Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийг өв болгон үлдээх зорилгын хүрээнд пянзанд бичихээр болжээ.
Тодруулбал, Б.Шаравын “Зуурдын орон”, “Монгол орон бадартугай”, “Эхийн сэтгэл шиг”, “Хоёрдугаар симфони”, “Трио” гэх таван уран бүтээлийг пянзанд буулгаж, ирэх дөрөвдүгээр сард бэлэн болгохоор ажиллаж байгаа гэнэ. Энэхүү пянзны хувьд цөөн тоогоор үйлдвэрлэгдэж байгаагаас гадна алтаар бүрсэн гэдгээрээ онцлог аж.
Дашрамд өгүүлэхэд, Б.Шаравын "Хоёрдугаар симфони” 1988 оны тавдугаар сарын 22-ны өдөр Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын Филармонийн тайзнаа болсон “Сонгодог хөгжмийн Олон улсын III их наадам”-ын үеэр тоглогдож, Монголын сонгодог хөгжмийг олон улсад тунхаглан таниулсан онцгой сод бүтээл болсон юм.
Уг бүтээлийг Алдарт удирдаач Валерий Гергиев "Тэнгэрийн симфони" гэж үнэлсэн бол Япон, АНУ-ын зураач уран бүтээлчид "Тэнгэрийн аялгуу" хэмээн уран бүтээлүүдийнхээ сэдэв болгосон байдаг. Сонгодог урлагийн тайзнаа гуч гаруй жил эгшиглэсэн тус бүтээл өнөөг хүртэл бичлэггүй байсан нь ийнхүү пянзанд бууж, хадгалагдахаар болж байна. Хөгжмийн зохиолч Б.Шарав 1992 онд "Хоёрдугаар симфони” болон “Замбуутивийн наран” бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Урд нь пянзанд орсон байдаг.