Засгийн газрын өнөөдрийн /2019.02.27/ хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнд үндэслэн татан буулгах шаардлагатай сангуудын нэрсийг гаргах учиртай. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь сангууд зээлийг нэр бүхий байгууллагуудад тогтмол давхардуулж олгосон явдал байж. Мөн зээл нь Монголбанкны мэдээллийн санд ордоггүй учир эргэн төлөлтийн тухай ойлголт сул байжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Автозамын сан зэрэг зээл олгодог сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мал хамгаалах сангаас гурвуулангаас нь зээл авсан аж ахуйн нэгжүүд илэрсэн. Хоёр сангаас нь зээл авсан 319 аж ахуйн нэгж байна. Энэ бүх мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордоггүй учраас зээлийн эргэн төлөлт тааруу 130-аад тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэхэд 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байдаг. Мөн нэг сангаас зээл аваад нөгөө сангаас авсан зээлээ төлөх байдлаар явсан зүйл ч байна. Эдгээр зөрчлийг арилгах үүднээс Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх болно” гэсэн юм.
Тэгэхээр зээл олгодог сангуудын давхардлыг арилгах чиглэлээр Засгийн газар шийдвэр гаргах болов уу. Мөн сангийн үйл ажиллагааг ил тод болгох чиглэлээр тодорхой ажлууд хийнэ гэсэн хүлээлт байна. Түүнчлэн тухайн сангуудын хөндлөнгийн хяналтыг сайжруулж, Удирдах зөвлөлд нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах байдлаар шийдэж болно. Олон нийтийн зүгээс хэзээ хэзээнээс илүүтэй шударга ёсыг нэхэмжилж байгаа цаг үед Засгийн газарт дахиж алдаа гаргах эрх байхгүй юм.
Тиймээс зайлшгүй эргэн харах шаардлагатай тусгай сангууд бий. Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ. Тариаланг дэмжих сан 2018 оны байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөг байна.
Түүгээр зогсохгүй Мал хамгаалах сан зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад дахин зээл олгосон зөрчил илэрсэн байх юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай нь шалгалтаар тогтоогджээ.
Боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлдөг байна.
Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгодог. Гэвч иргэд үүнийг мэддэггүй учир зөвхөн өргөдөл гаргасан иргэнд олгож иржээ. Торгох ялын төлбөрийн 60 хувийг санд төвлөрүүлж байгаа ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон торгох ялын төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлж төсөвт оруулж чадаж байгаа эсэхэд тавих хяналт хангалтгүй гарсан байна.
Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.
Дээрх нь тусгай сангуудад үүссэн томоохон алдаа дутагдлын давхардал болохыг энд онцлоё. Засгийн газар тусгай сангууддаа их хэмжээний мөнгө төсөвлөж, энэ мэт үргүй зарах байдал цаашид ч үргэлжлэхээр байгаа. Учир нь 2019 оны Улсын төсөвт Засгийн газрын 22 тусгай санд нийтдээ 2 их наяд 900 тэрбум 894 сая 500 мянган төгрөг төвлөрнө гэсэн тооцоолол байна. Энэ онд Засгийн газрын Тусгай сангуудад төсөвлөгдсөн мөнгөний хэмжээ хэд хэчнээн байгааг хүргэе.
/2019 онд Засгийн газрын тусгай сангуудад төвлөрүүлэхээр тооцсон мөнгөний хэмжээ/
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН:
Улсын төсвөөс 76.5 тэрбум төгрөг
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САН:
Улсын төсвөөс 12.6 тэрбум төгрөг, Сангийн өөрийн орлогоос 0.02 тэрбум төгрөг
СОЁЛ, УРЛАГ ХӨГЖҮҮЛЭХ САН:
Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг
СПОРТЫГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс 2 тэрбум төгрөг
МОНГОЛ СУДЛАЛЫГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс 0.9 тэрбум төгрөг
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН:
2,068.5 тэрбум төгрөг
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН:
694.5 сая төгрөг
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс 28.5 тэрбум, сангийн өөрийн хөрөнгөөс 54.9 тэрбум, нийт 83.4 тэрбум төгрөг байхаар тооцсон.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс 8 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгөөс 41 тэрбум төгрөг
ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс13 тэрбум, өөрийн орлогоос 39 тэрбум, нийт 52 тэрбум. 2018 оноос 21.2 хувийн бууралттай байна.
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН:
Улсын төсвөөс 47 тэрбум, өөрийн орлогоос 1 тэрбум төгрөг
МАЛ ХАМГААЛАХ САН:
Улсын төсвөөс 34.5 тэрбум, өөрийн орлогоос 1.8 тэрбум, нийт 36.3 тэрбум төгрөг
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН:
Өөрийн орлогоос 407.7 тэрбум төгрөг тооцжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН:
Улсын төсвөөс 3 тэрбум төгрөг
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САН:
Өөрийн орлогоос 1 тэрбум төгрөг
ХИЛИЙН ЧИНАДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ТУСЛАХ САН:
Улсын төсвөөс 0.2 тэрбум төгрөг
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САН:
Өөрийн орлогоос 35 тэрбум төгрөг
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САН:
Улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.
УЛСЫН АВТО ЗАМЫН САН:
Өөрийн орлогоос 2.2 тэрбум төгрөг
ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ САН:
Өөрийн орлогоос 0.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САН:
Улсын төсвөөс 25 тэрбум төгрөг төсөвлөжээ.
БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН:
Улсын төсвөөс 2.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 4 )
ЭХЛЭЭД БҮХ САНГУУДЫГ ТАТАН БУУЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ. БҮГД Л ХАРЪЯАЛСАН ЯАМ АГЕНТЛАГТАЙ . ТЭД ЖИЛ БҮР УЛСЫН ТӨСӨВ АВДАГ. ШААРДЛАГАТАЙ БОЛ ХУУЛИАР ИЛ ТОДООР ДАХИН БАЙГУУЛЖ БОЛНО. ТЭГЭЭД Ч УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААНЫ БАТАЛСНААР 27 БИШ, 47 САН БАЙДАГ ГЭСЭН. ЯАГААД 20-ЫГ НЬ ОРХИЖ НУУВ. ЭНЭ БҮХЭН ЧИНЬ Л ТӨРИЙН АЛБА РУУ ХОШУУРАХ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАД ХУУЛЬ ЗАРЧИХ БОЛОМЖ ОЛГООД БАЙГА.
НЭГДСЭН НЭГ Л ТОМ САНТАЙ БОЛВОЛ БОЛООШТЭЭ , ЮУН БАЛИАР ЖИЖИГЛЭЭД АВЧ ИДЭХИЙН ДОН ШҮГЛЭЭД БАЛИААРТААД БАЙНАА ТӨРИЙНХӨН, ЭХНЭЭСЭЭ АМИА ХОРЛООД ДУУСЧ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ ӨӨРСДИЙГӨӨ , ТЭНГЭРТ БҮХ САЙН МУУ ЗҮЙЛ БҮРТГЭЛТЭЙШТЭЭ АЙЖ АМЬДАР МУУСАЙН ХУВАЛЗНУУД
Зээлүүлсэн мөнгөө эхлээд хүүтэй нь буцааж төлүүлж авсныхаа дараа сангуудыг яахаа шийдэх хэрэгтэй. Одоо зээл өгөхийг нь болиулаад зөвхөн зээлийн эргэн төлөлтөнд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Хулгайч нарыг санхүүжүүлдэг энэ олон сангуудыг бүгдийг татан буулгаж авсан мөнгийг нь гаруудаар нь төлүүлж, хариуцлага тооцон ял асуух хэрэгтэй.