Бизнес эрхлэгчдийг ХАМГААЛАХ ерөнхийлөгч МҮХАҮТ-д хэрэгтэй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 02 сарын 27

 

Эдийн засгийн ачааны хүндийг үүрч, дүүрч явдаг хувийн хэвшлийнхний ачааг хөнгөлөх эрх мэдэл уг нь төрд бий. Гэвч манай тухайд зах зээлийн жанжин шугамаас гажилгүй, аж ахуйгаа, бизнесээ эрхлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх тал дээр төр хойрго хандсаар ирсэн нь үнэн. Тэгвэл бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний тод дуу хоолой байж, тулгамдсан асуудлуудыг ул суурьтай гаргаж ирж, шийдэл рүү хөтлөх “үүрэг” хүлээсэн байгууллага болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим XX дугаар их хурлаа маргааш /2019-02-28/ хийх гэж байна. Хаалттай болох хуралдаанаар танхимын сүүлийн 4 жилийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шинэ удирдлагыг сонгоно.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, О.Амартүвшин нар дэвших нь тодорхой болсон. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн хэн нь танхимыг залуурдах нь бизнес эрхлэгчдэд, бизнесийн орчинд ээлтэй байх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр хэн нь хэн бэ? Шийдэл ярьж байна уу, эсвэл...? гэдэг асуултад хариулт олох хэрэгтэй болж байгаа юм.

Сошиал орчинд бол нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тодотгосон мэдээллүүд хөвөрч байна. Ямартаа л дөрвөн нэр дэвшигч телевизийн шууд нэвтрүүлэгт орсны дараа:

Сэтгүүлч: Та танхимын ерөнхийлөгч болвол юу хийх вэ?

Лхагважав: Одоо ерөнхийлөгчөөрөө байгаа л даа.

Сэтгүүлч: Та юу хийх вэ?

Жаргалсайхан: Ганхуягийнхыг хуулаад ярьчихаас...

Сэтгүүлч: Өө хамт ярилцлагад оролцох Амартүвшин ирлээ.

Жаргалсайхан: Ирсэн бол суулгахаас...

Ийм пост   хүртэл гараадахав. Ингэж харах үндэслэлийг НЭР ДЭВШИГЧИД өөрсдөө олон нийтэд өгч буйг анзаарах хэрэгтэй байх. МҮХАҮТ бол онцлогтой байгууллага гэдгийг дахин сануулъя. Ачааны хүндийг үүрдэг мянга мянган бизнес эрхлэгчдийн эрх ашгийг дотоодод төдийгүй гадаадын улс орнуудад ХАМГААЛАХ, ТӨЛӨӨЛӨХ юм. Эдийн засгийн бүтцээ өргөжүүлж, өнгийг нь солонгоруулж, экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний тоо толгойг олон болгох тухай бүгд л ярьж байна. Тэгвэл үүнийг хийж хэрэгжүүлэхэд том оролцоотой байх ёстой МҮХАҮТ-ыг удирдаж буй хүн ДЭЛХИЙН ХЭЛ-ээр ярьдаг байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Тэгвэл нэр дэвшиж буй 4 хүнийг харахад Ч.Ганхуягийн хувьд англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн гэдгийг нь бизнесийн хүрээнийхэн андахгүй. Бусад нэр дэвшигчдийн тухайд Б.Жаргалсайхан бол Орос хэлтэй байх магадлалтай, харийн нөгөө хоёр нь хэл усны мэдлэг сайнгүй гэгдэж байна.

Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэлж ярьснаас эшлэн хүргэе.


Б.ЛХАГВАЖАВЫН НЭГ Л БОЛОМЖ!

“Урбанек”-ийн захирал гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа бичигдэж, танигдсан Б.Лхагважавын тухайд өмнөх ерөнхийлөгч С.Дэмбэрэлээс ажил хүлээж авсныхаа дараа  “МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд юуны өмнө хууль тогтоомжийг сайжруулах, тодруулбал Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаас ажлаа эхэлж цаад агуулгаар татвартай холбоотойгоор улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдэж ингэснээр тулгараад буй хямралаас хурдан, бага хохирол амсан гарах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана.Түүнчлэн төр засагт хямралаас гарах чиглэлд ирэх он жилүүдэд тавих зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бизнесийнхний санал бодлыг хүргүүлэн бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах болно” гэж байв. Гэвч түүнийг ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд эдийн засаг хүндэрсэн, бизнес эрхлэгчид ч “бартер”-ын сүлжээгээр ажлаа явуулахад хүргэж байсан нь саяхан. Хэдийгээр энэ нь МҮХАҮТ-аас шууд хамаарсан үйл явц биш ч, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх тал дээр ерөнхийлөгчийн хувьд тааруу ажилласныг хэлэх хэрэгтэй.

Өдгөө Б.Лхагважав  “Миний хувьд нэг удаа дахин сонгогдох эрх байгаа. Энэ боломжоо ашиглаж, нэр дэвшинэ” гэж ярьж байна. Тэгэхээр түүний хувьд нэг сонгогдох БОЛОМЖОО ашиглахад ач холбогдол өгч буйгийн нөгөө талд хийж, хэрэгжүүлэх бодитой ажил яригдахгүй байгаа нь анзаарагдаж байна.


Ч.ГАНХУЯГ: ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

Нэр дэвшигч Ч.Ганхуягийн тухайд “Бизнес манлайлж, хүчээ нэгтгэе” гэсэн уриа бүхий мөрийн хөтөлбөртэй өрсөлдөж байна. Тэрбээр  “Сүүлийн үед Монгол Улсын бизнес эрхлэх орчин дордож, амжилтад хүрсэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг популист улстөрчдийн оролцоотой унагаадаг болсон байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийж, бизнес эрхлэгчид бид өдөр ирэх тусам төрийн тамга барьсан урагшгүй түшмэдийн шахалт, дарамт, хээл хахуулийн сүлжээнд бэхлүүлэн, ажил хэргээ шулуун явуулахад хүндрэлтэй байна. Нийгэм, эдийн засгийн ийм тааламжгүй үед бизнесийн төлөөллийн гол байгууллага болох МҮХАҮТ хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо гаргах тал дээр хойрго хандан оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймээс МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн туршлагатай, чадварлаг багийн хамт оролцоно” гэж мэдэгдсэн.

Мөн тэрбээр  танхимын ерөнхийлөгчийн сунгаанд ялвал цалингүй ажиллахаас гадна намын гишүүнчлэлээсээ түдгэлзэж, МАН-ын бага хурлын гишүүний ажлаа өгнө, 2020 онд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн юм.  Аль нэгэн намын гишүүнчлэлтэй байх нь хувийн хэвшлийн дуу хоолой болоход зоригтой дуугарахад саад болох учраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Тэгэхээр Монголын бизнесийн орчныг том зургаар нь харж, эерэг өөрчлөлт авчрах тэмүүлэлтэй яваа Ч.Ганхуягийн хувьд танхимыг удирдахаар болвол намын гишүүнчлэлээс татгалзана гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Энэ улс оронд аливаа бизнес улс төрийн дарамт шахалтгүй явагддаг байх ёстой. Төрийн элдэв олон дарамт бизнес эрхлэгчдийг туйлдуулдаг нь үнэн. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргаж байгааг нь анзаарахгүй байж болохгүй биз ээ. Ч.Ганхуяг төр, хувийн хэвшлийн мэдээллийг нэгтгэх зорилгоор Монголын Эдийн Засгийн форумыг Монголд анхлан санаачилж, талуудын байр сууриудыг нэг цэгт, нэг цагт огтлолцуулж, дорвитой шийдвэр гаргуулах тал дээр анхаарч ажиллаж ирсэн нэгэн. Тиймээс ч түүнийг танхимын ерөнхийлөгчийн статусын хэмжээнд санаачлагатай ажиллаж ирсэн хүн гэж харах үндэс байна.

Ч.Ганхуяг хэлэхдээ "Би хувийн хэвшлийн дуу хоолой болж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Танхимын ерөнхийлөгчөөр сонгогдвол МҮХАҮТ-ын санхүүд аудитын шалгалт оруулна. Мэдээж зарим хүмүүст таалагдахгүй. Гэхдээ хууль дүрэмтэй улсад эрх ямбыг нь эдэлчихээд хариуцлага үүрэхгүй байж болохгүй” гэж байна.


О.АМАРТҮВШИН: ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС УРАГШИЛСАНГҮЙ

 UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэг. Тэрбээр нэр дэвших болсон талаараа хэлэхдээ  “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй. Монголын эдийн засгийн өсөлт ерөөсөө л үнэ нь дажгүй байгаа зэс, алт, нүүрс, төмөр. Эдийн засгийн өсөлтийг бизнесийнхэндээ яаж өгөөжтэй болгох вэ, тэднээр дамжуулж ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, татварын механизмыг ямар гарц замаар зөв оновчтой болгох вэ гэсэн асуултын хариуг танхим төртэй хамтарч хайж байх ёстой байгууллага” гэсэн.


Б.ЖАРГАЛСАЙХАН: ХЭН Ч НЭР ДЭВШИЖ БОЛНО

УИХ-ын гишүүн хийгээд Үйлдвэр худалдааны сайдын ажлыг хашиж явсан Б.Жаргалсайхан танхимын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй. Тэрбээр  МҮХАҮТ-аар дамжуулж ямар ажлыг, яаж хийх тухайгаа бодож байгаа гэсэн. Манай zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “МҮХАҮТ бол олон нийтийн байгууллага. Хэн ч нэр дэвшиж болно, нээлттэй. Мэдээж танхимын гишүүн байх ёстой. Хувийн хэвшлийг өнөөгийн хэцүү цагт яаж дэмжих вэ, яаж бусад орны хэмжээнд аваачих вэ, техник технологийн хувьд төр, хувийн хэвшлийн талаас нь нэлээн ярих шаардлагатай. Асар их татварын орлогыг төрийн албаныхан хэрэгцээгүй зүйлд зарцуулж байна. Энэ мөнгийг хувийн хэвшилдээ зориулах хэрэгтэй. Татвар төлөгчдөө өөд нь татахад зориулах шаардлагатай. Ингэхийн бол импортоор авч байгаа маш их бараа бүтээгдэхүүнийг орлуулах, үйлдвэрлэдэг болно. Улмаар ажлын байр, орлоготой болно. Энэ жил төсвийн зарцуулалт таван их наяд төгрөг. Үүнийг бүтээн байгуулалтад зарцуулна гэж байна. Түүнийхээ талыг нь ядаж л хувийн хэвшилдээ зарцуулж болно шүү дээ. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авч өгөх, барилга байшинг нь барьж өгч болж байна” гэхчлэн санаа оноогоо ярьсан.

Б.Жаргалсайханы хувьд бизнесийн орчинтой шууд холбоотой яам хүртэл удирдаж явсан ч, яриад л байхаас, гараа хөдөлгөөгүй гэх шүүмжийг дагуулдаг нэгэн.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(122.201.21.1) 2019 оны 02 сарын 28

Дөмөг нь Жагаа л юм даа. Шудрага талдаа.

0  |  0
Зочин(202.9.42.82) 2019 оны 02 сарын 27

Энэ хэлж ярьснаар нь харвал манай ”ТАЛХ” Ганхуяг харин ч бусдаасаа хамаагүй сайн ажиллаж мэдэхээр санагдчихлаа.

0  |  0
zochin(202.55.188.37) 2019 оны 02 сарын 27

Жагаа л зүгээр , бусад нь өлөн бөөснүүд.

0  |  0
Монгол (202.179.24.103) 2019 оны 02 сарын 27

Лхагважав л биш шүү. Бөгс долоогч ийм нөхөр хэрэггүй.

0  |  0
иргэн(202.9.42.202) 2019 оны 02 сарын 27

жагааг дэмжие..бусд нь хэрэггүй худлаа гарууд ш дээ..

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 27

Энэ Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувуу шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.

0  |  0
Top