Вьетнамын нийслэл Ханойд болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрээгүй бололтой. Хэдийгээр Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ амжилттай болсон гэж мэдэгдсэн ч шинжээчид талууд таагүй харилцаатай салсан гэж үзсэн. Үүнийг батлах зүйл ч гарч эхэллээ.
“Дээд хэмжээний уулзалтын дараа Хойд Солонгосын Сохэ пуужин турших полигонд сэргээн босголтын ажил эхэллээ” гэж “Johns Hopkins University” их сургуулийн судлаачид мэдэгдлээ. Сансраас авсан хиймэл дагуулын зургаас үзэхэд тус полигонд дэд бүтцээ сэргээн засварлаж эхэлсэн нь тодорхой байжээ.
АНУ, Хойд Солонгосын харилцаа сайжирч эхлэхэд БНАСАУ Сохэ полигоныг хаасан байсан. Гэвч энэ удаад кран, машин техник, барилгын материал зөөн авчирсан нь хиймэл дагуулын зурган дээр гарсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Бид Хойд Солонгосын алхам бүрийг анхааралтай ажиглан харж байгаа. Тэд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоож, хэлэлцээ дахин хийх хэрэгтэй. Үгүй бол бид эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангална” гэж мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Трамп, Залуу удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын дараа Хойд Солонгос улсын авч болох 5 арга хэмжээг “The Diplomat” сэтгүүл танилцуулсан.
Нэгдүгээрт, Ким Жон Ун Америктай дайсагналцаж эхлэнэ. Гэхдээ энэ хувилбар Пхеньянд ашиггүй.
Хоёрдугаарт, Ким цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох амлалтаа биелүүлнэ. Гэхдээ нууцаар цөмийн нөөцөө нэмэгдүүлсээр байна.
Гуравдугаарт, Ким Жон Ун Зүүн Хойд Азийн улс орнуудтай ойртоно. АНУ-д Хятад, ОХУ-аар дамжуулан дарамт үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, Ким АНУ, эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч өөрийнх нь саналыг хүлээн автал хүлээнэ. Өөрөөр хэлбэл Шинэ Ерөнхийлөгч сонгогдохыг хүлээнэ гэсэн үг. Гэхдээ ийм цаг ирэхгүй байх магадлал өндөр тул тун эрсдэлтэй алхам.
Тавдугаарт, Америкт тавьсан шаардлагаа Ким буулгаж, зөөллөнө. Гэрээ хэлэлцээр байгуулахын тулд буулт хийнэ. Ингэж байж эдийн засгийн хоригийг цуцлуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )