хичнээн жил танк ачаад ирнэ гэдэг үлгэр шиг юм яриж ядарсаг хэдэн монголчуудаараа банк нэртэй ломбардууд тархт угааж тоглох гэсэн юм. Тийм эх болсон монгол орондоо эцэг эх ах дүү болсон монголчууддаа хайртай байсан юм бол яагаад шулаад өөрсдөө баяжаад 30 жил явсан юм. Гадны улсуудаар явж байхад бүх л орны банкууд ажиллаад ард түмэнд нь маш бага хүүтэй зээлээр гуйж үйлчилээд байгаа харагдах юм. Манайд яахаараа болдоггүй юм. Бид бас өндиймөөр л байна. Эргүү ац амаржаргал чи битгий л ломбардныханы радио суртал болоод яваарай хө. Гадны хөрөнгө оруулагчдыг оруулж болсон юм чинь банкыг нь оруул.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКИЙГ МОНГОЛД ОРУУЛЖ ИРЭХ НЬ ТУЙЛЫН ЧУХАЛ ШҮҮ. БИДЭНД ХҮҮ БАГАТАЙ УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ОДОО МОНГОЛ БАНКНЫ НЭН ИЭРГҮҮНИЙ КОРИЛТ БОЛ ВАПЮТИЙН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ТОГТООХ УЛМААР БУУРУУЛАХ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ МОНГОЛ БАНК ЯАГААД ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНААА. ИРГЭН МИНИЙ БОДЛООР НЭН ТҮРҮҮН МОНГОЛД ВАЛЮТИЙН ХАДГАЛАМЖИЙГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ТҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. МОНГОЛЧУУД БИДЭНД ВАЛЮТАНД ШҮТЭХ ҮЗЭГДЭЛ ГАЗАР АВЧ БАЙНА. ИЙМ БАЙХАД МОНГОЛ ТӨГРӨГ ШАЛ ДЭЭР УНАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. МӨНГӨТЭЙ КОМПАНИУД ТӨГРӨГӨӨ ВАЛЮТ БОЛГОХ НЬ БҮР ГАЗАР АВСАН.