Хорь гаруйхан насандаа гавьяат цол хүртэж дэлхийн шилдэг найман балетчины тоонд багтсан Д.Алтанхуяг өдгөө АНУ-ын Бостон хотод амьдарч байгаа. Хаанаас нь ч харсан хүүхдэрхүү, үг дуу цөөнтэй дэлхийн хэмжээний од маань өөрийгөө жинхэнэ од болтол яагаа ч үгүй байна, энэ бүхэн зөвхөн эхлэл хэмээн даруухан ярьдаг. Дэлхийн алдартай тайз түүнийг урьж, "Нью-Иорк таймс" гайхалтай эрч хүч, төгс техник, эрэмгий дайчин төрхөөр нь шагшиж байна. Японы хатан хаан хүндэтгэл үзүүлэн өөрийн биеэр баяр хүргэсэн балетчин Д.Алтанхуяг бол Монголын "школ"-ыг гайхуулагч. Түүний Монголын нэг өдөр сонинд өгсөн эгэл хэрнээ эрч хүч дүүрэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
-Таны нэг өдөр хэр ачаалалтай хичнээн цаг бэлтгэлдээ зардаг вэ?
-Жирийн хүмүүсийг бодвол бага зэргийн ачаалалтай. Өглөө эртхэн босож ажлаа амжуулж, эртхэн харьж амрахыг хичээдэг. Гадуур хөөцөлдөх янз бүрийн ажилгүй бол ерөнхийдөө бүхэл өдрийг сургуулилалтын өрөөнд өнгөрөөх үе бишгүй. Дасгал, сургуулилтаа хэдий чинээ их хийнэ, тэр хэрээр амжилтанд ч, эрүүл мэндэд ч тустай байдаг. Монголд байх хугацаанд тийм ч их цагийг ажилдаа зарцуулж чаддаггүй.
-Та цагийг яс баримталдаг хүн юмаа. Цагаа барьдаггүй зан таныг бухимдуулж орхидог биз?
-Цаг цагтаа юмаа хийчихвэл их амар байдаг. Албан ажилтай хүмүүсийн хувьд цаг баримтлах шаардлагатай байдаг байх. Бидний хувьд дасгал сургуулилттай үед еглөө 10 цагт бэлэн байх ёстой. Мэдээж цагаа хатуу барихыг бодно л доо,
-Залуу гавьяатын их урлагт хөл тавьж байсан түүх бидэнд сонин байна. Сонгодог урлагт хөл тавих нь таны мөрөөдөл байсан уу, эсвэл хэн нэгний нөлөө байв уу?
-Өөрийн хүсэл мөрөөдөл байгаагүй. Тэр үед балет мэргэжлийн түвшинд хөгжсөн боловч нийгмийн массын хэмжээнд хөгжөөгүй байсан. Одоо ч гэсэн жирийн хүмүүс том, том бүжгэн жүжгийн талаар бага мэдлэгтэй байдаг шүү дээ. Гадныхны хувьд уулзсан хүн болгон л сонгодог урлагаа мэдээд байдаггүй боловч суурь мэдлэгээрээ манайхаас харьцангуй илүү. Би тэр үед 10 настай байсан. 10 настай жаахан хүүхэд тэр үед балет гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Аав маань урлагийн хүн учраас аавынхаа санал дэмжлэгээр энэ их урлагт хөл тавьж байсан.
-Хүссэн хүн болгон балетчин болоод байдаггүй. Шалгалтаа анх Ховдод өгсөн үү, эсвэл хотод ирж өгч байв уу?
-Орос, Хятадад маш хатуу нарийн шалгуураар шалгаж авдаг. Ер нь балетад тэнцээд орсон ч гэсэн цаашдаа амжилттай явах эсэх нь тийм ч хялбар асуудал биш. Сонгодог, шилмэл гэдэг утгаараа хүнээс өндөр шалгуур шаарддаг урлаг. Анх хотод ирж Хөгжим бүжигт шалгалт өгч орж байсан юм.
-Багадаа бусад хүүхдүүдээс илүү уян налархай хөдөлгөөнтэй хүүхэд байсан болов уу. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Тэгтлээ айхтар уян налархай ч биш, бусад хүухдуүдийн л адил бага нас маань өнгөрсөн. Зуныхаа амралтаар хөдөө эмээ, өвөө дээрээ хонь мал хариулаад, намар нь аймгийн төв дээр ирж хичээлдээ ордог хүүхэд байсан. Аавын маань авьяас надад өвлөгдсөн гэж боддог.
-Хүнд, хэцүү дасгал сургуулилтаас шантарч бэрхшээж, замын голоос буцахаар үе танд байсан уу?
-Бид сонгодог урлагаар Монголд бэлтгэгдсэн анхны төгсөлт. Урьд нь Москва, Санктпетербург, Ленинград, Украйнд бэлтгэдэг байсан. Хүүхэд байсан болохоор айхтар шантарна гэсэн ойлголт байгаагүй. Хий гэснийг нь хийгээд л явдаг байлаа.
-Та цэл залуугаараа гавьяат авсан балетчин. Таны алдрын эхлэл юу байсан бэ?
-Эхлэл гэвэл сургууль төгсөхөөс хоёр жилийн өмнө анх удаагаа "Цэнхэр нүдэн бүсгүй" бүжгэн жүжгийн гол дүрд тоглож байсан. Тэр үед надад балетын урлагийн талаар маш их зүйлийг ойлгуулж өгсөн Дашлхагва гэдэг хүн энэ урлагаар хэрхэн амжилт гаргаж, дэлхийн тавцанд гарахыг хэлж өгсөн. "Өөрийгөө М о н г о л ы н хэмжээнд битгий авч үзэж бай. Дэлхийн хэмжээнд авч үз. Яагаад гэвэл энэ урлаг чинь ардын язгуур урлаг биш, сонгодог урлаг. Тэр утгаараа дэлхийн бүх улс оронд байдаг, хамрах хүрээ өргөн урлаг" гэж хэлж байсан. Ингэж л анх том сэтгэж чадвал тэр хэрээр амжилт гаргадгийг ойлгосон. Тэр л миний эхлэл байсан юм болов уу. Өөрийгөө 100 хувь гэж хэлж чадахгүй ч, өөрийнхөө хэмжээнд сайн дайчилж, хөдөлмөрлөж чадсан. Тэр хүний хэлснээр явж, бид хоёрын дундаас гарсан зүйл энэ. Дасгал сургуулилт их ч хийсэн. Хүйтэн шалан дээр сургуулилт хийнэ. Шалан дээр ус асгахгүй бол хөл хальтрахгүй, ус асгахаар хөл даарч хоолой өвдөнө. Энэ мэт яривал их зүйл бий. Тэр үед чишка Монголд олддоггүй байлаа. Нэг оймсыг 8 талаас нь урсан гээд бодохоор ямар их сургуулилалт хийдэг байсан нь ойлгомжтой. Тэр дундаас л өөрийгөө дайчилж, тэндээс л миний тодорхой хэмжээний амжилт гаргах эхлэл тавигдсан. Энэ бүхнийг давсан хүн энд тэнд очихоороо юмыг хүлээж авах чадвар өндөр, дасан зохицох чадвар сайтай болчихдог юм билээ. Анх ангийнхаа охинтой олон улсын дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохоор Варна руу явж байсан. Хамгийн бага нь байсан. Очоод нэгдүгээр дүрээсээ хасагдаж байсан л даа. Тэндээ л их зүйлийг сурч, мэргэжлийн хувьд нүд нээгдсэн. Мэргэжлийн бүжигчин гэж ямар байдаг, тэр дундаа чадварлаг нь ямар байдгийг тэр үед л ялгаж сурсан.
-Таныг Монголын балетчин гэхээр гадныхан яаж хүлээж авдаг вэ?
-Урлагийн тайз танайх, манайх гэж ялгадаггүй. Хаана ч очсон миний нэрний өмнө Монгол улс гэсэн тодотгол явдаг. Эхлээд гайхаж хүлээж авдаг. Их сонин л доо, наанадаж Хятадад гэхэд л өөр хүлээж авах жишээтэй.Шанхайд Хятадын шилдэг хоёр бүжигчинтэй хамт тоглолт хийсэн юм. Тэгэхэд Монгол гэдгийг нь бага тусгаад байгаа байхгуй юу. Гэвч Монгол гэж нэр зайлшгүй байх ёстой учраас Монгол гэж байсан. Хүлээн зөвшөөрөгдөх гэж нэг асуудал байдаг. Үүнийг Хятадад маш их мэдэрсэн л дээ. Тэр үед л Монгол гэж нэр маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Энд тэнд явахдаа эх орныхоо нэрийг гаргахдаа их баярлаж бахархдаг.
-Дэлхийн шилдэг найман бүжигчний тоонд та орсон. Энэ жагсаалтад ямар ямар улсууд орсон бэ?
-Шилдэг найм гэдэг маань биднийг тодорхойлсон нэр л дээ. XX зуунд дэлхийд хоёрхон гэж бичигдэж байсан хоёр бүжиг дэглээчийн нэг нь Францын алдарт бүжиг дэглээч Роланд Бетит. Тэр хүний дэглэсэн бүх бүжгийг бүжиглэх болж, тэндээс сонголт хийсэн. Тэгээд Итали, Герман, Испани, Япон, Монголоос нэг хүн, Хятадаас хоёр хүнийг сонгож авсан. Парисын нэгдүгээр зэрэглэлийн Шандо Лис гэдэг алдартай театрт нээлтээ хийж тэндээс эхлээд л Францын хэвлэл мэдээллийн
хэрэгслэлүүдээр дэлхийн шилдэг 8 балетчин Роланд Бетиттэй хамтарч дэлхийг тойрон аялж тоглоно гэж мэдээлсэн. Тэгж дэлхийн шилдэг 8 бүжигчний тоонд орсон гэх юмуу даа.
-Таны арын албыг залгуулдаг гэр бүлээ танилцуулаач?
-Би ямар бизнес хийж хөренгө оруулах биш. Энэ бүхэнд хүрэхэд тусалдаг тоотой хэдэн хүмүүс байдаг. Гэр бүл, аав, ээж хамгийн түрүүнд бичигдэнэ.Тиймээс ханьдаа баярласнаа илэрхийлэлгүй яахав. Намайг шагнаж байгаа ч миний гэр бүлийг давхар шагнасан хэрэг гэж бодож байна. Одоохондоо гэр бүлээ танилцуулаад хэрэггүй байх. Эхлээд ажлаараа хүмүүст өөрийгөө таниулъя гэж бодож байна. Эхнэр маань урлагийг маш сайн мэдэрдэг хүн бий.
-Гадаадаас хамгийн том бэлгийгхүүхдүүддээ авчирна биз?
-Мэдээж гэр бүлийнхэндээ бэлэгтэй ирэлгүй яахав. Гэхдээ тэгтлээ их бэлэг авчраад байдаггүй юмаа. Заримдаа мартчихсан байдаг юм. Богино хугацаанд шахуу цагтай явдаг учраас цаг зав их гардаггүй. Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар бэлэг дурсгалын дэлгүүр орж бэлэг авдаг.
-Та их даруу, үг дуу цөөтэй хүн юм?
-Үг дуу цөөтэй ч биш ээ. Яривал ярина. Ярих юм л цөөхөн байгаа болохоор тэгж санагдаж байгаа байх. Гадынхантай ярилцалгүй яахав. Гэхдээ урлаг чинь хийж бүтээснээрээ ойлголцоно л доо.
-Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
-Маргааш нөгөөдөр гээд өчнөөн цагаа дэмий зүйлд зарах дургүй. Шоудаж болно л доо, гэхдээ ямар ч байсан сайн гэж хэлэхгүй. Хэрвээ хүсвэл чөлөөт цагаа өөр байдлаар өнгөрөөж болно шүү дээ. Миний хувьд чөлөөт цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөнө. Мөн өөрийгөө хөгжүүлэх, өөрт хэрэгтэй зүйл хийж өнгөрөөхийг хичээдэг.
-Балетчин хүний хувьд баримтлах өвөрмөц хэвшил гэж байдаг уу. Хоол хүнсээ тохируулахаас авахуулаад баримтлах дэглэм байна биз?
-Монголд ирэхээр хэцүү. Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр зохицуулдаг л даа. Ганцхан балетчин ч биш, хүн болгонд хамаатай зүйл бол зөв, эрүүл хооллолт. Ялангуяа, залуучууд хоол ундаа зохицуулж идэхгүй бол цагийн жамаар хөгширнө. Зөв хөгшрөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэдгийн хамгийн энгийн зүйл бол хоол хүнсээ зохицуулах.Хоолоо зохицуулж идвэл эрүүл байна, эрүүл байвал амжилт гаргана. Би зөв хооллох ном хайж явсан л даа. Монгол хэл дээр сайн гэсэн ном байгаагүй. Байсан, гэхдээ цөөхөн, нимгэн хуудастай. Би өөрөө ч гэсэн хоол хүнсээ зохицуулах гэж үздэг. Гэхдээ нийгэм маань ямар байгаа билээ, ялгараад, гоц гойд байгаад байх хэцүү. Аль болох зохицуулахыг хичээдэг.
-Жин барих асуудал гол байх?
-Байлгүй яахав. Оройдоо бага мах идэх ёстой. Оройн хоол маш бага иддэг. Манайхан чинь оройн хоолоо л сайн иднэ гэх гээд байдаг. Гадныхан ч сайн иддэг л дээ. Гэхдээ тэдэнд хоолоо шингээх зүйл их. Манайхан тэр талдаа маруухан. Орой бууз идэж болно. Гэхдээ буузны хажууд шингээх байцаа, ногоонууд байхгүй бол мах шингэхгүй. Тэгээд маргааш нь залхуураад эхэлдэг. Мах идэхээр бие их хүндэрдэг. Зарим хүмүүс идсээр байгаад сурчихдаг л даа. Би ч гэсэн тэгж идэж үзэж байсан. Гэхдээ бие хүндрээд, нойр ихдээд ядраад байдаг юм.
-Цүнхээр чинь дүүрэн дэвтэр харагдлаа. Арай оюутан юм биш биз дээ?
-Өө, нэг дэвтэр дээр нэг юм тэмдэглээд, нэгэн дээр нь өөр юм бичээд явсаар ийм болчихгүй юу. Хүн хэрэгтэй зүйлээ байнга суралцаж байх ёстой гэж боддог.
-Та хичнээн хэл мэдэх вэ?
-Бүрэн эзэмшсэн хэл гэвэл мэдээж монгол хэл. Бүрэн эзэмшээгүй 2, 3 хэл байгаа. Японоор ярьчихна, англи хэл бага зэрэг гадарлана.
-Та залуу хүнийхээ хувьд хувцаслалтандаа хэр анхаардаг вэ. Эр хүний хувьд юугаар гангардаг вэ. Цаг, зангиа, сүрчиг гээд чамирхах зүйл эрчүүдэд бишгүй байдаг?
-Мэдээж гадаад үзэмжиндээ анхаардаг. Энгийн амьдрал дээр аль болох чөлөөтэй хувцасладаг. Тэгтлээ их гангараад байдаггүй. Ер нь эр хүмүүс чинь нэг их гангараад байдаггүй биз дээ. Хааяа, хааяа сүрчиг түрхэнэ, ихэнхдээ өөрийнхөө үнэрээр явдаг.
-Танд хобби, мөнгөө харамгүй зардаг зүйл бий юу?
-Хобби юу? Хүнд юм өгөх л их дуртай.
-Бурхан, хувь төөрөгт итгэдэг үү?
-Хүн болгонд л тийм зүйл байдагтай адил цагаан сараар мөрөө гаргачихна. Гэхдээ илүүчлээд байх юм байдаггүй. Тодорхой хэмжээний шүтлэгтэй, муу юм хийхгүйг хичээнэ, хүнд гай болохгүйг бодно. Аль болох сайн санах, уурлахгүй байхыг хичээнэ. Хүн ер нь уурладаггүй амьтан гэж боддог.
-Нууц биш бол таны сарын орлого хэд вэ?
-Гадаадад тоглолт хийхээр гэрээнийхээ дагуу тодорхой хэмжээний мөнгө төгрөг авдаг. Жирийн хүмүүсийн л адил амьдарч байна. Тэгтлээ айхтар гайхуулаад байх юм алга.
-Японы эзэн хааны театрт бүжиглэж байсан. Энэ тухай сонирхуулаач?
-Японы эзэн хааны театраас надад удаан хугацаагаар ажиллах санал тавьсан. Би татгалзсан хариу өгсөн. Тэр үед би яг гавьяат цол авсан үе байсан. Гэхдээ Японд тоглоно, томоохон тоглолтуудад л оролцдог. Хамаагүй саналыг нь хүлээж аваад тоглоод байж болохгүй л дээ. Би залуу хүн, монгол хүн. Өнөөдөр нэр алдарт хүрсэн мэт боловч дэлхийн дэвжээнд гарна, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг тийм ч амар тоглоом биш.
Эх сурвалж: Монголын нэг өдөр сонин
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )