Г.Жамъян: Сэтгүүлчид өнгө мөнгөнд бус үнэнд захирагдах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 106 жилийн ой энэ өдөр /2019.03.06/ тохиож байна. Ойн баярын хүрээнд салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсын их сургуулийн Номын санд боллоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Ж.Цэвээн агсны нэрэмжит шагналыг 2011 оноос бий болгож, салбарынхаа шилдгүүдэд гардуулдаг уламжлалтай болсон. Анхны шагналыг нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэвт олгосон бол өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг “Соёмбо” сонины ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаад хүртээлээ. Мөн МСНЭ-ийн "Алтан ѳргѳмжлѳл"-ѳѳр СГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, ахмад сэтгүүлч Д.Хасбазар, ахмад сэтгүүлч Ш.Батмөнх нар шагнагдлаа. Мөн МСНЭ, МОНЦАМЭ агентлагаас хамтран олгодог шилдэг мэдээний сурвалжлагчийн шагналыг сэтгүүлч М.Бүжинлхам, TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа нарт олгов. 

Сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч Ж.Цэвээн нь 1881 онд төрсөн бөгөөд 1913 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн удирдлагаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Шинэ толь бичиг” сониныг эрхлэн гаргаж байсан юм.

Ёслолын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон ахмад сэтгүүлч, судлаачдын хэлсэн үг, байр суурийг онцолъё. 

МУСГЗ Г.ЖАМЪЯН: СЭТГҮҮЛЧИД ӨНГӨ МӨНГӨНД БУС ҮНЭНД ЗАХИРАГДАХ ЁСТОЙ

-Монголын сэтгүүлчдийн байгууллага үүсч хөгжсөний 106 жилийн түүхт ой болж байна. Энэ ойг тохиолдуулаад юуны өмнө ахмад сэтгүүлчид, залуу сэтгүүлчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч ерөөе. Монголын сэтгүүлчдийн байгууллагад ажиллаад 60 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Монголын сэтгүүлчдийн байгууллага өсч дэвшиж, урт замыг туулсаар өнөөдөртөө золголоо. Бид халаагаа өглөө. Хамгийн өндөр настай Ядмаа гуай энд ирээд байна. Ядмаа гуай 100 насыг зоогложээ. Хамгийн залуу сэтгүүлчид 20 гаруй настай байна. Үе үеийн сэтгүүлчид, Монголын сэтгүүлчдийн байгууллагын өнөр өтгөн гэр бүлийг өөд нь татаж авч явахын төлөө их зүйлийг хийсэн байна. Монголын сэтгүүлчдийн байгууллага түүний мянга мянган гишүүд их зүйл хийж, их зүйлийг бүтээж байгаад өвгөн сэтгүүлч миний бие баярлаж явна. Сэтгүүлчдэдээ хэлэх ганц үг байна. Сэтгүүлч хүн өнгө мөнгөнд захирагдах ёсгүй, гагцхүү үнэнд захирагдах ёстой гэдгийг санаж яваарай. Үнэнийг бичиж, үнэнийг сурталчилж, үнэний дуу хоолой болж яваарай, хүүхдүүд минь. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн байгууллага үеэс үед улам өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж явна гэдгийг өнөөдрийн энэ баярт өдөр сэтгүүлч нөхдөдөө захимаар байна.  

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР: 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАР ХӨТӨЛГӨӨ МОРЬТОЙ ЯВАХ ЁСТОЙ

-Юуны өмнө үзэгч, уншигч, сонсогч, хэвлэл мэдээллийн ажилчид, ахмад буурлууддаа, залуу сэтгүүлчдэдээ энэ өдрийн мэнд дэвшүүлж байна. Монгол Улсын үндэсний сэтгүүлзүй өнөөдөр 106 настайгаа золгож байна. МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдрийн баярын хурлын зорилго нь ахмад сэтгүүлчдээ урамшуулах, ажлаа дүгнэх явдал. МСНЭ-ээс ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, өнөөдрийн утга учир болсон Жамсрангийн Цэвээн агсны нэрэмжит сэтгүүлзүйн дээд шагналыг эрхэм хүмүүндээ олгодог. 

2018 оны хоёрдугаар сарын 8-наас хойш сэтгүүлзүйн байгууллага маань шинэ удирдлагатай болсон. Бид тодорхой хэмжээний шинэчлэлт хийх ёстой гэж үзэж байгаа. Манай салбар нийгэмд шударга ёс тогтоох, шударга үнэний дуу хоолой болох, нөгөө талаас нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. 1990 оноос өмнө Монголын сэтгүүлзүй нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ маш мундаг биелүүлж иржээ. Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв нарыг бид Монголын сор болсон сэтгүүлч, нийтлэлчдийн манлай гэж үзэж, үеийн үед бахархаж иржээ. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл бидний олж авсан баялаг бол хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл. Гэхдээ бид нэг алдаа гаргасан байна. Бид чөлөөт хэвлэлийг бий болгохын төлөө, шударга үнэний дуу хоолой болохын төлөө зүтгэхдээ нийгмийг соён гэгээрүүлэх чиг үүргээ тодорхой хэмжээнд орхигдуулсан гэж харагдаж байна. Тийм учраас үүнээс цааш Монголын сэтгүүлчид, Монголын сэтгүүлзүйн салбар хос морьтой, хөтөлгөө морьтой явах ёстой юм. Нөгөө талдаа сошиал орчны хөгжил, мэдээллийн даяарчлал, мэдээлэл түгж байгаа энэ их хурдтай цаг үед бид мэргэжлийн сэтгүүлзүй, иргэний сэтгэгдэл хоёрыг ялгах хэрэгтэй болж байна. Тэр ялгааг харуулах үүрэг улам нэмэгдэж байна. Энэ тал дээр сэтгүүлчид бид өөрсдөдөө шаардлага тавих хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа сэтгүүлчид өөрөөсөө эхлэх ёстой. Бид мэргэжлийн байх, сошиал орчинд бусдаас ялгарах, иргэдийн сэтгэгдлээс илүү мэргэжлийн өнцөг, мэргэжлийн чиг баримжаагаа барьж ажиллах нь чухал байна. Ингэж жигдэрч чадвал, мэргэжлийн ёс зүй, үүргээ барьж ажиллавал бидний нийгэмд үзүүлж буй хамгийн том нөлөө, хариуцлага энэ байх болно. 
 

МСНЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЗУЛКАФЕЛЬ:  
БИ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙН ИРЭЭДҮЙГ ӨӨДРӨГӨӨР ХАРЖ БАЙНА

-Улс төрийн сайн, муу олон талт мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хүргэж байна гэдэг чинь өөрөө дөрөв дэх засаглалын үүргийг тодорхой хэмжээнд биелүүлж байгаагийн илрэл юм. Ил тод байдлын ачаар ард түмэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төр засгийн удирдах албан тушаалтанд хяналт тавих боломж бүрдэж байна. Мэдээж улам боловсронгуй болгох, хийх зүйл маш их байна. Хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг боловсронгуй болгох, хууль тогтоомж гаргах хэрэгтэй гэж үздэг. Чанартай боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Манай нөлөө бүхий том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ард улстөрчид, улс төрийн бүлэглэл, бизнесийн ашиг сонирхол байдаг болсныг бид мэднэ. Үүнээс ангижирч салах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрөөс ангид байлгахын төлөө багагүй ажил хийх шаардлагатай байгаа. Дэлхий дахины сэтгүүл зүй ямар замаар явж, ямар саад бэрхшээлийг туулж, чөлөөт хэвлэлийн оргил руу явж байна, тэр замаар л Монголын сэтгүүлзүй явж байгаа. Тийм учраас би Монголын сэтгүүлзүйн ирээдүйг их өөдрөгөөр харж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.179) 2019 оны 10 сарын 06

Сэтгуулч Отгон газар шороогоо хайр найргуй эргуулж байгаа уурхайн компаниудын унэн терхийг Сайн гаргадаг Сайн сэтгуулч гэж ард тумэн харж байдаг саяхан гэхэд л Хэнтий аймгийн байгалийн Сайхан ой мод суйтгэж урсаж буй усыг нь зураг дээр угуй болгож алтаа угаах болохоор бий болгож зурсаныг гаргаж байсан тёр нь ингэж хууль бус зуйл хийж байгаа албан тушаалтангуудад хатуу арга хэмжээ авч байх хэрэгтэй тэгвэл тёр нь шударга тумний итгэл хоолой болсон сэтгуулчиддээ урам егч байна гэж бодож бна

0  |  0
HOP(105.112.120.52) 2019 оны 10 сарын 05

Жозе Луис зээл, Бид 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\n  эсвэл бидэн дээр (citybankloans10@aol.com) хаягаар имэйл илгээнэ үү. (citybankloan123@gmail.com)

0  |  0
ЗОЧИН(202.5.198.33) 2019 оны 03 сарын 06

ЭРДЭНЭТИЙН 49 ИЙГ ЗӨВТГӨӨД ИРГЭДИЙН ТОЛГОЙГ УГААГААД БАЙСАН СЭТГҮҮЛЧИД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ МӨН Ч ОЛОН НЭВТЭРҮҮЛЭГ ХИЙСЭНДЭЭ

0  |  0
Top