...Надад өвгөнөөс хойш энэ бүхнийг хэн хийх бол гэсэн сониуч бодол төрөвч түүнийгээ...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт билэг танхай найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт С.Пүрэвийн ертөнцөөр аялахыг урьж байна.   

 

Эзэнгүй

Манай нутагт Индэрт Цахир гэж нэг сайхан намаржаа бий. Хэвтээ сарлаг шиг цахир, цахир хадан дунд байх их уст худгийн хаяа дэрлэсэн хөх дэрс саадгаараа шивнэлдэн бөхөлзөж, мөлхөө халтар гүрвэл морь малын хөлд гишгэгдэх нь холгүй арваганан гүйлдэнэ. Цахирын худгийг жилийн жилд бараадсан хэдэн айл байх. Тэдний нэг нь манайх. Цас шуурга, ган зуд боллоо ч Цахирын худаг байдгаараа л байна. Атга цас, чимх элс ч асгарыг нь даваж өнгийхгүй, гэнэн туулайн нүд шиг тунгалаг ус тэртээ доор мэлтэлзэж л байна.

Аль эрт ихэс дээдсийн цагт Бөртэ үжинг алс замд гарахад нь манай Алтайнхан амны нь цангааг тайлж агт морьдыг нь услах гэж энэ худгийг гаргасан юм гэнэ билээ, хөөрхий гэсэн элэг дотно үгс үе дамжин уламжлагдсаар өдгөө хүрч, түүнийг хүн толгойтой бүхэн биширснээс Цахирынхан амьд амьтны уруул норгох эрхэм ёсыг дээдэлж иржээ. Бөртэ үжиний үеийн ариун ус гэвээс энэ худаг бараг л дэлхийн настай чацуу юм шиг санагддаг байлаа. Цахирынхны хэдэн айлыг Цэвэг баавай хэмээх цал буурал сахалтай, халтар царайт үрчгэр өвгөн ахлах бөгөөд нэг үгээр хэлэхэд тэр өвгөн л энэ газрын үнэнч сахиул байлаа.

Тэднийх хэдэн сайхан хүүхэдтэй, тэд эрдэм номын мөр хөөн орон суурин бараадаж, зарим нь гадаад, дотоодод явж өвгөнд гүйцэгдэхээргүй хулжин оджээ. Ингээд бодохоор өвгөн орь ганц юм шиг хэдий ч нутаг усныхан хань бараа болно оо. Хүлэг морьд ч нутагтаа гүйдэг гэдэг сэн, чухамдаа хэр ортойг Баавайн хүүхдүүд харуулах биз ээ. Уг нь тэд өвгөнийг хаяа хатавчаа бараадуулна гэсэн юм гэнэ билээ, гэвч өвгөн "Бөртэ худаг эзэнгүйрчинэ" гэж адарсаар үүдэн хоймрын хооронд мөлхөж суугаа нь энэ. Цагийг эзэлсэн ус байдгаараа байж, цахир чулуу хэвтдэгээрээ хэвтэнэ л биз хэмээн бодогдовч түүнийг хэн мэдлээ.

Би өвгөнийг хараад өрөвддөг байлаа. Намрын шаргал наран доор ч зулаг нь цоорсон эсгий гутал өшиглөж, насны өтөлд дарагдаагүй юм шиг өөдрөг явна. Домог, худаг хоёрын амьд холбоо мэт өвгөн жилийн дөрвөн упиралд Цахираас нүүхгүй. "Баавай та буурь сэлгээч" гэвэл, “юу хийхэв дээ нутгаа орхиод яахав” гэж зөөлөн дуугарна. Өвөл болохоор худгийнхаа асгар руу хувинтай аргал дүүжлэн утаа май тавьж эсгийгээр таглана. Усны амь хадгалж байгаа нь тэр. "Утаа зуусан ус хүн малд рашаан л болно" гэж айлдана. Надад өвгөнөөс хойш энэ бүхнийг хэн хийх бол гэсэн сониуч бодол төрөвч түүнийгээ би тас нуудаг байлаа. Өвгөн мэдчихвэл насаараа гомдоно.

Баавай хүний өөрийн алдуул холдуул мал л харагдвал үнэг ч даахааргүй ширэн ховоогоороо ус татан голыг нь дэвтээх бөгөөд түүнийгээ буян гэж үзнэ. Хэдэн сайхан ховоог нь өлөн үнэг хулуулж сэгчээд шүүр шанага болгосноос хойш өвгөн ховоогоо хар нүд шигээ хайрлах болсныг манайхан бас мэднэ. "Үнэг чинь одоо цагийн та нараас ч дутуугүй өлбөлзүүр золбин байгаа юм" гэж бас тэрүүхэндээ бидэнд омогдох янзтай.

Худаг, ховоо хоёр байсан цагт манайхан болно гэж өвгөн дотор санаандаа чандална. Арга ч үгүй биз дээ, говь газрын ус гэдэг алтнаас ч үнэтэй юм чинь. Баавай надтай амь нэгтэй. Хэзээ мөдгүй тэнгэртээ явахаа мэддэг байсан биз дээ, Бөртэ худгийг нэг сайхан хүүд даатгах юмсан. Энэ худгийг чинь тэнгэр харж байдаг юм хэмээн айлдана. Уг санаа нь надад даатгах бололтой, гэвч би алсын моринд дөрөөлөн аймаг алгасч хошуу холдох бодол өвөрлөсөн нэгэн. Би түүгээрээ ч болсон доо.

Баавай худгаа намрын дунд сарын шинэдээр заавал нэг лайдна. Тэр нь ёс. Лайдахынхаа урьд өдөр хавь ойрын хамаг малыг самсайгаар нь ус садартал умдаалж санаа нь амарна. Худагт өөрөө л орно. Өнөө шагай цоорхой гутлаа тайлж шидчихээд шуумгаа шалбуургадан орж явчина даа. Биднийг  тус   дэм   болох   гэхээр та нарын наад  хөл чинь нохой ч тоож долоохгүй бузар байгаа хэмээн лүг лүг хөхөрнө. Бодвол өөрийнх нь хоёр майтгир тийм цэвэр юм байлгүй.

Өвгөн заримдаа уйтгарт автан хөдөс шиг хөх юм үрчийж сууна. Та нарын энэ унхиагүй, нэг л мэдэхэд нутаг ч үгүй, балга ус ч үгүй хөхийж суух байлгүй. Одоо чинь хүний юм л сайхан харагддаг болсон цаг, хэн, юу нь ч ирээд худаг эзэгнэж, бэлчээр талхлах билээ. Уг нь та нар хол ойрын амьтны аманд аяганы амсар зуулгаж байвал манай Монголд л зүгээрсэн гэж ирээд том том дуугаран бидэнд гоморхох янзтай. Настай хүний араншинг хэн мэдлээ.

-Цаагуур чинь юу болж байна гэж заримдаа биднээс асуух. Төр засгаа анзаарч байгаа нь тэр. Хүн л болсон хойно санаа сэтгэл доноголзох юм байдаг байлгүй.

-Амгалан байх шив дээ гэвэл, ашгүй дээ гэж эс мэдэгчээ болно. Түүнийг нь бодоход хөх өвгөн дан ганц Бөртэ худгийн сахиул биш бололтой. Угаас хүн гэдэг сониуч хойно доо.

Цахирын худгийн хөх дэрс бөхөлзсөн намар орой ойр хавийн уулс уйтгар нөмрөн нэвсийж, хэдэн хүрэн тэмээ ус бараадан уруул дордойлгож холын буурал салхи залгисаар алсыг хараачлан зогсоно. Дэрсэн дундуур нутаг амьтай үглээ болжмор шулганан гүйлдэнэ. Баавай тэнгэртээ буцсаныг би аль эрт сонсон хэсэгтээ харууссан хэдий ч сая л нэг зав чөлөө гарган нутгаа эргэж байгаа минь энэ.

Энд ойр мөд айл амьтан ханаа шийрлээгүй нь илт, манайхны буурь дутуу анисан зовхи шиг бөрлийж цөлх уйтгар намайг нөмөрч авлаа. Индэрт Цахирын ганц морин овоог хоёр бараан шувуу далавч юугаа ч дэвэхгүй чимээгүй эргэх нь "энэ чинь юусан билээ" гэсэн бодлын сүүдэр ухаанд унагана. Уг нь энд таана хэнзлэн сөл үнэртсэн сайхан өег намар болж буй ч цаанаа л нэг юм дутаад байв.

Би нутгийн хүний заншлаар салхи сөрсөн хэдэн тэмээг услах санаатай ховоо эрж дэрсэн дундуур бэдэрлээ. Нүдэнд харагдаж, гарт өртөх юм алга. Үнэг л зөөснөөс зайлахгүй хэмээн муу зальт шарыг дотроо хараана. Оготно, зурам муулахын оронд очиж очиж ховоо чирээд далжиганаж явдаг. Хөөрхий Баавай маань ширэн ховоо малд услууртай гээд л нөхөж цойлдож суудагсан. Орчлон дээр байсан юм байхгүй болж, үлдсэн юм үгүйрэх гэдэг энэ мэтээс ч бол бэлхэнээ харагдана. Шунаг өлсгөлөн амьтанд олз багаддаггүй гэдэг энэ биз ээ.

Цахирын худгийн торгон элсэн дээр малын мөр хөл гишгэх зайгүй сүлжиж байдагсан бол одоо харагдах юм алгыг бодоход Бөртэ их ус аль хэдийнээс, бүр Баавай хөгшинтэй хамт эзэнгүйрсэн нь илт. Ингээд бодохоор энд салхи нь хүртэл эзэнгүйдэж дэрсний саадгаас өөр оролдох юмгүй уйтгартай. Нүцгэн цахир уулс, нүцгэн хөх тэнгэр, явган буурал сэвшээ, эх газрын хүйснээ домог өвөрлөн мэлтэрсэн Бөртэ их ус, аль бүхэн харуусмаар л үлдэж дээ.

Би хүн болон өндийж өлгий задлан, бор гэрийнхээ босго тэгнэж их уулсаа зулай дээрээ залсан намаржаандаа уйтгарлаж суух минь юусан билээ хэмээн өөрийгөө болон өнөөдрөө зэмлэж байлаа. Энэ нутаг хошуу минийх биш, хүнийх юм шиг болж дээ. Гэлээ гээд над мэт мунхагт өтгөсийн ухаан хожуу ирдэг хойно яалтай ч билээ.

Бөртэ үжин дээд тэнгэрээс манийгаа харж байгаа бол аньсага дүүрэн нулимсаа асгаруулан асгаруулан, ахуй сэтгэлээ шаналаан улам улам холдох байсан биз ээ.

Эзэнт гүрний эзэнгүй ард бид биш л юмсан. Ухаан, толгой хоёрын дутах зовлон их аж.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top