Гоц авьяастан Л.Өнөрчимэг: Мэргэжлийнхээ хувьд би оргилдоо хүрч чадсан, хэн ч энэ зуундаа намайг гүйцэхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

 

Гар хөл, амаараа, бүр усан дотор зураг зуран Монголчуудын амыг ар дээр нь гаргах дөхөж байсан энэ хүнийг “Гоц авьяастан" гэдгээр нь хүмүүс одоо ч андахгүй сайн мэддэг. Сүүлийн жилүүдэд сураг тасраад байсан "Хүний сайхан сэтгэлийн төлөө Өнөрчимэг сан"-ийн дэд тэргүүн Л.Өнөрчимэгтэй манай сурвалжпагч уулзаж ярилцлаа.

-Сүүлийн хэдэн жилд та их нам гүм байлаа. Амьдрал, уран бүтээлд тань их өөрчлөлт гарсан байх?

-Би уран бүтээлээ хийсээр л байгаа. Зургийн урлаг бол дууны урлагтай ч юмуу, зүйрлэхийн аргагүй хүнд урлаг. Олон жилийн турш зурагдсан, уран бүтээлийнхээ хувьд тухайн дуучны дуунаас хамаагүй илүү бүтээл байлаа ч тэр хэдэн сая хүн өөрөө ирж үзэхээс нааш хүнд танигддаггүй "чимээгүй урлаг". Харин дууг хүмүүст хүргэх, хит дуугаараа хүмүүст танигдах гэдэг бол харьцангуй өөр асуудал. Манайд уран зураг дуучдын хэмжээний массд хүрч очоогүй байна. Гэхдээ Монголын уран зургийн түүхэнд зурах чадвар, зураач хүний онцлог, зургийг тайзан дээрээс олон түмэнд нэг агшинд гаргаж үзүүлэх болсон энэ урлагийг анхалж хийсэн, энэ хүнд урлагийг хүмүүст нэлээн ойртуулж өгсөн гэдгээрээ би их бахархаж явдаг. Бас өөрийнхөө мэддэг, чаддагийг хүмүүст хүргэх гэж их ч хичээсэн. 1988-1999 он хүртэлх хугацаанд 53 дугаар сургууль, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, УБДС, гоц авьяастны 93 дугаар дунд сургууль, хөдөө орон нутгууд гээд олон газар дугуйлан, сургалтаа ажиллуулсан. Өөрийнхөө зардлаар маш олон анги танхимыг тохижуулж өгсөн. Энэ бүх сургалтаас шалгарсан хүүхдүүдээ 2000 онд Бээжинд аваачиж хөл, гар, хоёр гараараа зурдаг монгол хүүхдүүдийн авьяасыг таниулсан. Тэгэхэд Хятадын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тухай мэдээлж, явсан хүүхдүүд маань бүгд саятан болж ирж байлаа.

-Таныг нэлээн хүнд өвдсөн гэж дуулсан. Бие сайн уу?

-Хөхний хорт хавдраар өвчилсөн. Хоёр гурван жилийн турш энэ өвчинтэй тэмцлээ. Гурван удаа хагалгаанд, найман сарын турш химийн эмчилгээнд орлоо. Лазерын маш хүнд 25 удаагийн шарлаганд орсон. Бурхан надаар юм хийлгэх гээд үлдээчихсэн юмуу, эсвэл би тийм бие сайтай хүн юмуу. Шинжилгээний хариу үнэхээр гайхамшигтай гарсан. Хорт хавдрын ямар ч эс байхгүй, бүрэн эдгэрсэн гэж. Хонгконг, Монгол гээд олон эмнэлэг, олон газраар явсан. Би өөрийнхөө зуун хувь эдгэх болсон шалтгааныг энэ өвчний тухай ор тас мартаж, сэтгэлээсээ авч хаясанд байгаа болов уу гэж бодсон. Өвчтэй байх хугацаандаа олон ч юм бодлоо, хүмүүсийн ааш араншинг ч мэдэрсэн.

-Хүмүүсийн дунд таныг гадаадад гарчихсан гэдэг яриа байдаг юм билээ. Харин хариулт нь энэ байж?

-Хятадаас надад "Манай сургуульд багшлаач. Докторын зэргээ хамгаалаач" зэрэг санал их ирдэг. Үнэхээр Монголд намайг дэмжихгүй, амьдрал минь болж бүтэхгүй байвал би явна. Гэхдээ гадны зах зээлд их болгоомжтой гарах хэрэгтэй, энэ амьдрал хэрхэн төгсөх бол гэдгийг бодох хэрэгтэй. Хүн хөгшрөхгүй би хөгширнө, тэр үед яаж хандах нь бас сонин ш дээ, ийм болгоомжлолоос болоод би энэ асуудалд их нухацтай хандахыг хичээдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд эх оронч сэтгэл гарган улс орныхоо хөгжлийг хүлээсээр хайран залуу насаа үрчихлээ шүү дээ. Зургийн мэргэжлийн багшийн хувьд, өнөөдрийн энэ ярилцлагыг өгөх болсон өдрийн хувьд миний хийсэн, бүтээсэн зүйлийг гүйцэх зургийн багш байхгүй. Би өрсөлдөгчгүй болсон, намайг гүйцэх ч үгүй. Би мэргэжлийнхээ хувьд үнэхээр оргилдоо хүрч чадсан. Хэн ч энэ зуундаа намайг гүйцэхгүй. Ийм хэмжээнд хүрчихсэн хүн цаашдаа юу хийх вэ гэдэг нь надад сонин биш, манай эх орон, боловсролын систем, сайд, дарга, төрийн удирдлагууд энэ тухай бодох цаг болсон. Би одоо өөр юманд аз туршина. Ер нь аз туршихгүйгээр ашиг орж ирдэггүй юм. Ашиг гэхээр хүн мөнгө бодоод байдаг, үгүй. Намайг эх орон, ард түмэн маань ашиглаж чадвал манай эх оронд хөрөнгө орж ирэх тухай би хэлж байна. Гоц авьяастай хүнийг ашигладаг, хэрэглэдэг, түгээдэг, шагнадаг, хамгаалдаг, хадгалдаг, ургуулдаг байх юм бол улс эх орны хөгжилд их хөрөнгө орж ирдэг. Нөгөөтэйгүүр, би өөрийн мэдлэг авьяасаас гадна хуримтлуулсан туршлага, туулсан зовлон, хийж бүтээснээрээ бусдыг авармаар байна. Амьдрал гэж юу юм, зовлонгоос яаж ангижрах юм, аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох юм гээд олон сэдвээр лекц уншихыг хүсдэг. Зураг бол хэзээ ч хоцрогдохгүй, би насаараа зурна ш дээ. Би лектор болоод хүмүүсийн сэтгэлийг сэргээх, ирээдүйд хүрэх гарцыг нь зааж өгмөөр байна. Би хүмүүсийг аврахын тулд аз туршихыг хүсэж байна.

-Таны энэ хүсэлд тэгээд юу саад болоод байна?

-Би маш өөр мэргэжил, стил имиджээр гарч ирэхийг хүсэж байна. Чадна гэдэгтээ ч итгэж байгаа. Ард түмэн маань намайг аягүй гоё, зураач гэдгээр хүлээж авч байгаа байх. Энд л жаахан бэрхшээл байна. Тоглолтоо хийе, тайзан дээр гаръя гэхээр нэг хүсэл маань намайг хориод байдаг юм. Хорьтойдоо анх яаж гарч ирсэн, яг тэр хэмжээндээ би гарч ирэхийг хүсдэг. Тэр үеийнх шигээ гоё зүс царай, бие галбир, энергитэй гармаар байна ш дээ. Миний зүгээс энэ л дутагдалтай байна. Түүнээс хувцас хэрэглэл гээд бүх юм бэлэн байгаа. Би залуугийнхаа бичлэгийг зөндөө үздэг юм. Үнэхээр би хөөрхөн, гоё хүүхэн байсан юм билээ. Тэрэндээ очиж байж би тайзан дээр гарвал аз жаргалтай байж чадна. Түүнээс биш, би мөнгөний, танигдахын төлөө тайзан дээр гарах гэж байгаа биш. Майкл Жексон шиг арьсаа солиулна уу, ямар нэг байдлаар би өөрийнхөө 20 насанд эргэж очихыг хүсэж байна.

-20 насандаа эргэж очих гэдэг боломжгүй зүйл гэж бодогдохгүй байна уу?

-Үгүй шүү, харин ч миний хөдөлгөөн, эрч хүч энэ тэр улам залуужаад би 18 нас руугаа яваад байгаа ш дээ /инээв/. Зан ааш ч гэсэн хүүхдэрхүү болоод.

-Нэг хэсэг таны зураг өндөр үнэ хүрч, та ямар ч тэрбумтнаас дутахгүй амьдарч байгаагаа ярьдаг байсан. Ер нь таны зураг дээд тал нь хэдээр үнэлэгдэж байсан бэ?

-Миний зураг 1000-68000 ам.доллар хүрч зарагдаж байсан. Хамгийн эхлээд би нэгсая төгрөгөөр долоон буудлын эцсээс Тахилтын ам өгсөх замд хашаа авч байсан. Хов хоосон том хашаа. Тэндээ ганцаархнаа байшин барьсан. Гурван жилийн турш ш дээ. Уг нь зуун айлын барилга барьдаг хүмүүсийг хөлсөлсөн ч гологдоод байхаар нь өөрөө барьсан. Эв дүйгүй, дээр нь хулгайч. Ер нь хүнээр юм хийлгэх хэцүү юм билээ. Энэ байшингаа барьж байхдаа нэг хоноогүй мөртлөө дээвэр, ханыг нь сольдог байсан. Бараг долоо, найман удаа хувирсан. Асар их зардал гарч босгосон байшин ш дээ. Мөнгөө дуусахаар гадаад яваад зургаа зуран мөнгөтэй болчихдог. Манай тэрүүгээр явахдаа энэ байдлыг  маань мөнгөтэй, эсвэл солиотой хүн гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд дараа нь найман өрөө байшин авч бараг алт, эрдэнийн чулуугаар ханыг нь босгож байлаа даа. Монголын бүх шинэ байрны дизайныг нь голдог, бүгдийг нь өөрийнхөө гараар хийдэг байсан. Хэдэн мянган тавилга авсан юм бэ дээ. Эд хөрөнгийн талаарх зүйлд би ёстой сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн 10 жилд хүмүүс дөнгөж гэртэй болох гэж ядаж байхад би гурван удаа босгож, бас нураалаа. Асар хурдтай, бас олон янзаар амьдарч чадаж байна. Үеийн найзаа харахаар 20 жилийн өмнө нэг хашаагаа янзлах гээд л байж байсан, одоо ч хэвээрээ.

-Энэ бүхэн чинь одоо бий юу. Өнөөдөр таны амьдрал ямар түвшинд явна?

-Би авсан үнээсээ хямдхан зарсан. Ихэнхийг нь ах дүү, таньдаг мэддэгхүмүүстээ бэлэглэсэн. Намайг тойрч шавсан олон найзтай байсан ч би өрөөнүүдийнхээ гэрлийг унтраагаад явахдаа аягүй их ганцаарддаг, уйлдаг байсан. Тэгээд ч гоё сайхан амьдрахад хүмүүс их атаархдаг юм билээ. Их мөнгө зарж, ганцаараа босгосон байшингаа ч зарсан. Би менежер эгчийгээ алдаад, миний зургийг борлуулдаг менежерийн маань ээж өөд болоод надад их олон дурсамж үлдээсэн байшин байсан болохоор шууд зарсан. Зүгээр бэлэглэлийн журмаар зарчихсан. Тэгээд 2006 онд "Танайд хоноё" нэвтрүүлэгт   орохдоо би хоёр өрөө байртай байснаа ч зарчихсан. Одоо "Алтан тэвш" хороололд амьдарч байгаа. Бас л олон өрөөтэй.

-Хэд?

-18 өрөө.

-Найман өрөөтэй байранд байхдаа уйлдаг байсан хүнд энэ олон биш үү?

-Зургийн мастер өрөө, зурсан зургаа хадгалдаг, шагналаа тавьдаг, хүүхдийн, аав ээжийн гээд тоо нь яваад өгнө ш дээ. Би байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Ажил төрөл маань ч сайн байгаа.

-Тэр үед та өөрийнхөө хайж явсан хүнийг оллоо гэж байсан. Одоо тэр хүн чинь байхгүй байгаа юмуу?

-Би олохын хувьд олсон. Харин намайг хүн олоогүй. Би эмэгтэй хүн эрэгтэй хүнд хайртай болох дэмий юм гэдгийг ойлгосон. Гэхдээ би ганцаараа байхдаа жаргалтай байдаг. Ганцаардал биш юм лдаа, ганц бие амьдраад байгаа болохоор хүмүүс тэгж ойлгоод байдаг. Яг угтаа бол над шиг аз жаргалтай хүн байхгүй ш дээ. Цагийг өөрийн дураар, өөрийн хүссэнээр хүүхэд насандаа байгаа юм шиг өнгөрөөдөг. Асар эрх дураараа, хэний ч эрхшээлд биш. Маш олон адал явдалтай таардаг, асар олон хүнтэй учирдаг. Энэ болгон үеийнхээ бүх эмэгтэйчүүдээс ялгарах миний давуу тал. Хайр сэтгэл эд хөрөнгө харж орж ирдэг. Ер нь жаахан чинээлэг, баян хүн хайр сэтгэлээ олох хэцүү л юм билээ.

-Ярианы эхэнд та өвчтэй байхдаа хүмүүсийн ааш араншинг танилаа гэж   байсан. Ер нь таны саятан болгосон шавь нар, танаас бэлэг хүртсэн хүмүүс

холбоотой байх юмуу?

-Бээжин лүү авч явсан  найман  хүүхэд бүгд гадаадад амьдарч байгаа. Надтай

холбоотой байдаг юм аа. Хүнээс чинь янз бүрийн л авир гардаг юм билээ. Үйлчлэгч авна аа, хулгай хийнэ. Хэл  ам, хэрүүл тэмцэл гарна. Харин манай ах дүүс надад маш их тус болдог. Би арван хэдэн хүүхэдтэй айлын дундах нь, их ч эрх. Ах дүүс маань намайг зургаа зурах, уран бүтээлээ хийх бүхий л бололцоогоор

хангаж өгдөг.  Би чинь дээд сургууль төгсөөд бас ч гэж хоёр ч оронд мэргэжил дээшлүүлсэн хүн шүү дээ. Тэгэхэд л би гэрийнхнээсээ хамгийн муу боловсролтой  нь. Манайхан их боловсрол өндөртэй хүмүүс.

-Та "Америкийн шүтээн" мэтийн тэмцээнд   оролцоход болох тухай бодож байсан уу?

-Би хүсдэг. Манайхан "Америкийн шүтээн" мэтийн олон тэмцээнийг телевизээр үзэж, шүүгчдийг нь дуурайн шүүгч хүртэл хийж байна. Тэр хөгжилтэй орноос гар хөлөөрөө, усан дотор зурдаг хүн гарч ирэхгүй л байна ш дээ. Тэр шүүгч Саймоны өмнө би гармаар байв ч менежмент их дутагдаж байна. Хорьтойдоо хийж байсан зүйлээ дөч гарчихаад хийх гэхээр нэг л гал дөлгүй болчихсон байгаа байхгүй юу. Би өөрийгөө чамлаж байна. Би нэг юм хэлэхсэн гэж бодож явдаг юм. Монголд авьяастнуудаа дэмжих, туслах бодлого үнэхээр дутмаг санагддаг. Үеийн үед гоц авьяастай, суу билэгтэй хүмүүс нь хэлмэгдсээр ирсэн байхгүй юу. Эхлээд бууддаг, цаазалдаг байлаа. Бас нэг үед нь гавьяа шагналыг нь өгөхгүй архичин тамхичин болгоод, миний үед болохоор андуурч эндүүрэн хуурч мэхлээд хэлмэгдүүлдэг. Үе үеийн энэ гоц авьяастнуудын хэлмэгдэлтийг дахин, дахин бүү гаргаач, надаар дуусгаач гэж хэлмээр санагддаг юм. Төрөөс надад байр амлан түлхүүрээ санжигнуулан харуулж байснаа очоод авах гэсэн чинь горьдоогоод өнгөрсөн. Би үхтэлээ гомдож, уйлсан. Намайг очиход "Өнөрмаад чинь өгсөн, чи Өнөрмөө биш юмуу" гэж байсан. Сонин дээр хүртэл Өнөрмаагийн тухай биччихээд миний зургийг тавьчихдаг. Миний зургийн дор зураач Өнөрмаа гээд биччихдэг. Ер нь би их хэлмэгдсэн дээ. Гал гаргадаг Өнөрмаа гээд ажил ч олддоггүй үе надад байсан. Тийм учраас би тэр олон дугуйланг хувиараа зохион байгуулж хичээллүүлсэн. Тэр цагт надад тэр амлаж байсан байраа өгөөд, төрийн хамгаалалтад аван, гавьяа шагналыг нь өгөн сэтгэлээр дэмжсэн бол би их юм хийх байсан. Би үнэхээр гомддог. Надад маш харамсалтай санагддаг, яагаад гэвэл их цаг алдсан байхгүй юу. Эргээд харахад л би хөгширчихсөн байна ш дээ.

-Та гал гаргадаг Өнөрмаатай танил уу?

-Би тэр хүнийг танихгүй, уулзаж ч үзээгүй. Надад СТА цол өгсөн нь үнэн. Хүмүүс надад хэлдэг байсан л даа. Энэ Соёлын тэргүүн хэдэн мянга л байгаа ш дээ. Бүгд усан дотор зурчихсан юмуу. Зааг ялгаа байх хэрэгтэй юм гэж. Одоо надад ямар ч алдар нэр өгөөд намайг баярлуулж чадахгүй ш дээ. Баярлах ч үгүй. Эрчтэй байхад нь тэр шагнал урамшууллыг нь өгдөг байх хэрэгтэй. Тэр шагнал чинь авахын тулд биш, урам авахын тулд өгдөг эд ш дээ. Төрөөс тодорхой хэмжээгээр харж үзсэн бол би атаа жөтөө, элдвийн юманд хутгалдахгүй байх байсан. Цэвэр улсдаа болон ядарсан хүмүүст хөрөнгө оруулах, туслах байлаа. Алдарт Бетховен өлсөж, сохорч үхсэн нь тухайн нийгэмтэй нь холбоотой. Би гэхдээ тэр зуунд амьдарч байгаа биш шүү дээ. Шал өөр зуунд амьдарч байгаа. Би чинь цул мөнгө юм шүү дээ, ашиглаж чадвал. Манай засаг төр намайг мөнгө болгох, хүн амаа олон болгох, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Хятадын зураач болгон миний урлагаас сурахыг хүсэж байна, миллиард хүнтэй Хятадад би өөрөө нэвтэрч ороод байхад. Өнгөрсөн олимпоор арай гэж найман зураач бүжиг хийж байгаад зурлаа ш дээ. Би Хятадад аквариум дотор зурдаг зураач нь байсан бол Олимпийн нээлтээр гараад л ирэх байсан.

-Таныхаар гоц хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?

-Асар ухаантай төрсөндөө л хүний гоц авьяас байдаг юм билээ. Түүнээс дуулаад, зураад байгаадаа гол нь биш. Тэр ухааныг нь ойлгох, хуваалцах хүнээ хайхад л аймаар их зовлон эдэлдэг. Түүнээс зурж байхдаа зовлон эдлээд байгаа юм байхгүй. Харин эсрэгээрээ баясаж, улам залуужиж, хөгжиж байдаг. Жирийн хүмүүсийн хувьд "Хамтарч ажиллахгүй бол болохгүй нь ээ" ч гэдэг юмуу, нийгмийн дарамтыг сөрж гарахгүй дагаад яваад байдаг. Хэчнээн гоц төрсөн ч, суут байсан ч энэ хэрэглээ гэх жижигхэн юманд боймлуулаад байхаар тэр хүн аажимдаа "жирийн хүн", муугаар хэлэхэд зүгээр л "мах" болж хувирдаг. Хүн яаж амьдарч байгаа нь яг өөртэй нь холбоотой. Хүний хөгжил өөрөөс нь хамаардаг. Монголын бүх одод СD-гээ хийх гэж зовж байдаг, тоглолтоо хийнэ ээ шатчихна. Ийм л хэмжээнд амьдарч байна ш дээ.

-Ингэхэд таны авьяас хаанаас, хэнээс эхтэй вэ?

-Манай аав Урчуудын эвлэлийн хорооны анхны есөн зураачийн нэг. Тэр хүмүүс бүгд ардын цолтой, хөдөлмөрийн баатар болчихоод байхад миний аав ганцаархнаа мартагдчихса н  нь харамсалтай байдаг. Ээж маань олон улсын суудалд насаараа ажилласан мастер тогооч. Манайхан бүгд зурж бичнэ.

-Та нээрээ “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" болсон гэл үү?

-Кекүшенко каратег нууцаар цагдаагийн академид эзэмшиж, багшийн дээдийн Отгон ректорт  “Багш болох гэж байж зодооноор хичээллэлээ" гэж донгодуулан сургуулиас хөөгдөж байсан хүн ш дээ, би. Бие хамгаалах урлагаар хичээллэн талбай дээр гарахад ганцаархнаа эмэгтэй нь байдаг байлаа. Сүүлдээ баригдсан л даа. 1993 онд анхны бүтэн контакттай ушу, каратегийн нэгдсэн тэмцээн болохоор нь оролцох гээд очсон чинь Монголын бие хамгаалах урлагийн анхдагч эмэгтэй гээд бүх зодооны урлагийн багш нар надад ергөмжлөл өгсөн. Цагдаагийн академиэс тодорхойлоод "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" цол тэмдэг өгсөн.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк(202.126.91.171) 2013 оны 03 сарын 16

яг үнэн шүү . энэ хүнийг гүйцэх хүн 20 р зуунд байгаагүй бурхан илгээсэн үнэт илгээмж. хүмүүс нүцгэн хүүхэн харж баясаж тэнэгтдэг бол энэ хүн нүцгэлж од болоогүй хөдөлмөрлөж од болсон хүн . авъяасаараа олсон мөнгийг //ёстой нөгөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү миний дур// гэдэг шиг эдлэнэ ш дээ. битгий атаархаж муу хэлцгээ. та нарт ийм ******ор авъяас заяагаагүй учир атаархаад байгаа юм .

0  |  0
unurchimeg(202.55.191.35) 2013 оны 03 сарын 16

ene emegtei zugeer l engiin heegui yrisan baina.ereed onii ehend uneheer od bolj bsn gsn teged ene neriig belgedej namaig ingej nerlesen gsn.

0  |  0
Top