“Бие-үгүй” неоклассик балет Буриадад зочилно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

“Nomadic Ballet Production”-ий неоклассик, контемпорари балет “Бие-үгүй” Буриадад зочлох гэж байна. Тус продакшны уран сайхны удирдагч, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Буриадын New Media Group-т ярилцлага өгөхдөө энэ талаар мэдээллээ.

Тэрээр “Манай балетыг монгол үзэгчид өндөр үнэлсэн. Гэр бүл, эмэгтэй хүн болгоныг хамарсан хүнд сэдвийг хөндсөн бүтээл. Хайр гэж юу вэ, гэр бүлийн үнэт зүйлс гэж юу болохыг харуулах болно. Энэ балетаа би гадаадад толилуулах гэж мөрөөддөг байлаа. Гадаадын үзэгчид хэрхэн хүлээн авах нь их сонирхол татаж байна. Би Буриадын театрт олон удаа бүжиглэж байсан. Тайзны засал бараг байхгүй. Гол анхаарлыг бүжигчдийн бие, хөдөлгөөн, хөгжим, гэрэл татна. Тиймээс хаана ч, ямар ч тайзан дээр тоглох боломжтой юм” гэж ярилаа.

“Бие-үгүй” неоклассик балетын гол дүрд Гавьяат жүжигчин Б.Саруул (сүнсний дүрд), Б.Баасансүрэн, А.Өлзий-Орших нар тоглоно. Залуусын хайр дурлал хосуудын харилцаанд тулгарах асуудал, нийгмийн эмзэг сэдэв болоод буй гэр бүл салалт, ээдрээт зөрчлийг бүжгийн хэлээр үзүүлнэ. Бие үгүй хоцорсон бүсгүйн ариун сүнс хэнд ч үл анзаарагдан гунигтайхан тэнүүчлэн, хайр дурлалаа эрэн хайсаар гэрэлт хорвоод хоргодон үлдэх юм. Тоглолтын балетмейстерээр Э.Долгормаа, туслах балетмейстерээр Э.Эрдэнэжаргал нар ажилласан байна.

Тоглолт зургаадугаар сарын 27, 28-нд Буриадын Дуурь бүжгийн театрт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top