ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: Шүүгч амиа хорлож, Ерөнхийлөгч асан гэрчээр дуудагдав

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Өнгөрч буй хоёр долоо хоногийн хугацаанд гарсан онц ноцтой хэрэг болон тэдгээрийн шалгалтын явцыг ZINDAA.MN сайтын Хууль, эрхзүйн албанаас тоймлон хүргэж байна. Товч дурдвал, Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт дуудагдан тайлбар өгч, мөн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийн шалгалтын ажиллагаа дуусах шатандаа оржээ. Мөн авлигын хэргийн хамжигчаар сэжиглэгдэн саатуулагдаж байсан шүүгч хорих ангид амь насаа алдсан бол долоо хоногийн сүүлчээр Төв аймгийн Заамар суманд уурхайн нуранги үүсч 31-53 насны дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.


-АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА-

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг хянуулахаар прокурорт буцаан шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцээд, Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.


-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ГЭРЧЭЭР ДУУДЛАА-

Өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дуудаж “Тавантолгой”-н хэрэгт холбогдуулан гэрчээр мэдүүлэг авлаа. Энэ хэргийн талаар АТГ-аас тодруулахад "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорт хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах хүсэлтийг хүргүүлсэн. Тухайн асуудал нь өмнө нь АТГ-т шалгагдаж байсан, хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байсан. Энэ хэрэгт хамтатган шалгах материал ирүүлсэн байдаг. Энэ материалыг нь хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг дуудаж, гэрчээр мэдүүлэг авсан. Хэдэн хүн шалгагдаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөртөө нь холбоотой 178 хуудас баримт, материалыг олон нийтэд ил болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байгаа.


-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Д.СУГАРЫГ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны "Стандарт" банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр "Жаст"-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарыг холбогдуулан өнгөрсөн оны зургадугаар сард АТГ-аас дуудаж, байцаалт авсан байдаг. Тэгвэл АТГ-аас дээрх хэргийг тодрууллаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар хэлэхдээ "Д.Сугарыг шалгаж байгаа. Удахгүй хэрэг нь шийдэгдэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.


-С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРЭГ УДАХГҮЙ ШИЙДЭГДЭНЭ-

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэднийг өнгөрсөн оны тавдугаар сард хилийн хориг тогтоож, батлан даалтад гарган мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа талаар АТГ-аас тодруулахад "Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн тавдугаар сард батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нэлээн ахиц гарсан гэж ойлгож болно. Боломжит хугацаанд хэргийг шийдвэрлэх болно" гэв.


-ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Л.БЯМБАА ХОРИХ АНГИД АМИА ХОРЛОЖ НАС БАРЛАА-

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан.

Түүнийг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаныхан, прокурорын зөвшөөрлөөр талийгаачийн гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийж, авлигын хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байдаг. Уг баримтуудад үндэслэн хоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагийн орой талийгаачийг нэр бүхий таван иргэний хамтаар саатуулсан байна.

Мөрдөн байцаагчийн зүгээс сэжигтэн этгээдүүдийг 48 цаг саатуулах эрхтэй байдаг ба талийгаач хоёрдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагт суллагдах байсан ч суллагдах хугацаанаас гурван цагийн өмнө нас барсан байдалтай олджээ.Талийгаач тус хорих ангийн B1 жигүүрийн .... тоот камерт ганцаараа хоригдож байсан аж. Тэрээр давхар орны дээд талын хөндлөвч төмрөөс өөрийн өмсч байсан дотуур хувцсаар хоолойгоо боомилсон байжээ. Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид 00:15 цагт очсон гэх ба эд мөрийн баримтаар гурван хуудас бүхий ГЭРЭЭСЛЭЛ үлдээснийг хавтаст хэрэгт хавсаргажээ.

Хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа ба хорих ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь авч шаардлагатай бүхий л шалгалтын ажиллагааг явуулж байгаа хэмээн мэдээлсэн. Харин ШШГЕГ-аас уг хэрэгтэй холбогдуулан дотоод хяналт шалгалт явуулж, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь халсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс, талийгаачийг амиа хорлоогүй, гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа ба нас барахаас нь өмнө гадуур байцаалт авч, дарамталсан гэх мэдээллийг өгч байгаа юм.


-НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч ПРОКУРОР ТАТГАЛЗЛАА-

Авлигатай тэмцэх газраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх нэр бүхий зургаан шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Улмаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байсан.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан буюу түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн байна.

Уг бичигт “...Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгджээ.


-ЦУВРАЛ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ СААТУУЛЛАА-

Өнгөрөгч хоёрдугаар энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт 04:00 цагийн орчимд ажлаа хийж явсан ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэй И-г үл таних этгээд хүчирхийлэн хэргийн газраас зугтжээ. Мөн хоёрдугаар сарын 24-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 24 настай эмэгтэй Н-г гэртээ орох замд нь зодож гэмтээгээд хүчирхийлсэн хэрэг давтан гарсан байна. Шалгалтын явцад дээрх хоёр хэргийг 34 настай эрэгтэй М гэгч үйлдсэн нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Иймд, шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганц нэгээрээ явахгүй байх, үл таних этгээдтэй харилцаа үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.


-АМИА АЛДСАН ЦЭРГИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ АР ГЭРТ НЬ ТАНИЛЦУУЛАВ-

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэргийн алба хаагч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан.

Уг хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаяр, ахлагч н.Мандалхангай нарыг холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс бусдад зодуулсны улмаас нас барсан гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй хэмээн мэдээлж байсан. Талийгаачийн үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоох бөгөөд энэ сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн шүүх шинжилгээний газраас задлан шинжилгээний хариуг гаргаж, ар гэрийнхэнд нь танилцуулжээ.

Харин уг дүгнэлтийн талаар хохирогчийн өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Задлан шинжилгээний хариу гарсан. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэсэн юм.


-“МОНГОЛЫН ЗЭС” КОРПОРАЦИ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАЛАА-

“Монголын зэс” корпорацийн удирдлагууд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд мэдээлэл хийж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа өнгөрөгч баасан гараг буюу гуравдугаар сарын 1-ны өдөр мэдэгдсэн юм.  

Шүүхийн нэхэмжлэлд “ЗГХЭГ-ын даргын мэдэгдэл нь Монголын зэс корпорацитай холбоотой олон асуудлыг хамарсан байх боловч ихэнхдээ урьд нь олон нийтэд цацагдсан хуучин мэдээлэл байсан. Бид өмнө нь залруулга мэдээллүүдийг тухай бүрд нь олон нийтэд хүргэж ирсэн ба шаардлагатай хууль хяналтын байгууллагуудад хандан үнэн бодит байдлыг тогтоолгох арга хэмжээг авсаар байна. Тухайлбал “харилцан хамааралтай этгээдүүд мөн эсэх”-ийг захиргааны хэргийн гурван шатны шүүх хянан үзээд харилцан хамааралгүй болохыг тогтоосон” хэмээсэн тайлбарууд бичсэн байлаа.


-НУРАНГИНД ДАРАГДСАН НЭГ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАН АВЧЭЭ-

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуранги үүсч дөрвөн иргэн дарагдсан ноцтой хэрэг гарсан. Ослын газарт Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа С.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн алба хаагчид болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчдаас бүрдсэн 100 гаруй хүн ажиллаж байна.

Эрэн хайх аврах ажиллагааг дөрөв хоногийн турш явуулж, аврагч нар найман удаагийн шумбалт хийсний дүнд өчигдөр 13:00 цагт нэг иргэний цогцсыг гарган авсан байна. Үлдсэн гурван иргэний цогцсыг гарган авах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна.

Нурангинд дарагдсан гэх иргэдийн тухайд амьд үлдэх магадлал байхгүй гэх ба Улаанбаатар хот, Баянхонгор болон Булган аймгийн харьяат 31-53 насны хүмүүүс байжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨМӨР НҮҮР ГАРГА(122.201.23.201) 2019 оны 03 сарын 07

ЭНЭ ХУУЛИЙНХАН АТГ ДАРГИЙГ СОЛИХГҮЙ БОЛ ХЭЗЭЭЧ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД НАР БУРУУГАА ХҮЛЭЭХГҮЙ

0  |  0
сэтгэгдэл(103.212.119.24) 2019 оны 03 сарын 05

Ноцтой захиалгат аллага атг шшгег ажлаа зөв хий хуйвалдаан - төөрөгдүүлэлт хэрэггүй

0  |  0
Хууль зүйн зөвлөгөө(202.179.27.180) 2019 оны 03 сарын 04

Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас: 88063818, 88810999

0  |  0
Z(66.181.184.117) 2019 оны 03 сарын 04

SHUUGCHIIN AMIA HORLOSON ASUUDAL BOL HAMGIIN TURUUND OOROO BURUUTAI

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2019 оны 03 сарын 03

Huulicniig gemt hergiin gercn bolno gee l

0  |  0
Hurts(73.83.84.234) 2019 оны 03 сарын 03

Muu novsh mini amia horloogui shuu. Ebi mi tergiutei manangiin gar hulnuud alsan shuu.

0  |  0
Hurts(73.83.84.234) 2019 оны 03 сарын 03

Muu novsh mini amia horloogui shuu. Ebi mi tergiutei manangiin gar hulnuud alsan shuu.

0  |  0
Hurts(73.83.84.234) 2019 оны 03 сарын 03

Muu novsh mini amia horloogui shuu. Ebi mi tergiutei manangiin gar hulnuud alsan shuu.

0  |  0
Top