Монгол Улс 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд уран бүтээлийн онцгой хэл, өв төрхөөрөө олонд танигдсан, Монголын тэргүүлэх контемпорари уран бүтээлчдийн нэг Жалхаажавын Мөнхцэцэгийн "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр оролцож байна.
Түүний сүүлийн 15 жилийн туршид туурвисан ажлуудыг дэлгэсэн уг үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн үдэш Венец хотноо болов. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсаас БНИУ-д суух Элчин сайд Ц.Нарантунгалаг тэргүүтэй, Монгол, олон улсын 100 гаруй зочид оролцлоо.
Нью-Йоркт амьдарч, уран бүтээлээ туурвидаг, итали куратор Чечилиа Алеманигийн удирдлага дор, “The Milk of Dreams” буюу “Зүүдний охь” нэртэйгээр зохиогдож буй, энэ жилийн арга хэмжээний олон улсын үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл дэлгэгджээ. Энэхүү гол үзэсгэлэнд оролцож буй нийт уран бүтээлчдийн 90 орчим хувь нь эмэгтэй байгаагаараа урьд урьдын үзэсгэлэнгүүдээс ялгарч буй. Түүнчлэн 80 улс үндэстэн өөрийн орон зайд энэхүү сэдэв дор үзэсгэлэнгээ гаргаж байгаагаас энэ жил Казахстан, Узбекистан, Кыргызстан бие даасан павильоноор анх удаа, Намиби, Оман тэргүүтэй, Ази, Африкийн таван улс түүхэндээ анх удаагаа оролцож байгаа юм.
Харин Монгол Улсын хувьд Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд өдгөө дөрөв дэх удаагаа оролцож байгаа билээ. Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг үзэгчдэд өгөх юм. Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээрээ дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө хуваалцаж буй. Уг үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэнгүй сэтгэл, илааршлын тухай өгүүлэх болно.
Монгол Улсын павильоны комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратораар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны үүсгэн байгуулагч Б.Гантуяа ажиллаж байна. Соёлын сайд Ч.Номин уг үзэсгэлэнг нээн хэлсэн үгэндээ “Монголчууд бид өнөөдөр орчин цагийн дүрслэх урлагийн тавцан дээр бусад улс үндэстний шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна. Энэ болбоос Монгол Улсыг сурталчлах, улсынхаа уран бүтээлчдийн сэтгэлгээ, монгол гэсэн онцлогоо дэлхий дахинаа харуулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах хором мөч, бидний хамтын үүрэг билээ” хэмээн онцоллоо.
Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага юу юм бэ, хүн гэдэг ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх эргэцүүлэлийг авчрахыг зорьсон 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь нь ирэх арваннэгдүгээр сарын 27-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх болно.
Монгол Улсын үзэсгэлэнг Швейцарын хөгжлийн агентлаг, “Turkish Airlines” авиакомпани, “М-Oil Group” ивээн тэтгэж, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Итали дахь Монгол Улсын ЭСЯ, Монгол дахь Италийн ЭСЯ, “VAST Mongolia” продакшн дэмжин ажилласан байна.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь нь анх 1985 онд Венец хотын удирдагчдын санаачилгаар, эзэн хаан, хатны гэрлэлтийн 25 жилийн ойг тохиолдуулан зохиосон түүхтэй. Түүнээс хойш хоёр жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн ба дэлхийд нэр хүндээрээ тэргүүлдэг, дүрслэх урлагийн салбарын хамгийн том арга хэмжээ болон хувирсан байна. Энэхүү наадамд оролцогчид нь өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт урлагаар дамжин нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах боломжтой байдгаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )